Монголын сүү боловсруулах салбарын нэн шинэ түүхийг сөхвөл үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоо бүхэлдээ нуран унаж, зах зээлийн шилжилтийн дараа дахин сэргэж буйг харуулах он цагийн хэлхээс болохыг нь олж харж болно. 1990 он хүртэл манай улсын хүнсний болон сүүн заводын үйлдвэрлэл тодорхой хэмжээнд хөгжиж, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ,мэргэжлийн боловсон хүчин бүгд байлаа. Чөлөөт эдийн засаг рүү шилжсэний дараах жилүүдэд сүүний салбар “амьд үлдэх” гэж хичээвч уналтын шатандаа гацсан гэж болно.
Учир нь байргүй, тоног төхөөрөмжгүй, гараар саадаг, тэжээлгүй, зах зээл дээр хямд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй байв. Гэсэн ч цөөн хэдэн ферм өөрсдийн хичээл зүтгэлээр сүүний аж ахуйгаа “амь залгуулж” байсан юм. Энэхүү хөгжлийн гацаа удаан үргэлжлээгүй бөгөөд сүүлийн арваад жилд нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн.
Дэлхийн зах зээл дээр хуурай сүүний үнэ болон импортын өртөг өссөн нь дотоодын шингэн сүүний эрэлтийг нэмэгдүүлэх хөшүүрэг болов.
Эрэлт нэмэгдсэнээр сүүний үйлдвэрлэл жилийн дөрвөн улиралд тасралтгүй явагдах, нийлүүлэлт эргэн сэргэх нөхцөл бүрдэж фермийн аж ахуй “амьд үлдэх” шатнаас “хөгжих” үе шат руугаа шилжсэн юм. Хүмүүсийн дунд сүүний фермийн аж ахуй эрхлэх сонирхол ч сэргэж эхэлсэн. Энэ боломжийг алдалгүй бодит ажил хэрэг болгож чадсан хүний нэг нь “Нүүдэлчин агро ферм”компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс юм.

Тэрбээр хөдөө аж ахуйн кластер фермийг хөгжүүлэх чиглэлд судалгаа шинжилгээ, төсөл боловсруулах, фермийн стандарт, байр саравч, агааржуулалтын шийдэл зэрэг олон ажлыг хийж, салбартаа “мөс хагалсан” эрхэм билээ. Ингээд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай залуучуудтай хамтран “Нүүдэлчин Агро Ферм”-ийг байгуулжээ.
Ж.Баттөгс захирал одоогоос 13 жилийн өмнө буюу 2013 онд Францын сүү, махны хосолмол ашигтай Монбелиард үүлдрийн анхны 150 алаг үнээг Монголдоо онгоцоор авчирч байсан билээ. Дэлхийд алдартай улаан алаг үнээ өнөөдөр Монголын сүүний зах зээлд хэдийнээ байр сууриа эзэлж, 21 аймагт тархсан гэдгийг Ж.Баттөгс захирал онцолж байсан. “Нүүдэлчин Агро Ферм” компанийн бусдаас ялгарах онцлог нь Монголд эрчимжсэн мал аж ахуйн шинэ, орчин үеийн загварыг бодитоор туршиж, нутагшуулж чадсанд оршино. Салбарын олон оролцогч зах зээлийн өөрчлөлтийг дагаж хөдөлсөн бол тэд бүтцийн өөрчлөлтийг урьдчилан харж, шинэ тогтолцооны суурийг тавьж чаджээ. Тэдний хэрэгжүүлж буй хамгийн чухал санаачилга бол сүүний кластер фермийн загвар юм.
Анх 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байгуулсан 10 өрхийн 400 үнээтэй кластер нь хуучин социалист хэв маягийг давтаагүй, харин 15 га талбайд 40 үнээтэй 10 өрхийг кластер байдлаар нэгтгэж, орчин үеийн менежмент бүхий шинэ загвар болж чадсан. Анхны энэхүү кластер фермийн оролцогч 10 өрх аль хэдийнээ банкны зээлээ төлж, өнөөдөр үйл ажиллагаа нь тогтвортой үргэлжлэн тэр хэрээр ашиг, орлоготой болжээ. Энэ туршлага ганц төслөөр зогсоогүй. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаал зэрэг суманд хэрэгжсэн дараагийн төслүүд нь кластер загварыг өргөтгөж, илүү сайжруулан, том хүрээнд нутагшуулах алхам болсон.

Зөвхөн ферм барих бус, санхүүжилт босгох, гадаадаас үүлдрийн үнээ импортлох, сүүг үйлдвэрт нийлүүлэх хүртэлх бүх гинжин хэлхээг холбож өгсөн нь энэ компанийн гол давуу тал юм. Үр дүнд нь жилд сая сая литр сүү нийлүүлэх хүчин чадал бүхий фермийн шинэ загвар, бүтэц Монголд бүрэлдэж буй. Харин “Нүүдэлчин Агро Ферм” компанийн хамт олон салбарынхаа өртгийн гинжин хэлхээг бүхэлд нь харж, тэжээл, тоног төхөөрөмж, сургалт, хүний нөөц, санхүүжилт, технологийг уялдуулсан экосистем бий болгохыг зорьж байна.

Түүнчлэн гадаадаас өндөр үнээр авдаг сүүний фермийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг ч хайж байгаа гэдгийг Ж.Баттөгс захирал хэлсэн. Тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх алхмууд нь ийнхүү импортыг орлох бодит алхам болж байна. Үнэ тогтворжиж, төрөөс дэмжих бодлого сайн байгаа бол нөгөө талаас хүний нөөцийн дутагдал, тэжээл үйлдвэрлэлийн сул хөгжил, логистикийн хүндрэл зэрэг асуудал хэвээр байна. Ялангуяа Улаанбаатар хотын хүн амын сүүний хэрэгцээг хангах нь хамгийн том сорилт болж буй. Улаанбаатарчуудын сүүний хэрэгцээний 10-20 хувийг л дотоодын ферм хангаж байгаа нь хөгжлийн асар их орон зай байгааг илтгэнэ. Ийм нөхцөлд кластерын аж ахуйн хөгжлийн загвар нь гарц болно.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад фермийн аж ахуйг дангаар бус, харин тэжээл-үйлдвэр-логистик-санхүү-сургалт гэсэн кластерын системээр хөгжүүлдэг. Монголд энэ шилжилт дөнгөж эхэлж байгаа бөгөөд үүнийг бодитоор туршиж, нутагшуулж буй цөөн компанийн нэг нь “Нүүдэлчин агро ферм” юм. Тэдний хэрэгжүүлж буй төслүүд зөвхөн эдийн засгийн үр ашиг авчрахаас гадна нийгмийн өөрчлөлтийг ч дагуулж байна. Өрхийн түвшинд 30 үнээтэй фермийг эдийн засгийн хувьд ашигтай загвар гэж тооцоолж, санхүүжилтийн шийдэлтэй уялдуулж буй нь хөдөө аж ахуйн суурин дээр дундаж давхаргыг бий болгох оролдлого юм.
Энэ нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйг үгүйсгэх биш, харин хот суурин газрын тогтвортой хүнсний хангамжийг хангах шинэ тулгуур бий болгож буй хэрэг. Монголын сүүний салбар өнөөдөр сэргэлтийнхээ эхний үе шатанд явж байна. Энэ сэргэлт бол бодлого, зах зээл, бизнес эрхлэгчдийн хамтын үр дүн. Харин энэ үйл явцын урд эгнээнд, хамгийн их эрсдэл үүрч, загвар бүтээж байгаа тоглогч нь “Нүүдэлчин агро ферм” компанийн хамт олон юм. Тэд эрчимжсэн мал аж ахуй Монголд “яаж хөгжиж болох вэ” гэдгийг ярьсан биш, бодитоор хийж, харуулж байгаа нь хамгийн том давуу тал, амжилт юм.




