Компаниа яагаад байгуулах болсон, хэрхэн байгуулсан талаарх түүхээр ярилцлагаа эхэлье?
Энэ салбарт олон асуудал байгаа нь надад ажиглагдсан юм. Тухайлбал, сав баглаа боодлоо өөрсдөө хийгээд, сайжруулаад, маш их хэмжээний мөнгийг дотооддоо авч үлдэх боломж байсан атал гадагшаа урсгаж байгаа нь надад харамсалтай санагдсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулангаа, цалингаас цалингийн хооронд амьдарч байсан хувийн санхүүгийн байдлаа ч шийдвэрлэж болох юм байна гэж бодсоноос компани маань эхлэлтэй. Ингээд 2018 онд компаниа байгуулж, судалгаа явуулаад, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Салбарын бусад компаниас танайх юугаараа ялгарах вэ?
Монголд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани харьцангуй цөөн. Бид хоорондоо өрсөлдөхөөс илүү, олон улсад сав баглаа боодлын технологи хэрхэн хөгжиж байгаа, үүнийг хэрхэн нутагшуулах зэргээр шинэчлэл инновацыг хамтдаа эрэлхийлдэг. Харин манай компани тухайн бүтээгдэхүүнд тохирох өнгө төрхийг харилцагчдаа зөвлөж,мөн технологийн дэвшлийг маш хурдан үйлдвэрлэлдээ нэвтрүүлдэг. Зөвхөн гадаадад хийгддэг байсан сав баглаа боодлын технологийг Монголдоо оруулж ирсэн анхдагч байгууллага нь байж чаддаг.
Хамгийн сүүлд нэвтрүүлсэн технологиосоо сонирхуулахгүй юу?
Сав баглаа боодлыг байгальд ээлтэйгээр үйлдвэрлэх ямар боломж байгааг бид багагүй хугацаанд эрж хайж, судалсны эцэст зорилгоо амжилттай биелүүлээд байна. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийн сав баглаа, уут торыг эко болгоод эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэдээ зориулан бүтээж, байгальд зориулан үйлдвэрлэж байна.
Эко тор гэхээр, даавуун, эсвэл цаасан тороор төсөөлөх нь бий. Танай шинэ бүтээгдэхүүний онцлог юу вэ?
Орчин цагийн бизнесүүд эдийн засгийн үр ашгаас гадна байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг эрэлхийлэх болсон. Манай байгууллага ч энэ чиг хандлагыг дэмжин, эко тор үйлдвэрлэж тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлсээр байна. Манай эко бүтээгдэхүүн хөрсөнд шингэж бордоо болдог, дахин боловсруулах боломжтой гэдгээрээ онцлог. Мөн үйлдвэрлэлийн явцад үүссэн хаягдлын 50 хувийг дахин боловсруулж, ахуйн хэрэглээний хогийн уут, уул уурхай, барилгын салбарт хэрэглэгдэх уут, баглаа боодлыг үйлдвэрлэж байгаа. Энэ нь байгаль орчны ачааллыг бууруулахаас гадна, эдийн засгийн хувьд ч үр ашигтай, хариуцлагатай үйлдвэрлэлийн жишээ гэж бодож байна.
Ташрамд дурдахад, байгальд ээлтэй, ногоон сонголтоор түүчээлэгч Худалдаа хөгжлийн банк (ХХБ) болон бидэнтэй хамтран ажилладаг бусад харилцагч байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний дэмжлэгээр бид илүү тогтвортой, хариуцлагатай ирээдүйг бүтээж байна.
ХХБ манай эко торыг сонгон, ногоон ирээдүйг хамтдаа бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тэд зөвхөн бүтээгдэхүүн худалдан авагч биш бидний тогтвортой үйлдвэрлэл, бизнесийн өсөлтийг дэмжигч, хамтрагч маань. Тэдний олон удаагийн санхүүгийн дэмжлэг, хамтын ажиллагаа нь биднийг үйл ажиллагааг өргөжүүлэх, байгальд ээлтэй олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн.
Эко бүтээгдэхүүн “илүү үнэтэй” байдаг гэх ойлголт нийгэмд байдаг. Танай бүтээгдэхүүний үнэ хэрэглэгчдийн хүлээлттэй хэр нийцдэг вэ?
Эко бүтээгдэхүүн үнэтэй байдаг гэх ойлголт бий. Гэхдээ үнэтэй гэхээс илүү бодит өртөг, чанар, байгальд үзүүлэх нөлөөллийн ач холбогдлыг илүү анхаардаг болсон гэж ойлгох нь зөв болов уу. Манай компани“эко” нэршлээр үнийг хиймлээр өсгөхөөс илүү, хэрэглэгчдэд хүртээмжтэй, тогтвортой үнийн бодлого баримталдаг. Үнийн хувьд чанар, бат бөх байдал, хэрэглээний үр ашигтайгаа уялдсан тэнцвэрийг хадгалахыг зорьдог. Өнөөдрийн хэрэглэгчид зөвхөн хямд үнийг биш, урт хугацаанд илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй сонголтыг илүүд үзэх болсон. Энэ утгаараа манай бүтээгдэхүүний үнэ хэрэглэгчдийн хүлээлттэй нийцэж, зах зээлд итгэлцлийг бий болгодог гэж бид харж байна.
Энэ салбарыг илүү байгальд ээлтэй, илүү тогтвортой хөгжүүлэхэд ямар бодлого, шинэчлэл шаардлагатай байна вэ?
Импортыг орлох үйлдвэрлэл явуулдаг биднийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага байдаг. Үнэнийг хэлэхэд, импортын бүтээгдэхүүнээс бага татвар авч байгаа хэрнээ бидэнд оноож буй татвар өндөр байдаг. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалсан татварын бодлого, дэмжлэг хэрэгтэй.
Мөн түүхий эдээ 100 хувь импортоор авдаг, бэлтгэгдсэн хүний нөөц хомс тул ажилчдаа сургаж авдаг зэргээр тоочвол олон асуудал бий.
Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд гурван чиглэлд бодлогын дэмжлэг чухал гэж боддог. Нэгдүгээрт, эко бүтээгдэхүүний нэгдсэнстандарт, баталгаажуулалтыг сайжруулж, зах зээлийг ил тод болгох. Хоёрдугаарт, эко үйлдвэрлэл эрхлэгчдэд татвар, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж, өртгийг бууруулах. Гуравдугаарт, хэрэглэгчдийн боловсролыг нэмэгдүүлж, зөв хэрэглээний соёлыг төлөвшүүлэх шаардлагатай. Энэ гурван зүйл зэрэг хөгжиж байж салбар тогтвортой өснө.
“Царамтайн арван” компанийн ойрын болон холын зорилгоор ярилцлагаа өндөрлөе?
Байгальд уусаж бордоо болдог технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүр, супермаркетууд болон өргөн хэрэглээнд нэвтрүүлэх нь бидний ойрын зорилго. Мөн сав баглаа боодлын бүх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь бидний тэргүүн зорилго.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 28-29-р нүүр


