Харин өнөөдөр тус компани 35 жилийнхээ ойн босгон дээр ажил үйлс нь өөдрөг, өсөлт, амжилтаар дүүрэн байна. Анх 1990 онд “Чиглэл” хоршоо нэртэйгээр дөрвөн ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө гурван үйлдвэр, зургаан салбар дэлгүүр, 180 гаруй ажилтантай, хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, засвар үйлчилгээний цогц шийдлийг монголчууддаа үзүүлдэг аж ахуйн нэгж болон өсөж дэвжээ.
Мөн ОХУ, БНХАУ-аас хүнс, хоол үйлдвэрлэлийн 2000 орчим нэр төрлийн тоног төхөөрөмж, 10000 гаруй нэр төрлийн гал тогоо, тогоочийн туслах багаж хэрэгслийг оруулж ирэн борлуулж байна. Харин Монголдоо 40 нэр төрлийн 230 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. ...Ц.Бумцэнд гуайн ажлын өрөөнөөс монгол ахуй “үнэртэж” байлаа. Сүүтэй цай аягалан уунгаа бид хоёрын яриа өрнөв. Түүний амьдралын түүхийг өгүүлсэн бага наснаас эхлээд Аж үйлдвэрийн гавьяат ажилтны цол тэмдэг авсан зургууд өрөөний хананд өлгөөтэй байв.

“Чиглэл” компани 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд найман хувийн хүүтэй, 2.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч үйлдвэрлэл, тоног төхөөрөмжөө сайжруулаад одоо эргэн төлөөд дуусаж байгаа гэнэ.
Монголчууд зохих дэмжлэг нь байвал юуг ч хийж бүтээж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, хариуцлагатайгаар эргүүлэн төлж чаддаг гэдгийг “Чиглэл” компани ийн харуулж байна. Эрүүл хүн, эрүүл сав Тэд одоо хуванцар савыг орлох ундны усны зэвэрдэггүй ган савыг дотооддоо үйлдвэрлэж байна. Ц.Бумцэнд захирал олон жил бодож, төлөвлөсөн ган савны үйлдвэрлэлээ ийн хэрэгжүүлж байгаа юм. Тэрбээр “Бид ямар саванд хүнсний бүтээгдэхүүн хадгалж, хэрэглэж байгаагаа мэддэггүй. Үүнд, мэргэжлийн лаборатори, төрийн байгууллагууд анхаарал тавьдаггүй. Сүү, цагаан идээ боловсруулах сав, гэр хорооллын айл өрхийн ундны усны савыг аюулгүй саваар солих хүсэл зорилгоор жижиг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Олон удаа бодсон, дуншсан, харамссан.
Эрүүл мэндийн бүхий л байгууллага хуванцар савны хор хөнөөлийг тоо баримттай нь судлаад гаргачихсан. Гэсэн хэдий ч хэрэгжүүлэх гэхээр хойшоо суучихдаг. Манайх 10 гаруй нэр төрлийн ган сав үйлдвэрлээд хоёр жил орчим болж байна. Нэр төрөл нь ч нэмэгдсэн. Гэсэн ч худалдан авалт муу. Энэ бол ард түмний ядууралтай холбоотой. Үнэтэй байна гэдэг. Хоолоо яая гэж байж юун ган сав. Бид үнэндээ бараг нэр төрийн үүднээс ган савнууд хийж байгаа” хэмээн ярилаа. Эрүүл сав үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хөрөнгө оруулах, ард иргэдийн худалдан авалтад дэмжлэг үзүүлэх бодлого баримтлах нь чухал юм. Монгол хүний эрүүл мэндийн төлөө төрийн бус байгууллага, банк, олон нийтийн байгууллага, ард иргэд гээд бүх тал нийлж байж хуванцар саваас татгалзах, эрүүл сав хэрэглэх соёлд суралцах хэрэгтэй.
Энэ талаар Ц.Бумцэнд захирал “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхлээд бүхий л судалгааны байгууллагууд монголчууд хорт хавдраар дэлхийд дээгүүр байр эзэлж байгааг тоо баримттай нь судлаад гаргаад ирчихсэн.
Тиймээс ядаж л хоол хүнснийхээ савыг эрүүл саваар солих хэрэгтэй. Эрүүл сав хэрэглэж байгаа хүнд нь хөнгөлөлттэй зээл олгох эх оронч банк гарч ирээсэй гэж би боддог. Монгол хүний эрүүл мэндэд ээлтэй эко савыг үйлдвэрлэж байгаа нөхцөл байдлыг төрөөс дэмжиж борлуулалтаар нь хангаж болно шүү дээ. Ядаж л Өмнөговь аймгийн нэг сумыг хуванцар савгүй болгоё, нэг дүүргийг хуванцар савгүй болгоё гэсэн уриалгыг гаргаж, бүх талаасаа дэмжих хэрэгтэй” гэсэн юм. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол нэг л өдөр хил хаагдахад өмсөх хувцас, идэх хоолгүй болно гэдгийг цар тахлын үеэр монголчууд бүгд ойлгосон. Энэ цагаас “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан хэрэгжүүлсний дотор сав, баглаа боодлын салбарт томоохон дэмжлэг очсон юм.
Энэ талаар тэрбээр “Ерөнхийлөгч манай үйлдвэрээр зочилсонд баяртай байдаг. Энэ хөтөлбөр бидэнд ач тусаа өгсөн. Хүнсний салбарын үйлдвэрлэгчид тус зээлийг аваад үйлдвэрлэлээ хөгжүүлж, ажлын байраа нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанарыг сайжруулсан. Дээрээс нь жижиг, дунд үйлдвэрүүд бие биенээ дэмжиж кластераар хөгжиж байна. Нэг жишээ хэлэхэд, “Өгөөмж Архад” компани гаднаас маш үнэтэй авах байсан уурын тоног төхөөрөмжөө манайхаар хийлгэсэн. Бидэнд итгэсэн. Бид ч итгэлийг нь алдахгүй чанартай хийж өгсөн. Манай компанийн хамгийн том ажил тэр байсан. Би Н.Энхжаргал захирал дээр очоод талархлаа ч илэрхийлсэн. Бидэнд хамтдаа хөгжих нөөц бололцоо бүрэн байна” хэмээн онцлон ярив.
Мөн тэрбээр “Монгол Улсад оюуны өмчийн үнэ цэн байхгүй. Зохион бүтээсэн шинэ бүтээлээ үйлдвэрлэж, борлуулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа олон зохион бүтээгч бий. Н.Учрал сайд нэг зөв үг хэлсэн. Өнөөдөр эрх баригч намын тэргүүн боллоо. Үүнийг заавал хэрэгжүүлэх байх гэж бодож байна. “Улс эх орноо хөгжүүлэх зүрх нь шинжлэх ухааны бүтээл юм. Хөдөлгөх хүч мотор нь оюуны өмч буюу инновацын бүтээгдэхүүнийг дэмжих юм” гэж гайхамшигтай үг хэлсэн. Энэ үг нь биеллээ олоосой” гэдгийг онцолж бичээрэй” гэж биднээс хүссэн юм. Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй, бизнесээ эхлүүлэх гээд зүтгэж буй олон мянган жижиг, дунд үйлдвэрлэгч бий. Тэд олон саад давааг туулан тууштай, мятрашгүй зүтгэсээр л байна. Тэдний нэг бол “Чиглэл” компани юм.


Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 32-33-р нүүр


