Тэд уламжлалт болон орчин үеийн технологийг хослуулж, бүтээгдэхүүний нэр төрлөө тогтмол нэмэгдүүлэн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлсээр байгаа юм. Монгол мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох, олон улсын зах зээлд өрсөлдөх үндэстэн дамнасан корпораци болох зорилготой тус компани 2017 оноос “Экспортын үйлдвэр”-ийн гурван үе шаттай төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн эхний шатанд хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулав. Тус үйлдвэр өдөрт 35-40 тонн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 500 тоннын хөргөлтийн зоорь, агуулахтай юм. “Экспортын үйлдвэр” нь одоогоор 70 гаруй нэр төрлийн чанамал, хагас утлагат, давхар утлагат хиам, элэгний нухаш, зайдас, утсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Харин “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд хоёр ч шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийт гурван үйлдвэрээс бүрдсэн экспортын цогцолбор байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Тодруулбал, тус хөдөлгөөний хүрээнд арилжааны банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, нөөшилсөн бүтээгдэхүүн болон анхан шатны мах боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад байгаа юм. Улмаар үйлдвэрлэлийн хүчин чадал болон хөргөлттэй зоорийн багтаамжаа тус бүр хоёр дахин, үйлдвэрийн талбайгаа гурав дахин нэмэгдүүлжээ.
2018 оноос гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хоёр төрлийн бүтээгдэхүүнийг БНСУ- ын зах зээлд нийлүүлж байсан бол өдгөө 20 төрөл болгон нэмэгдүүлжээ.
Мөн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлт эдэлж, 2025 онд 2024 оны хөнгөлөлт болох 44.7 сая төгрөгийн буцаан олголт авсан бол ирэх 2026 онд 133 сая төгрөгийг буцаан авахаар болжээ. “Очирдагинас" компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин “Энэ жил манай компанийн 20 жилийн ой тохиож байна. Бид 2017 оноос экспортын үйлдвэрлэлийн төслөө хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд олон улсын стандарттай байх ёстой гэдэг зорилго тавьж, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрээ 2018 онд ашиглалтад оруулсан. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд явуулсан бодлого нүдээ олсон гэж боддог.
Манайх нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэртээ гурван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан бол анхан шатны мах боловсруулах үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор 4.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Бусад санхүүжилтийг өөрсдөө хийсэн. Манай улс хүнс үйлдвэрлэгч орон байх зорилго тавьсан. Энэ зорилго биеллээ олж байгаа гэж хэлмээр байна. Бид гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг, дэлхийн хамгийн том мах, махан бүтээгдэхүүний IFFA үзэсгэлэнд оролцдог. 2025 оны тавдугаар сарын 3-8-ны хооронд Германы Франкфурт хотод болсон уг үзэсгэлэнд 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцоод есөн алт, нэг хүрэл медальтай ирсэн. Энэхүү арга хэмжээнд дэлхийн бүх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд оролцдог. Энэ амжилтаараа бид Монголын мах, махан бүтээгдэхүүн дэлхийд зөвшөөрөгдсөн гэдгийг баталсан” хэмээн ярилаа.

Экспортод хувь нэмэр оруулах үйлдвэрүүд
2021-2023 онд “Экспортын үйлдвэр”-ийн төслийн хоёр дахь шат буюу “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрийн” төслийг хэрэгжүүлж, 2023 оны зургаадугаар сард нээлтээ хийжээ. Уг үйлдвэр нь Монгол Улсад анх удаа нөөшилсөн буюу консервлосон махан бүтээгдэхүүнд зориулагдсан гэдгээрээ онцлог юм. Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр нь сард 100 тонн консерв, 20-30 тонн бусад нөөшилсөн бүтээгдэхүүн, 20 тонн хатаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 300 тоннын хөргөлтийн зоорь, агуулахтай юм байна. Харин 2024-2025 онд “Экспортын үйлдвэр”-ийн төслийн гурав дахь шат буюу “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр болон үйлдвэрийн өргөтгөлийн төсөл”-ийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулжээ.
Уг үйлдвэр нь өдөрт 20 тонн гулууз мах шулж ангилан үйлдвэрийн болон хүнсний хэрэглээнд зориулсан мах үйлдвэрлэх хүчин чадалтай, 1000 тоннын хөргөлтийн зоорьтой юм.
Төслийн гурав дахь үйлдвэр ашиглалтад орсноор Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр, Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд болох махыг өөрсдөө чанарын өндөр түвшинд бэлтгэж, бүтээгдэхүүнээ шууд экспортод гаргахын зэрэгцээ нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан мах үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой бүрджээ. Одоогоор “Очирдагинас" компани “Амин нутаг”, “Одтой аянчин”, “Салями”, “Венская Салями”, “Бяслагт”, “Одтой аялал” зэрэг утлагат хиам үйлдвэрлэдэг. Түүнчлэн “Мангас зайдас” (үхрийн махтай), Hurka цусан зайдас, Bratwurst зэрэг зайдас, элэгний нухаш, “Баярын зоог”, “Баярын зочин”, “UB царцмаг”, “Улаанбаатар бяслагт”, “Баярын зууш”, “Одод”, 10-60 зэрэг чанамал хиамыг хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм.
Герман, Австрийн тэргүүлэгч мэргэжилтнүүд “Очирдагинас”-т ажилладаг
“Очирдагинас”-ынхан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ сайжруулж, орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхийн тулд гадаадаас “жинхэнэ” хиамны мэргэжилтнүүдийг урьж авчран туршлага судалдаг. Тухайлбал, Германы Eberhardt компани, Европт тэргүүлэгч RAPS компани, Zaltech компанийн технологичид үйлдвэрт нь хүрэлцэн ирж, шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр хамтран ажилладаг байна. 2026 он гарснаас хойш Герман, Австрийн шилдэг компаниудаас дөрвөн мэргэжилтэн иржээ. Eberhardt компанийн хувьд хүнсний технологи, тэр дундаа махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, амтлагч, ноу-хаугаараа дэлхийд тэргүүлдэг Герман улсын томоохон төлөөлөгчдийн нэг. Харин 100 жилийн түүхтэй, амтны шийдлээр Европт тэргүүлэгч RAPS компанитай “Очирдагинас” ХХК олон жил хамтран ажиллаж, шилдэг туршлагаас нь судалж буй юм.




Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаараас нийтлэв.


