Цагаан халат, малгай өмсөж, сансрын хөлөг мэт бие ариутгагчаар “нэвтэрсний” дараа үйлдвэртэй нь танилцах “эрх”-тэй боллоо. Тус компанийн шоколад үйлдвэрлэгч төхөөрөмжүүд хоногт 2.5 тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай бөгөөд 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэдэг байна.
Биднийг очиход үйлдвэрийн ихэнх ажилтан ээлжийн амралтаа авсан байж таарсан юм. Учир нь аялал жуулчлалын улирлаар “Голден Говь” шоколадны борлуулалт эрс нэмэгддэг тул түүнд бэлтгэх үүднээс ажилтнуудаа ийн түр амрааж байгаа аж. “Голден Говь” шоколадны үйлдвэрийн дарга Бельги хүн бөгөөд тус үйлдвэрт 20 гаруй жил ажиллажээ. Шоколад хийх их нарийн ажил бололтой. Тусгай градуст тааруулж хадгалахаас эхлээд хэрэглэгчдийн гарт очтол нялх хүүхэд бөөцийлж буй мэт их л хайрлаж, хамгаалдаг гэнэ. Тус үйлдвэр удахгүй “Гэрэгэ” шоколад, зайрмаг, бялуу гаргахаар туршилт, судалгаа хийж байгаа аж.

“Есөн Од” компани 1991 онд анх хоршоо хэлбэрээр байгуулагдаж, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байв. Тэр дундаа барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэн явуулж байжээ. Харин 2004 онд Бельги улсын тоног төхөөрөмж болон ноу-хауг Монгол Улсдаа нэвтрүүлэн шоколад үйлдвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тодруулбал, “Есөн Од” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Есөн Од Фүүд интернэшнл” ХХК-ийг байгуулж “Голден Говь” брэндийн шоколадыг зах зээлд нийлүүлж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, шоколад үйлдвэрлэлээр Монгол Улсдаа анхдагч болж, 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Энэ талаар “Есөн Од” компанийн захирал Б.Ганбаяр “Манай бүтээгдэхүүн энэ он жилүүдэд бага багаар сайжирч, амт чанараа нэмэгдүүлсээр ирсэн. Туршлага ч хуримтлуулж байна.
Юуг юутай холихоор ямар амт гарах вэ гэсэн судалгааг байнга хийдэг. Цаашид улам бүр сайжрахын тулд бидэнд хийх зүйл их бий. Манай үйлдвэр анх иргэд буюу масс руу чиглэсэн бүтээгдэхүүн гаргах гээд учраа сайн олоогүй. Ингээд жуулчдыг зорилтот зах зээлээ болгохоор шийдсэн юм. Учир нь Монголд ирсэн жуулчдын хувьд эндээс авдаг бараа цөөхөн байдаг. Тэрхүү орон зай руу оръё гээд ихэнх бүтээгдэхүүний хөгжүүлэлтээ гадаадын жуулчид руу чиглүүлсэн.
Уг нь шоколадны борлуулалтын уламжлалт улирал нь зун биш, харин есөөс тавдугаар сарууд байдаг. Харин манайх эсрэгээрээ өвөл, зунгүй бүтээгдэхүүнээ гаргадаг. Зун жуулчид их ирдэг учраас бүх улиралд борлуулалт хийгддэг. Шоколад боловсруулдаг цех маань Европ технологийн дагуу сард 60 тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Гэхдээ улирлаасаа хамаараад үйлдвэрлэлийн хэмжээ ялгаатай байдаг” хэмээсэн юм.

Тус компани ОХУ, БНХАУ, Япон руу бүтээгдэхүүнээ экспортлодог бөгөөд Монголдоо цорын ганц шоколадны үйлдвэр гэж хэлэхэд болно. Харин Монголын зах зээлийн 10 хувийг “Голден Говь”-ийн бүтээгдэхүүнүүд эзэлж байна. Гаднаас маш олон төрлийн шоколад Монголын зах зээл дээр орж ирдэг. Тэдэнтэй өрсөлдөж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олохын тулд амт чанар, өнгө үзэмжээ сайжруулсаар ирсэн “Голден Говь” шоколадны үйлдвэрийн хамт олонд талархахгүй байхын аргагүй юм.
Тэд Монгол үндэсний хэв маягийг тодотгосон гэр хэлбэрийн хайрцагтай шоколадыг жуулчдад зориулан борлуулахаас гадна монгол ахуй, соёлыг агуулсан уран зургийг хүртэл зуруулж бүтээгдэхүүндээ шингээдэг байна.
Үүнийх нь үр дүнд “Голден Говь” шоколадны гол худалдан авагчид нь жуулчид болжээ. “Есөн Од Фүүд интернэшнл” ХХК “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрээ өргөтгөжээ. Энэ талаар Б.Ганбаяр захирал “Энэ зээл бидэнд их хэрэг болсон. Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, өдөрт 600 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол 2.5 тонн болсон. Ерөнхийлөгч манай үйлдвэр дээр анх ирснээс хойш өргөжиж, их өөр болсон. Тийм учраас Ерөнхийлөгчийг үйлдвэр дээрээ дахин урих санаа байна. Манай үүсгэн байгуулагч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5000 орчим мод тарьсан.

Налайхад жуулчдад зориулсан төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм. Энэ хүрээндээ ногоон төгөл бий болгохоор зорьж байгаа” хэмээсэн юм. Тус компанийн ирээдүйн зорилго бол орчин үеийн техник, технологийн шинэчлэлийг тогтмол нэвтрүүлэх замаар тогтвортой үйл ажиллагаа явуулан хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлан Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах явдал аж. Цаашлаад дотоодынхоо зах зээлийн 50 хувийг хангаад зогсохгүй найдвартай, чанартай, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсад Монгол Улсын нүүр царай болох брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр зорьж байна.


Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 24-25-р нүүр


