Хорин дөрвөн жил үйл ажиллагаа явуулж байгаа “Номин Юнити ББСБ” ХХК салбарын гол тоглогчдын нэг болж, үйл ажиллагааны чанар, найдвартай байдлаараа харилцагчдадаа танигдсан. Танай хамт олон чанарыг юу гэж тодорхойлж байна вэ?

Санхүүгийн бизнест чанарыг өөрөөр тодорхойлдог. ББСБ-ууд нь улсын санхүүжилтэд хамрагдаж чадаагүй, арилжааны банкны шаардлага хангаагүй хүмүүст боломж олгодог онцлогтой байгууллага юм. Үүнд үндэслээд хамгийн эрүүл санхүүгийн бүтээгдэхүүн санал болгож, үйлчлүүлэгчдийн үнэлгээг авч чадаж байгаа нь бидний чанар гэж бодож байна.

Мөн хэрэглэгчдээ бодсон, тэдэнд ээлтэй, боломж болон давуу тал олгосон үйлчилгээг 24 жилийн турш үзүүлж ирсэн нь манай бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг харуулж байгаа гэж бодож байна. Энэхүү хичээл зүтгэлийн үр дүнд нийт активын хэмжээгээр салбарын 592 байгууллагаас топ 30-д багтаж, 11-12 мянган идэвхтэй харилцагчтай болжээ. Тус зах зээл дэх 8-9 их наяд төгрөгийн активын 80-90 хувийг топ 30 байгууллага бүрдүүлдэг. “Номин Юнити”-гийн хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд зээлийн багцыг тав дахин нэмэгдүүлсэн байна. 

Та салбарын өнөөгийн хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?

Банк бус санхүүгийн салбарын зах зээл сүүлийн таван жилд маш хурдацтай өсөж байна. Гэхдээ энэ жил бидний таамагласанчлан банк бусын зах зээл бууралттай байсан нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол Банкнаас бодлогын тодорхой өөрчлөлт хийж эхэлсэнтэй холбоотой. Тухайлбал суудлын автомашин барьцаалсан болон автомашин худалдан авах зориулалттай хэрэглээний зээлийн хувьд зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх, мөн үйлчилгээ үзүүлэгч нь эх үүсвэрээ банкнаас бус өөрийн хөрөнгөөр бүрдүүлэх зэрэг шаардлагыг тавьсан. 

Энэ шалтгаанаар сүүлийн нэг жилд салбарын өсөлтийн хурд саарч, 2025 оны IV улирлын өсөлт 20 гаруй хувь байлаа.

Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулбал өсөлтийн хувь огцом өөрчлөгдөж буйг илтгэж байгаа бөгөөд цаашид чанар, стандартыг сайжруулснаар санхүүгийн үйлчилгээг бодит утгаар нь үзүүлдэг байгууллагууд үлдэж, активын хэмжээ бага, өндөр хүүгээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хязгаарлагдах, улмаар зах зээлд илүү мэргэжлийн тоглогчид үлдэнэ гэж харж байна.

Дүрэм журамд орсон өөрчлөлтийг та бүхэн хэр зөв зүйтэй гэж харж байна?

2025 оны III сараас хойш хэрэгжиж буй журмын өөрчлөлтийг зөв гэж харж байна. Энэ бол зээлдэгчдийн зээлийн хүүг багасгах, төлбөр орлогын харьцааг зохистой түвшинд байлгах гэсэн бодлого. Мөн дотоодын арилжааны банкуудаас эх үүсвэр татан төвлөрүүлэхээ больсон нь нөгөө талдаа ББСБ-ууд гадаадын хөрөнгө оруулалт татах, тэдгээрийн шаардлагыг хангах сорилтуудтай нүүр тулж байна.

Тэгвэл “Номин Юнити” ББСБ нь эх үүсвэрээ хаанаас бүрдүүлж байгаа вэ?

Банк бус санхүүгийн байгууллагуудад СЗХ-ноос зөвшөөрсөн эх үүсвэр татах олон боломж байдаг. Итгэлцэл буюу хадгаламж, нээлттэй болон хаалттай бондууд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, дээр дурдсан гадны хөнгөлөлттэй зээл гэх мэт. “Номин Юнити” ББСБ-ын хувьд харилцагчдаас татан төвлөрүүлсэн итгэлцэл нь эх үүсвэрийн дийлэх хувийг бүрдүүлж байна. 

Танай байгууллагын тухайд чанаргүй зээлийн үлдэгдэл ямар байгаа вэ?

Цахим зээлд эзлэх ББСБ-уудын чанаргүй зээлийн хувь харьцангуй ижил түвшинд байна. “Номин Юнити” ББСБ-ын хувьд барьцаат зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь зах зээлийн дунджаас 3-4 хувиар бага байна. 

ББСБ-ууд зээлээ цахим хэлбэрт эрчимтэй шилжүүлсэн. Энэ талаар таны бодол?

Бид хэрэглэгчийн цаг завыг хэмнэх зорилгоор уламжлалт зээлийн материалыг цахимаар хүлээн авч, урьдчилсан байдлаар судлан, шаардлага хангасан тохиолдолд зөвхөн биечлэн ирж зээлээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Цахим зээлийн скорингийн систем одоогоор бүрэн боловсронгуй болоогүй байгаа тул энэ төрлийн зээлийг их хэмжээгээр олгох нь өндөр эрсдэл дагуулах нөхцөлтэй байна.

Мөн ийм төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд бидний тооцоолсноор цахим зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 15 хувиас хэтрэхгүй байх нь зохистой гэж үзэж байна.

Банкаар хангагдахгүй хэрэгцээг банк бус нөхөж ажиллаж байна. Энэ нь хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой юу?

Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааг манай компани жил бүр тогтмол хийдэг. Судалгааны үр дүнгээс харахад өмнөх үетэй харьцуулахад хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэг, ойлголт болон ББСБ-д итгэх итгэл мэдэгдэхүйц сайжирсан байна. Тухайлбал хэрэглэгчид ББСБ-ын зээлийг шуурхай санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэхэд ашиглаж, харин урт хугацааны өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудыг банкаар дамжуулан авах нь илүү тохиромжтой гэдэг ойлголттой болж эхэлж байна.

Энэ бүхэн нөгөө талаас ББСБ-уудыг ёс зүйтэй ажиллахыг шаардаж байх шиг?

Тийм, тодруулбал бичиг баримтын зөрчилгүй ч тодорхой, тогтвортой орлогогүй харилцагчдад зээл олгож буй тохиолдол байна. Энэ нь харилцагчийн бодит төлбөрийн чадварыг хангалттай үнэлээгүй, өрийн дарамт үүсгэх эрсдэлтэй буруу жишиг гэж үзэж байна. Хэдийгээр дүрмийн санг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалт хэрэгжиж эхэлсэн ч салбарт шинээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын тоо өссөөр байгаа нь ижил төрлийн эрсдэл, зохисгүй практик үүсэх нөхцөл болж байна. Тухайлбал, 2025-2026 оны хооронд шинээр нээгдэж буй ББСБ- ын өсөлт ойролцоогоор долоон хувьтай байна.

Үүний эсрэгээр салбарын тогтвортой хөгжилд чиглэсэн, харилцагчийн санхүүгийн сахилга бат болон бодит төлбөрийн чадварыг зөв үнэлдэг эрүүл экосистемийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна. “Номин Юнити” ББСБ ч зээлийн тоон өсөлтөөс илүү чанартай багц, урт хугацааны харилцааг эрхэмлэдэг. Иймээс төлбөрийн хүндрэл үүссэн харилцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаас илүү, нөхцөл байдалд нь нийцүүлэн төлбөрийн хуваарь, эргэн төлөлтийн нөхцөлийг уян хатан тохируулж, харилцан зөвшилцсөн шийдлээр хамтран ажиллахыг чухалчилдаг. Үүний үр дүн нь манай давтан зээлдэгчдийн тогтвортой өсөлт, харилцагчдын урт хугацааны итгэлцлээс тодорхой харагддаг.


"Mongolian Economy" сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 10-11-р нүүр