онголын барилгын салбарын түүхийг сөхөхөд 1926 он онцгой байр суурь эзэлнэ. Тухайн онд Монголын хувь нийлүүлсэн барилгын хоршоо, дараа нь Аж ахуйн яамны дэргэд Барилгын хэлтэс байгуулагдсанаар барилгын ажлыг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх эхлэл тавигдсан байна. Энэ үеэс барилга угсралт, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь бүрджээ.

Хөгжлийн эхэн үеийн олон сорилт бэрхшээлийг туулж, туршлагажсан барилгын салбар нэн ялангуяа 1960-1980 онд техник, технологийн хувьд шинэ шатанд гарсан байдаг. Учир нь энэ он жилүүдэд хотжилт эрчимжиж, орон сууцны хороолол, үйлдвэр, нийгмийн үйлчилгээний барилгууд олноор баригдсан юм.

Харин 1990-ээд он барилгын салбарт өөр өөрчлөлтийг авчирсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төрд төвлөрч байсан барилгын салбарт хувийн хэвшил давамгайлж, зураг төсөл, барилга угсралт, материал үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн бизнесийн шинэ тогтолцоо бий болов. Салбарын цар хүрээг өнөөдрийн тоон үзүүлэлтээс харж болно.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2023 онд 7.98 их наяд төгрөг, 2024 онд 9.15 их наяд төгрөгт хүрсэн бол 2025 онд 11.71 их наяд төгрөг болсон байна.

Энэ өсөлтийн цаана зөвхөн орон сууцны барилга бус, инженерийн дэд бүтэц, үйлдвэр, агуулах, худалдаа үйлчилгээний барилга зэрэг олон төрлийн бүтээн байгуулалт бий.

Тухайлбал, 2024 оны эхний есөн сарын байдлаар барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 6.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өссөн байна. Үүний 93.2 хувийг дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоо өндөр байгааг харуулна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ахиц гарч, сүүлийн жилүүдэд ашиглалтад орж буй бүтээн байгуулалтын тоо, цар хүрээ тогтвортой нэмэгдэж байна.

Тухайлбал, 2021 онд улсын хэмжээнд 17.5 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2025 онд энэ тоо 25.8 мянгад хүрч, 47 хувиар өссөн.

Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн тогтолцоонд 132 мянга гаруй өрх хамрагдаж, орон сууцны санхүүжилтийн багц 11.5 их наяд төгрөгт хүрлээ. Монгол Улс барилгын материалын гол нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 67 хувийг эх орондоо үйлдвэрлэдэг боллоо. Цаашид барилгын материалын нэр төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжин, дотоодын хэрэгцээгээ чанартай бүтээгдэхүүнээр хангахын төлөө ажиллана” хэмээн онцолсон байна.

Гэхдээ барилгын салбарын өнөөгийн дүр төрхийг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй. Нэгэн үеийн тоосго, цемент, төмөр хийцийн үйлдвэрлэлээс өнөөдөр барилга нь архитектур, инженерчлэл, мэдээллийн технологи, санхүүжилт, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүчний хэмнэлт зэрэг олон салбарыг холбосон асар том айл болжээ.

Үүнийг сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй бүтээн байгуулалтуудаас харж болно. Орон сууцны шинэ хотхонуудаас гадна авто зам, гүүр, сургууль, эмнэлэг, дулааны цахилгаан станц, эрчим хүчний байгууламж, үйлдвэрийн цогцолбор, агуулах логистикийн төвүүд зэрэг томоохон төслүүд барилгын салбарын ажлын цар хүрээг тэлж байна.

Нөгөө талд барилгын салбарын дараагийн үеийг шинэ технологийн өөрчлөлт тодорхойлох төлөвтэй.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний үнэ, хотын агаарын чанар зэрэг асуудал барилгын салбарт шинэ шаардлага тавьж байна. Эрчим хүчний хэмнэлттэй дулаалга, өртөг багатай халаалт, сэргээгдэх эрчим хүч ашигладаг барилга, ногоон байгууламжтай төлөвлөлт зэрэг нь ирээдүйн барилгын салшгүй хэсэг болохоор байна.

Зуун жилийн өмнө Монголын барилгын салбарын өмнө “хэрхэн барих вэ” гэсэн асуулт голлож байсан бол өнөөдөр “юуг, хаана, ямар технологиор, ямар чанартай, ямар зардлаар, хэдий хугацаанд, цаашид хэрхэн ашиглах вэ” гэсэн илүү өргөн хүрээний асуудал тавигдаж байна.

1926 оноос түүхээ бичиж эхэлсэн Монголын барилгын салбар 100 жилийн дараа улс орны эдийн засаг, хотжилт, дэд бүтэц, иргэдийн амьдрах орчныг тодорхойлох чухал салбар болон төлөвшжээ. Өнгөрсөн зуунд баригдсан барилга байгууламжууд Монголын хөгжлийн түүхийг бүтээсэн бол орчин үед баригдах барилгууд ирээдүйн хэв маягийг тодорхойлох нь гарцаагүй.

Mongolian Economy сэтгүүл, "Бүтээн байгуулалтын 100 жил" тусгай дугаараас, 2026 оны 9-р сар