Тэд зээл, хадгаламж, даатгал, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, онгоцны тийз, тасалбар борлуулалт, “НОМИН бонус”, “U-Point” картын үйлчилгээг нэг дор төвлөрүүлсний зэрэгцээ үүрэн оператор, хиймэл дагуулын үйлчилгээг ч санал болгодог. Санхүүгийн хэрэгцээ цөм багтсан энэ шийдэл түгжрэл дундах баянбүрд гэлтэй. “Өнөөгийн завгүй хэмнэлд санхүүгийн бүх үйлчилгээг нэг байршилд шийдэх нь бидний гол зорилго байсан. Манай харилцагчид олон газраар явж цаг, мөнгөө үрэх шаардлаггүй” хэмээн “НОМИН Юнайтед” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганбаяр онцолсон.
Мөн монголын хамгийн анхны, хамгийн амжилттай лояалти платформ болох “НОМИН бонус” оноог санхүүгийн үйлчилгээнд хослуулан ашиглах, урамшуулалд авах нөхцөлийг бүрдүүлсэн нь тун сонирхолтой. Урамшууллын оноог анх “НОМИН Холдинг” ХХК 1999 онд нэвтрүүлж, худалдан авалтын 3-10 хүртэлх хувийн үнийн дүнтэй тэнцэх оноог үйлчлүүлэгчдэдээ олгодог болсон түүхтэй. Энэ үйл явдал Монголын худалдаа, үйлчилгээний байгууллагуудад урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг тогтоогоод зогсохгүй дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй урамшууллын системээрээ эн зэрэгцэх томоохон алхам байв. Нэг зүйл онцлоход, номинчууд буцаан олголтын хувь хэмжээгээр дэлхийн сүлжээ дэлгүүрүүдийн эхний эгнээг өнгөлж буй билээ.
Өдгөө “НОМИН бонус” оноо хэрэглэгчийн соёлд гүн шингэж, хэрэглээний цар хүрээгээр зах зээлд тэргүүлж байна. Одоогоор тэд урамшууллын системдээ 1.2 сая гаруй хэрэглэгчийг нэгтгэж чаджээ.
Иймдээ ч “НОМИН бонус” оноо санхүүгийн үйлчилгээг дэмжих бүрэн чадамжтай. Дэлгүүрээс цуглуулсан оноогоороо жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдчихвал сэтгүүлч надад лав “хөөрхөн” санагдана. Энэ мэтчилэн та урамшууллын оноогоо ашиглаж, давуу эрх, тусгай нөхцөлүүдийг бодит утгаар нь мэдрэх болно.
Хамгийн чухал нь санхүүгийн байгууллагууд нэг дор төвлөрсөн учир тус тусын нөхцөлийг нь харьцуулж, тайлбарлуулж өөрт тохирох хувилбараа сонгох боломжтой. Ажилтан танд бүх хувилбарыг танилцуулахаас гадна мэргэжлийн дүн шинжилгээ хийж, өрийн дарамтаас сэргийлнэ. Шаардлагатай бол “үгүй” гэж хэлнэ, зөвлөгөө өгнө. Энэ бүхэн нь харилцагчаа эрсдэлээс сэргийлэх зорилготой.
Цахимжилтын цаадах бодит хэрэглээ
Монгол Улс банк санхүүгийн үйлчилгээний цахимжилт, хүн амд ногдох данс эзэмшигчдийн хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч “1072 хувьцаа” эзэмших, “хүүхдийн мөнгө” авах хэрэгцээ шаардлага энэ тоонд нэлээд жин дардаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үйлчилгээг салбараар авах иргэдийн тоо өндөр хэвээр байна.
Тиймээс “Юнайтед санхүүгийн нэгдэл” худалдааны сүлжээ түшиглэн уламжлалт үйлчилгээг хадгалж, нөгөөтээгүүр өөртөө үйлчлэх төхөөрөмж, киоск байршуулах, финтек платформ хөгжүүлэх зэргээр илүү өргөн сувгаар харилцагчдадаа хүрч байна. Мөн “том” хөрөнгө зарж, тус тусын оффис байгуулдаг компаниудын нийтлэг жишгээс татгалзсан “НОМИН Юнайтед” худалдааны дэд бүтэц түшиглэснээрээ салбарын хүртээмжээ харьцангуй хурдтай тэлжээ.
Өнөөдрийн байдлаар “Юнайтед санхүүгийн нэгдэл” Улаанбаатарт ес, орон нутагт есөн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цаашид улс орны өнцөг булан бүрд байрлах “НОМИН”-гийн бүх сүлжээнд салбараа нээж, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг тэлэхээр төлөвлөж байгаагаа компанийн гүйцэтгэх захирал С.Ганбаяр хэлж байсан юм.

Бизнесүүдийн санхүүгийн түнш
“Юнайтед санхүүгийн нэгдэл” иргэдээс гадна бизнес эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээндээ онцгой ач холбогдол өгдөг. Ялангуяа “НОМИН” сүлжээ дэлгүүрийн олон зуун ханган нийлүүлэгч, хамтрагч байгууллагууд, худалдааны төвийн түрээслэгчдэдээ тэд санхүүгийн гол түнш нь болж чаджээ. Худалдааны бизнес эрхлэгчид тодорхой нөхцөлийн дагуу “НОМИН бизнес” карт эзэмшсэнээр худалдааны болон санхүүгийн олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.
Уян хатан нөхцөлөөр зээл авах, агуулах болон сүлжээ дэлгүүрүүдээс бараа материалаа бөөний хөнгөлөлттэй үнээр татах зэрэг боломжууд нь эргэлтийн хөрөнгө сорилт болж байгаа энэ үед хамтдаа хөгжих боломжийг бизнесүүдэд олгож буй бодит шийдэл юм.
Дэлхий дахины хувьсал
Худалдааны сүлжээ, лояалти систем, финтек, санхүүгийн үйлчилгээг нэг системд төвлөрүүлж буй энэ чиг хандлага дэлхий дахинд эрчээ авч байна. Тухайлбал, АНУ-ын “Walmart” зөвхөн худалдааны сүлжээ байхаа больсон. Тэд төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ, лояалти платформуудаа хурдтай хөгжүүлж байна. “Amazon” ч ялгаагүй, хэрэглэгчдийнхээ өгөгдөлд тулгуурлан “тэр зүг”-т хэдийнэ хөдөлжээ.
Мөн Япон, БНСУ зэрэг улсын томоохон сүлжээ дэлгүүрүүд урамшууллын систем, финтек, кредит үйлчилгээ, даатгалын бүтээгдэхүүнийг худалдааны сүлжээтэйгээ уяж, хөгжлийнхөө дараагийн шат руу тэмүүлж байна. Дэлхий нийтийн энэ хувьслын цаана энгийн шалтгаан бий. Шинэ цагийн хэрэглэгчид олон газраар орж цаг алдахыг хүсдэггүй болсон. Энэ чиг хандлагыг “НОМИН”-гоор овоглосон санхүүгийн мэргэжилтнүүд соргогоор мэдэрч, уян хатан нөхцөл, зах зээлийн таатай хүү, харьцуулах боломж, үйл ажиллагааны хүртээмжээрээ дамжуулан санхүүгийн салбарт цоо шинэ өнгө нэмж байна.

"Mongolian Economy" сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 56-57-р нүүр


