Хүнс үйлдвэрлэлийн салбарт хамгийн хурдтай тэлж буй сегмент бол шингэн хүнсний үйлдвэрлэл. Хотжилт, хүн амын төвлөрөл, амьдралын хэв маягийг дагаад шингэн хүнсний хэрэглээ цаашид ч хурдацтай өснө. Харин энэ өсөлтийг давж нүүдэллэх “стратегичид” нь сав баглааны салбарынхан байх болно. Учир нь шингэн хүнсний бүх ирээдүй “сав”-аар тодорхойлогддог. Тэр дундаа хуванцар сав шингэн бүтээгдэхүүний салшгүй хэсэг байх нь гарцаагүй үнэн болоод байна.

Ял, гавьяа нь үргэлжийн дэнслэгддэг энэ материалаас дэлхий нийт татгалзах аргагүй болсон.

Масс үйлдвэрлэлд ч хуванцраас төгс хувилбарыг олж чадаагүй л байна. Магадгүй ойрын хэдэн зуун жилдээ ч хуванцрыг гүйцэх сод нээлт төрөхгүй болов уу. “Нэг зүйлийг ойлгох нь чухал. Хүн төрөлхтөн хуванцрын эринд эргэлт буцалтгүй хөл тавьсан. Энэ эринд хуванцрыг ад үзэх нь чухал бус. Учир нь асуудал хуванцарт бус та бидний тархинд, ангилан ялгалтад, хог хаягдлын менежментэд бий” хэмээн “Цэц зам пласт” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганхуяг хэлж байна.

С.Ганхуяг “Цэц зам пласт” компанийн гүйцэтгэх захирал

1995 оноос хойш “Говь”, “Эрдэнэт хивс” зэрэг компанид ажиллаж, амьдралынхаа 17 жилийг ноос, ноолууртай нөхөрлөхөд зориулсан тэрбээр 2012 оноос хуванцрын үйлдвэрийн захирлаар томилогджээ. Энэ бол түүний амьдралын тод үйл явдлуудын нэг.

Түүний удирдаж буй “Цэц зам пласт” компани 2012 онд байгуулагдсан. Шингэн хүнс үйлдвэрлэгчдийг савны импортын хараат байдлаас чөлөөлөх нь тэдний том зорилго. Энэ зорилгодоо ч хүрсэн.

“Цэц зам пласт” ХХК нь Хятад болон БНСУ-аас хуванцрын түүхий эд PET (Polyethylene Terephthalate) мөхлөгийг импортолж, түүгээр хуванцар савны бэлдэц, бариул, хуванцар лонх зэргийг үйлдвэрлэдэг. Харин шингэн хүнс үйлдвэрлэгчид хуруу шил мэт харагдах бэлдцийг өндөр градуст халааж “үлээгээд”, хэлбэржүүлж ариутгаснаар ус, ундаагаа савладаг.

Саалиа бэлдэхээр саваа бэлд

Түүх сөхвөл, 1990 оныг хүртэл дотоодын үйлдвэрийн шингэн хүнс голдуу шилэн лонхонд савлагддаг байсан. Харин зах зээлийн шилжилтийн дараа хөнгөн үйлдвэрлэл тэр аяараа уналтад оров. Шуурганд тэссэн цөөн хэдэн үйлдвэр л бий. Тэд сав баглааны хувьд хоёр хөршөөсөө хараат явсаар 2010 онтой золгосон юм. Үйлдвэрлэгчдийн сав хил давж орж ирэх нь асар их боломжийг хугасалдаг. Тээвэрлэлт, зардал, цаг хугацааны талаар нарийн тоочих ч илүүц биз. Иймээс хуванцрын бизнес эрхлэгчид “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад бүх анхаарлаа чиглүүлсэн байна. 

Үүний үр дүнд “хүнсний хувьсгал”-ын тухай ярихад илүү хялбар болжээ. Эндээс сав баглаа үйлдвэрлэл туслах дүр биш, тулгуур “дэд бүтэц” гэдгийг ойлгож болно. “Цэц зам пласт” компани өнгөрсөн жил “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулсан. Италийн өндөр технологийг нутагшуулснаар хуванцрын үйлдвэрлэл дэх хоёр технологи, хоёр ажлыг тэд нэгтгэж чаджээ. Тодруулбал, хуванцар лонх хийхдээ бэлдцээ хөргөсний дараагаар дахин халааж хэвэнд оруулдаг байсан бол одоо халуун бэлдэц хөрөх зуурт шаардлагатай температурыг мэдэрч, лонхоо үйлдвэрлэдэг болсон байна. Ингэснээр өртөг зардал, цаг хугацаа буураад зогсохгүй эрчим хүчний хэмнэлт бий болжээ.

Тус компани өдөрт 350 мянга, жилд 60-70 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Гэхдээ энэ чадлынхаа тал хувиар л тэд ажиллаж байна. “АПУ” ХК-ийн гол нийлүүлэгч болох тус компани цөөн тооны жижиг үйлдвэрүүдэд ч бэлдцээ нийлүүлдэг аж. Цаашид дотоодын шингэн хүнс, косметикийн үйлдвэрлэл тэлбэл эднийх сав баглааг нь хариуцах бүрэн боломжтой. Гэхдээ монгол хүний онцлог нь бусдаас хараат бус байх. Тал нутагтаа яг л салхи шиг эрх чөлөөтэй байх хүсэлтэй. Энэ онцлог Монголын бизнес эрхлэгчдэд ч бий. “Ундаа хийвэл жимсээ өөрөө тарина, саваа өөрөө олно”. Ингэж хэлбэл гайхах зүйлгүй. Гэтэл зүй нь кластераар хөгжих ёстой. Чаддаг чаддагаараа хамтарч байж чанартай брэнд бүтээнэ. Хамтдаа хөгжиж, улсаараа урагшилна. Үүнийг “Цэц зам пласт” компанийн гүйцэтгэх захирал С.Ганхуяг ярилцлагын үеэр чухалчилж байсан юм.

Гологдсон лонх ба гомдмоор бодлого

“Төрийн бодлого өөр хоорондоо уялдах шаардлагатай. Бодлого, зохицуулалт бүр тусдаа саванд байхаар сав бүрийн хэлбэрийг дагаж хувирах шаардлагатай тулгардаг. Мөн ямар ч шийдвэр судалгаатай, логиктой байх ёстой” хэмээн сэтгүүлийн зочин маань хэлж байв. “Цэц зам пласт” компани саяхан захиалагчийнхаа хүсэлтээр 100 мл-ийн хуванцар лонх үйлдвэрлэхээр Италиас хэв захиж л дээ. Тэр хэв нь 500 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл архидалтыг бууруулахын тулд архитай тэмцэх шийдвэр гарч, 100 мл-ийн лонх үйлдвэрлэх аргагүй болжээ. Энэ шийдвэр тэдэнд хүнд туссан байна. Захиалгын жагсаалтаас хасагдсан лонх PET савны бүх л стандартыг хангаж байгаа. Тиймээс шингэн эм үйлдвэрлэгчид юмыг яаж мэдэхэв, “гологдсон” бяцхан лонхыг сонирхоод үзээрэй.

Манайх шиг жижиг зах зээлд буруу бодлогын “сүүдэр” илүү бараан тусдагийг “Цэц зам пласт”-ын захирал учирлаж байлаа.

Түүнийг ноолуурын салбарт ажиллаж байхад бодлого тодорхойлогчид ямаа бүрт 5000 төгрөг “өгсөн” удаатай. 2000-аад оны энэ шийдвэр ямаан сүргийн тоо толгойг 10 саяас 30 сая руу нисгэсэн. Үр дүнд нь бэлчээрийн доройтол газар авч, түүхий ноолуурын Хятад руу урсах хэмжээ нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэр бодлого ноолуурыг бус, ямааг дэмжих бодлого болчихсон. Үүн шиг зорилгоо мэдрээгүй шийдвэр бол салбарын зовлон жаргалыг ойлгох төрийн түшээ, чадварлаг боловсон хүчин хомс байгаагийн илрэл юм. 

Үүгээр зогсохгүй бизнесийн талбар дахь дүрэм журам, хараа хяналт, шат дамжлага социализмын үеийнхээрээ байгаа нь шинэ цагийнхны алхааг тушиж байна.  Хэрэгтэй, хэрэггүй лиценз, хэлбэрдэж хийлгэдэг үнэлгээ, гаалийн байцаалт, татварын дарамт, тааруу дэд бүтэц, таагүй хандлага бизнесийнхний хамгийн халгаадаг зүйл. Үүнд “залруулга” хийгээгүй цагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай яриа үлгэр болон хувирч мэдэхийг “Цэц зам пласт” компанийн гүйцэтгэх захирал С.Ганхуяг манай сэтгүүлээр дамжуулан уламжилсан билээ.

Хуванцар бэлдэц
Хуванцар савны бариул
С.Ганхуяг “Цэц зам пласт” компанийн гүйцэтгэх захирал
Италийн SIPA брэндийн өндөр хүчин чадлын Xform 250 маркийн хуванцар үйлдвэрлэлийн машин

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 20-21-р нүүр