Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны арваннэгдүгээр сард “Өгөөмж Архад” талх, нарийн боовны үйлдвэрээр зочлоход Ерөнхийлөгчийн багт орж явах завшаан тохиосон юм. Үйлдвэрийн хаалгаар ороход шинэхэн талх, нарийн боовны үнэр хамар цоргиж байв. Тус үйлдвэр “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд зээл авч үйлдвэрлэлээ хоёр дахин өргөжүүлжээ. Нийт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрийн байр, агуулахаа өргөтгөж, лаборатори, цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулсан байна. Ингэснээр хүчин чадлаа 2.4 дахин, борлуулалтын орлогоо хоёр дахин нэмж, бүтээгдэхүүний нэр, төрлөө олшруулан, шинээр ажлын байр бий болгосон талаараа “Өгөөмж  Архад” компанийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал танилцуулсан юм.

Тус үйлдвэр Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 1800 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг. Хэдхэн жилийн өмнө жижиг аж ахуйн нэгж байсан “Өгөөмж Архад” компани өнөөдөр дунд хэмжээний аж ахуйн нэгжийн эгнээнд шилжжээ.

Тэдний амжилт амар ирээгүй. Олон саад бэрхшээл, сорилтыг давж өнөөгийн өндөрлөгтөө хүрч иржээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал бизнесээ эхлүүлж байсан сонирхолтой түүхээ бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр 1990 онд бусдын адилаар Орос, Хятад руу нөхрийнхөө хамт ганзагын наймаа хийж, гахай үүрэхээс эхлээд мөнгө олох бүхий л арга замыг хайжээ. Энэ үед төрсөн ах Н.Энхболд нь “Зарж байгаа түүхий эдээрээ нарийн боов хийвэл ашигтай биш үү” гэдэг санааг хэлсэн байна. Үнэхээр л нарийн боов үйлдвэрлэдэг жижиг цехүүд өдөр болгон хүнсний түүхий эд худалдан авдаг нь түүнд энэ төрлийн бизнес хийх дохиог өгчээ. Энэ цагаас тэдний бизнесийн эхлэл тавигдсан байна. Тэрбээр тэрхүү цаг үеийн талаар “Нарийн боовны бизнесээ нөхөр Д.Рэгзэндорж болон дүү Н.Энхтуяа, хүргэн Б.Батбаярын хамт эхлүүлж байлаа. Дээр үеийн дөрвөн ширхэг гөөхий, найман ширхэг еэвэн ордог.  ахуйн хэрэглээний шарах шүүгээг аавынхаа байшинд ажиллуулж, өрхийн үйлдвэрлэл явуулж эхэлсэн.

Энэ үед дүүтэйгээ хоёулаа өдөржин еэвэн, гөөхий хийж, хоёр нөхөр маань зарах гээд аваад явна. Ингээд нэлээд хэдэн сар боллоо. Энэ үед тоног төхөөрөмжийн бизнес эрхэлдэг авга ах С.Энхтайван маань 32 ширхэг гөөхий ордог жижиг шарах шүүгээг зээлээр өгч байлаа. Энэ үед томоохон үйлдвэр эхлүүлчихлээ гээд баярлан хөөрч байлаа шүү дээ. Бидний хамтран өрхийн үйлдвэрлэл эхэлж буй энэ үе бол 1998 он юм. Хоёр жилийн дараа 2000 онд компаниа байгуулж байсан. Компаниа байгуулсны дараах 10 жилд учирч байсан ажлын ачаалал, бэрхшээлийг би хэцүү гэж боддоггүй. Энэ үед ядарч цуцахаа мэдэхгүй ажиллаж, хөдөлмөрлөж сурсан даа” гэж өгүүлэв.

Үнэхээр ч цехээс үйлдвэрлэлийн түвшин рүү, өрхийн бизнесээс компани болон шилжих өөрчлөлтийн үе амаргүй байлаа. Ингэж өөрчлөгдөх өндөр шалгуурыг тэд давах ёстой болсон.

Тоног төхөөрөмжөө сайжруулах, хүний нөөц, стандарт, систем, зохион байгуулалтыг бий болгох зэргээр амаргүй үетэй нүүр тулав. Цехээс үйлдвэрийн түвшинд шилжиж байх үед олон улсын стандартыг тогтоож сахиулах нь үнэхээр амар биш байснаас гадна хүн, процесс хоёрыг өөрчлөх нь хамгийн хүнд байжээ. “Үүнийг үнэхээр зоригтойгоор, мэдлэг ур чадвараа тасралтгүй сайжруулснаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Хамт олны маань үнэнч хандлага, ур чадварынх нь өсөлт бас нөлөө үзүүлсэн. Жижиг бизнест стандартыг тогтоож, түүнийг сахиулна гэдэг амар биш юм билээ. Ер нь бизнес хийж амжилтад хүрэхийн тулд худлаа ярьдаггүй хүн хамгийн чухал.

Бусдад юу өгч байгаагаа ойлгосон хүн чухал. Итгэл даадаг хүмүүс бизнест амжилт үзүүлдэг юм байна гэдгийг олон жилийн туршлагаасаа харж байна. Хариуцлагаа ухамсарлахгүйгээр хүн цаашаа алхаж чадахгүй. Миний хувьд ямар нэгэн зүйлд шийдэл гаргахдаа тухайн нөхцөл байдалд анализ хийж, сэтгэл хөдлөлөөр биш, алдаа хаанаас гарсныг олж харахыг хичээдэг. Мөн аливаа зүйлийг ганцаараа шийддэггүй. Менежментийн баг, удирдлагын баг, зөвлөхүүд гээд тухайн ажлыг хийж байгаа хүмүүсийнхээ бодлыг нь сонсож, туршлагаас нь суралцдаг. Хариуцлагагүй бизнес өсөлтгүй байдаг. Бизнес амжилттай явсныг эргээд бодоход өөр өөр зан чанартай дөрвөн хүн нэгдэж, өөрсдийн төрөлх чанараа өнгөлж, нэг зорилгын төлөө явсан нь амжилтад хүрсэн болов уу гэж боддог” хэмээн тэрбээр олон жил бизнес эрхэлж, амжилттай аж ахуйн нэгж босгосон түүх болоод туршлагаас хуваалцсан юм.

Н.Энхжаргал захирал үргэлжлүүлэн “Манай компанид 15-20 жил цуг хөдөлмөрлөж, хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэж байгаа олон ажилтан бий. Тууштай, хариуцлагатай, итгэл даасан ажилтан бол манай компанийн үнэт зүйл. Удаан оршин тогтнох үндэс нь олон жил ажилласан ажилчдын зүрх сэтгэл итгэл, эерэг хандлага байдаг даа. Манайхаас албан бус тоогоор 200 хос төрсөн. Тэдний маань ажил амьдрал сайн сайхан байна” хэмээн ярилаа. “Өгөөмж Архад” компани 30 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нийт 170 ажилтантай. Төр зөв бодлогоор дэмжээд, санхүүжилт нь үнэн, шударга байхын зэрэгцээ бизнесээ зөв удирдаж чадвал маш богино хугацаанд жижиг үйлдвэрээс дунд бизнес рүү асар хурдтай шилжиж чаддаг гэдгийг “Өгөөмж Архад” компанийн жишээ харуулж байна. Тус компанийн ирээдүйн зорилго нь импортын барааг орлосон бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж, өргөн хүрээнд зах зээлд нэвтрэхэд чиглэж байгаа юм. Цаашлаад экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд олон улсын шаардлага хангасан үйлдвэрийн бааз суурийг маш сайн бэлдэж байгаа гэдгийг Н.Энхжаргал захирал онцолсон юм.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 36-37-р нүүр