Та “Увс Хүнс” компанийн 84 жилийн түүхэн дэх онцлох үйл явдал, амжилтаас товч танилцуулна уу?

Манай компанийн суурь 1942 онд тавигдсан. Тухайн үед хүн амыг хүнсээр хангах зорилгоор аймгийн төвүүдэд "Идэш тэжээлийн комбинат" байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Увс аймагт байгуулагдсан комбинат нь манай компанийн үндэс суурь болсон юм. 1973 оноос чацарганаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь манай үйлдвэрлэлийн чиглэлийг тогтоосон чухал үйл явдлын нэг.

1998 онд "Увс Хүнс" ХК нэртэйгээр шинэчлэн байгуулагдсан бол 2007 онд "UFC" групп болон өргөжиж, 2013 оноос "Увс Хүнс" ХК нэрээр ажиллаж байна.

Сүүлийн жилүүдийн хамгийн том амжилтын нэг бол 2022 онд "Увсын чацаргана"-ыг Европын Холбооны "Газарзүйн заалтаар хамгаалагдсан бүтээгдэхүүн" (PGI)-д бүртгүүлсэн явдал юм. Энэ нь бидний хувьд онцгой бахархал төрүүлэх амжилт байлаа. Мөн 2023 онд "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд тоног төхөөрөмжөө шинэчлэн, бүтээгдэхүүний чанар, стандартаа дээшлүүлсэн нь үйл ажиллагааны шинэ үе шат болсон.

Чацаргана бол Увсын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн. Чацарганыг газарзүйн заалттай бүтээгдэхүүн болгон Европын Холбоонд бүртгүүлсэн амжилтын талаар тодруулна уу?

Тийм ээ, чацаргана жимс бол манай аймгийн нэрийн хуудас болсон, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн юм. Манай компани 1973 оноос эхлэн чацарганаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн арвин туршлагатай. Энэхүү амжилт нь Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой, "Увс Хүнс" ХК-ийн олон жилийн зорилготой ажлын үр дүн юм.

2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр "Увсын чацаргана" (Uvs chatsargana) нэрийг Европын Холбооны "Газарзүйн заалтаар хамгаалагдсан бүтээгдэхүүний төрөл" (Protected Geographical Indication – PGI)-д албан ёсоор бүртгүүлсэн. Энэ нь Монгол Улсаас Европын Холбоонд бүртгэгдсэн анхны газарзүйн заалт юм.

МҮХАҮТ, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны SEQUA төслийн баг хамтран олон жил ажилласны үр дүнд энэ амжилтад хүрсэн. "Увс Хүнс" ХК аймгийнхаа чацаргана тариалагч аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн "Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо" ТББ-ыг байгуулах замаар энэхүү үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү оюуны өмчийн патентыг авснаар Увсын чацаргана, түүгээр хийсэн бүтээгдэхүүн Европын Холбооны орнуудад худалдаалагдах боломж нээгдэж байгаа юм.

Компанийнхаа ойрын хугацааны гол зорилтуудаас сонирхуулна уу?

Бид хэд хэдэн стратегийн чиглэлд төвлөрч ажиллахаар төлөвлөөд байна. Нэгдүгээрт, "Увсын чацаргана" газарзүйн заалтын давуу талаа ашиглан Европын Холбооны зах зээлд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх суваг бий болгоно. Энэ хүрээнд Европын дистрибьютор, их дэлгүүрийн сүлжээтэй байгуулах гэрээнүүдийг эцэслэх, шаардлагатай олон улсын гэрчилгээ, баталгаажуулалтыг авах зорилт тавьсан. Хоёрдугаарт, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлнэ. Гуравдугаарт, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж, автоматжуулалтын түвшнийг ахиулах зорилго бий. Дөрөвдүгээрт, орон нутагт нийгмийн хариуцлагаа үргэлжлүүлэн өргөжүүлж, чацаргана тариалагч өрхүүдэд зориулсан сургалт, мэдлэгийг тасралтгүй өгч үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэлд хамтарснаар орлогийн эх үүсвэртэй болгоно. Эцэст нь, Азийн зах зээл, тэр дундаа Япон, Солонгос, Хятадад "Увсын чацаргана" брэндийг тогтвортой, хүчтэй байр суурьтайгаар нэвтрүүлэх нь бидний бахархалт зорилго юм.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 42-43-р нүүр