Зарим харилцагчид барьцаалан зээлдүүлэх газрыг "мөнгө зээлдэг газар" гэсэн ерөнхий ойлголттой байдаг. Харин “68 зээлийн төв” банкны салбарынхантай эн тэнцэхүйц үйлчилгээ, орчин бүрдүүлжээ. Энэ талаар яриагаа эхэлье?

Өрх гэр жижиг, дунд бизнесийн өдөр тутмын амьдралд урьдчилан тааварлаагүй яаралтай санхүүгийн хэрэгцээ бишгүй тулгардаг. Цаг нь тулсан яаралтай хэрэгцээгээ банк болоод ББСБ-аас хангах боломжгүйг бид бүгд мэдэж байгаа. Монголын санхүүгийн зах зээлд “ломбардын” гүйцэтгэж ирсэн үүрэг өнөөдөр зөвхөн “мөнгөний яаралтай хэрэгцээг хангах” төдий ойлголтоор хязгаарлагдахгүй болсон.

Харилцагчийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, орлогын тасалдлыг нөхөх анхдагч гүүр нь “барцаалан зээлдүүлэх үйлчилгээ” болж байна. Үнэндээ өмнө нь энэ салбарт хуучинсаг, үйлчилгээний стандарт хангалтгүй, тав тухгүй байдал давамгайлж байсан бол өнөөдөр банктай эн зэрэгцэхүйц үйлчилгээний соёл, тав тухтай орчин, техник технологийн шилдэг шийдэл нэвтэрсэн. Манай “68 зээлийн төв” энэ өөрчлөлтийн тод жишээ гэж бид боддог. Бид санхүүгийн үйлчилгээ, нийгмийн хариуцлагаар түүчээлэгч нь байж харилцагч, байгууллага, ажилтан гээд энэ бизнест оролцогч талуудын эрх ашгийг бүрэн хангасан салбартаа тэргүүлэгч байгууллага байхын төлөө өдөр бүр хичээн ажиллаж байна.

Анх байгуулагдсан түүхээ товчхон ярьж өгөхгүй юу? Одоо хэдэн салбартай үйл ажиллагаа явуулж байна?

Анх бараг л нэг ширээ тавиад харилцагчид үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тэр үед энэ хүнд яавал илүү тус болох бол гэж байнга боддог байсан минь ажлаа сайжруулах, үйлчилгээгээ дараагийн түвшинд гаргах эхлэл байсан юм болов уу. “Их Мөнх Наран” ХХК "68 зээлийн төв”-өө анх 2011 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээж байсан бол өдгөө Улаанбаатар хотод зургаа, орон нутагт 16 салбар, 180 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Анх байгуулахдаа ёстой л нөгөө “хүлээн авсан Бумаа хүлээлгэн өгсөн Бумаа” гэдэг шиг цаг үеийг туулж гар ажиллагаатай, удаан үйлчилгээтэй, банкны стандартын талаар ойлголт ч үгүй байсан бол өнөөдөр орчин үеийн логистик, найрсаг соёл, санхүүгийн үйлчилгээ авах үеийн харилцагчийн сэтгэл ханамжийг бүрдүүлсэн мэргэжлийн баг, хамт олон, байгууллага болсон гэж дүгнэж байгаа. 

“68 зээлийн төв” Монголын анхны аппликэйшнд суурилсан зээлийн төв болсон. Энэ технологийг хэрхэн нэвтрүүлэв? Үүгээр ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

Өнөөдөр технологийн хурдасгуур дунд санхүүгийн бүхий л салбар үндсээрээ шинэчлэгдэж байна. Бид хүмүүсийн өдөр тутмын амьдрал, жижиг дунд, бичил бизнесийн санхүүгийн анхдагч хэрэгцээг хангадаг уламжлалт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг дижитал шилжилтийн гадна үлдээлгүй, финтек буюу технологид суурилсан санхүүгийн соёлтой холбосноор салбарын хэмжээнд томоохон реформ эхлүүлээд байна.

Технологийн тухайд, бид олон улсын дэвшилтэд технологийн шийдлүүд болон хиймэл оюунд суурилсан зээлийн скоринг (үнэлгээ)-ний системийг дотоодын зах зээлийн онцлогт тохируулан хөгжүүлсэн. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан ухаалаг аппликэйшныг зах зээлд нэвтрүүлснээр, хууль, эрх зүйн орчинд тавигдсан шаардлага, нөхцлүүдийг ил тод болгож чадсан. Ингэснээр уламжлалт үйлчилгээг бүрэн цахимжуулж, банк санхүүгийн байгууллагуудтай зэрэгцэн алхах боломжийг бүрдүүлсэн юм. Технологийн давуу талыг ашигласнаараа "68 зээлийн төв" хэрэглэгчдэдээ заавал салбар дээр биеэр ирэх шаардлагагүйгээр, 24/7 цагийн турш барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, өөрийн хувийн болон зээлийн мэдээллээ хянах, удирдах, барьцаа хөрөнгийн үнэлгээнд тулгуурлан цахимаар нэмэлт зээл авах, зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх, хугацаа сунгах гэх мэт үйлчилилгээг түргэн шуурхай авах боломж бүрдүүлсэн.

Та бүхний амжилт, үйлчлүүлэгчдийн цар хүрээ өргөжихөд технологи, тав тухтай орчноос өөр юу нөлөөлдөг вэ?

Хамгийн түрүүнд харилцагчийн итгэл үнэмшил, зээлийн үйлчилгээ болон ажлын байрнаас яг л банканд үйлчлүүлж байгаа юм шиг сэтгэл ханамж авах, урт хугацааны итгэл даах харилцаа гэж хэлнэ дээ. 

Танайх нууцлал, итгэлцлийг шинэ түвшинд гаргаж буй гэлээ. Үүнийг тайлбарлана уу?

Харилцагчид тулгардаг хамгийн том асуудал бол "миний мэдээлэл болон хөрөнгө найдвартай хамгаалагдаж чадаж байгаа болов уу?" гэсэн эргэлзээ байдаг. Бид энэ хандлагыг өөрчилж, нууцлал болон итгэлцлийг дараах хоёр үндсэн чиглэлээр шинэ түвшинд гаргасан. 

Нэгдүгээрт, нууцлалын шинэ түвшин буюу дижитал аюулгүй байдал. Аппликэйшнд суурилсан системд шилжсэнээр харилцагчийн хувийн мэдээлэл, зээлийн түүх болон барьцаа хөрөнгийн мэдээллийг олон улсын банк, санхүүгийн салбарын стандартад нийцсэн шифрлэлтийн системээр хамгаалж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт үйлчилгээ шиг цаасаар мэдээлэл алдагдах, гуравдагч этгээд харах ямар ч боломжгүй бөгөөд системд нэвтрэх бүрт биометрик өгөдөл болох царай, хурууны хээ шаардахаас гадна олон шатлалт баталгаажуулалт хийн нууцлалыг бүрэн хангадаг.

Хоёрдугаарт, итгэлцлийн шинэ түвшин буюу ил тод, нээлттэй байдал. Бид хууль, эрх зүйн орчинд тавигдсан шаардлага, зээлийн нөхцөл, хүүний тооцоолол болон хураамжийг аппликэйшн дээрээ ямар нэгэн далд заалтгүйгээр 100 хувь ил тод байршуулсан.

Харилцагч өөрийн барьцаа хөрөнгийн өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээ, зээлийн үлдэгдэл, төлөх хугацаа зэргийг гар утаснаасаа цаг алдалгүй, шууд хянах боломжтой болсон нь манай байгууллага болон харилцагч хоорондын харилцааг илүү бат бөх, харилцан итгэлцэлд суурилуулах үндэс болж байгаа юм.

Цаашдаа финтек чиглэлд илүү ихийг хийх хүсэл эрмэлзэл байна гэж ойлголоо. Ойрын хугацааны зорилгоосоо хуваалцахгуй юу?

Тийм ээ, "68 зээлийн төв"-ийг аппликэйшнд суурилуулж, уламжлалт салбарт реформ хийсэн маань ердөө эхлэл юм. Бидний алсын хараа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг зөвхөн цахимжуулах бус, технологийн тусламжтайгаар харилцагчийн санхүүгийн хэрэгцээг хамгийн ухаалгаар шийддэг финтек экосистемийг бүрдүүлэх явдал юм. Ойрын хугацаанд харилцагч дан ганц эд хөрөнгөө барьцаалж зээл авдаг биш, аппликэйшнаар дамжуулан тухайн эд зүйлийн зах зээлийн ханшийг шууд хянадаг, цахимаар баталгаажуулж ухаалгаар удирддаг шинэ дижитал үйлчилгээг бид нэвтрүүлнэ. Товчхондоо, бид уламжлалт барьцаат зээлийн салбарыг орчин үеийн нео-санхүү (дижитал санхүү)-гийн түвшинд хөгжүүлж, санхүүгийн хамгийн дэвшилтэд, хамгийн аюулгүй соёлыг түгээхийг зорьж байна.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 74-75-р нүүр