Юуны өмнө та Самсунг эмнэлэгт хариуцаж байгаа төслийнхөө талаар манай уншигчдад танилцуулна уу?
Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эмнэлгүүдэд тулгамдаж буй асуудлыг нарийвчлан судалж, түүнд тохирох технологийн шийдэл боловсруулах нь миний өдөр тутмын ажлын нэг хэсэг. Бид хиймэл оюун болон цахим бүтээгдэхүүнийг эмнэлгийн бодит хэрэгцээ, ажлын урсгалд нийцүүлэн хөгжүүлж, аюулгүй, үр дүнтэй нэвтрүүлэх боломжуудыг эрэлхийлдэг.
Энэ хүрээнд эмнэлгийн бичиг баримтыг автоматжуулах хиймэл оюуны агент, өвчтөний биеийн байдал хүндэрч болзошгүйг урьдчилан таамаглах машин сургалтын загвар, эмч, судлаачдын бүтээмжийг нэмэгдүүлэх хиймэл оюуны систем зэргийг хөгжүүлж байна.
Үүний зэрэгцээ миний хувьд, БНСУ-Японы эрүүл мэндийн мэдээллийг стандартчилах, хил дамнан солилцох төслүүдийн зохицуулагчаар ажилладаг. Мөн дэлхийн 10 гаруй орны хамгийн инновацлаг эмнэлгүүдтэй хиймэл оюун болон эмнэлгийн инновацын төслүүд дээр хамтран ажиллаж байна. Саяхан манай баг эмнэлгийн хиймэл оюунтой холбоотой олон улсын баримт бичиг, зөвлөмжүүдийг стандартчилах зургаан агент бүхий хиймэл оюуны систем боловсруулж, судалгааны үр дүнгээ “International Conference on Machine Learning 2026”-д танилцуулсан.
Анагаахын салбарын хөгжлийг хиймэл оюунаар түүчээлнэ гэдэг сонирхолтой санагдаж байна. Дэлхийн улс орнууд энэ чиглэлээр ямар ололттой байна вэ?
Оношилгоо, эмчилгээний шийдвэр дэмжих систем, дүрс оношилгоо болон лабораторийн шинжилгээ, эрсдэлийн таамаглал, эмнэлгийн бичиг баримтын автоматжуулалт, өвчтөний алсын зайн хяналт, эмийн судалгаа зэрэг анагаахын салбарын олон чиглэлд хиймэл оюун нэвтэрч байна. Улс орнуудын хиймэл оюуны хэрэглээ, ололт амжилтын тухайд, мэдээж харилцан адилгүй байгаа. Зарим улс хөгжүүлэлт, зохицуулалт, өгөгдлийн дэд бүтэц, эмнэлзүйн туршилтад ихээхэн хөрөнгө оруулж байгаа бол нөөц хязгаарлагдмал орнууд аюулгүйгээр өөр улсад бүтээгдсэн хиймэл оюуны шийдлийг хэрэглэх, өөрсдийн хиймэл оюуныг бүтээх дэд бүтцийг бий болгох, телемедицин, алсын хяналт, оношилгооны шийдвэр дэмжих систем зэрэг нэн тэргүүний хэрэгцээнд төвлөрч байна.
Харин хиймэл оюуны талаарх мэдлэг, хүлээлтийн хувьд, дэлхий даяар хурдацтай нэмэгдэж байгаа ч бодит хэрэглээ нь үүнтэй ижил хурдаар өсөөгүй байна.
Би 18 орны эмч нараас бүрдэх хараат бус хиймэл оюуны судалгааны багийг удирдан судалгаа хийсэн. 50 улсын 1049 эмчийг хамруулсан уг судалгаанд оролцогчдын 80.2 хувь нь хиймэл оюун эмнэлзүйн практикийг сайжруулна гэж үзсэн ч ердөө 27.8 хувь нь ашиглаж үзсэн байсан. Мөн судалгаанд хамрагдагсдын 17.7 хувь нь л хиймэл оюуны чиглэлээр албан ёсны сургалтад хамрагдсан болохоо илэрхийлсэн. Мөн бидний судалгааны нэг гол дүгнэлт бол “технологи худалдан авах нь түүнийг бодитоор нэвтрүүлсэн гэсэн үг биш, технологийн өндөр нарийвчлал нь эмнэлзүйн үр нөлөөтэй адил биш” байсан юм.
Та БНСУ-д мэргэжлээрээ ажиллаж, амьдарч буйн хувьд тус улсын туршлагаас юуг онцлох вэ?
БНСУ төр, эрдэм шинжилгээний байгууллага, эмнэлэг, технологийн компаниудын хамтран ажиллах орчныг маш сайн бүрдүүлсэн. Миний ажигласнаар БНСУ дэлхийд судлагдаж, үр нөлөө нь нотлогдсон технологи, судалгааг эмнэлгийн бодит асуудлыг шийдвэрлэх шийдэл болгон хөрвүүлэх чадвараараа гайхалтай санагддаг. Өөр нэг давуу тал нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо өндөр түвшинд цахимжуулсан явдал. БНСУ одоо зөвхөн алгоритм хөгжүүлэхээс илүү асуудлыг шийдвэрлэх, эмнэлгийн бодит орчинд турших, эмнэлзүйн үр нөлөөг нотлох, өгөгдлийг аюулгүй ашиглахад анхаарч байна. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газар 2026 онд эмнэлгийн хиймэл оюуны 20 туршилт, баталгаажуулалтын төслийг шинээр дэмжиж, эрүүл мэндийн өгөгдөл ашиглах хөтөлбөрөө өргөжүүлэхээр төлөвлөсөн. Энэ бол өгөгдлийн дэд бүтэц, эмнэлзүйн баталгаажуулалт, түүнийг тогтвортой санхүүжүүлэх талбарт хэр зэрэг анхаарч буйн илрэл юм.
Аливаа салбарт хиймэл оюуны нөлөө мэдрэгдээд эхэлмэгц зарим нь санаа зовдог. Ийм хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
Анагаахын салбарын тухайд, хиймэл оюун нь салбарын эмч ажилчид, өвчтөн, эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Түүнээс эмчийг орлох гэж буй хэрэг биш гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу. Хиймэл оюуны тусламжтайгаар бид өвчнийг эрт илрүүлэх, их хэмжээний мэдээллийг богино хугацаанд боловсруулах, давтагддаг ажлыг автоматжуулах, эмчилгээний шийдвэрийг дэмжих, алдаа гарах эрсдэлийг бууруулах боломжтой. Ингэснээр эмч илүү нарийн төвөгтэй, хүнд тохиолдлуудад илүү цаг зарцуулах, өвчтөнтэй ярилцах, мэдээллийг ойлгомжтой тайлбарлах, хамтран шийдвэр гаргах зэрэг хүний оролцоо шаарддаг ажилдаа илүү цаг зарцуулж чадна. Ялангуяа Монгол шиг өргөн уудам нутагтай, нарийн мэргэжлийн хүний нөөц нь хот суурин газартаа төвлөрсөн улсад хиймэл оюун, телемедицин, робот технологи, өвчтөний алсын хяналт онцгой ач холбогдолтой. Эдгээр технологи нь орон зай, хүний нөөцөөс үүдэлтэй тэгш бус байдлыг бууруулж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Гэхдээ ажлын урсгалын нийцэл, зөв технологи, өгөгдлийн нууцлал, алгоритмын хяналт, мэдээллийн аюулгүй байдал, хариуцлагын зохицуулалт, эмчийн эцсийн хяналтыг оновчтой хослуулж байж бодит үр дүн бий болно.
Тэгвэл Монгол Улс энэ чиглэлээр ахиц гаргахын тулд юунд анхаарах шаарддлагатай вэ?
Бид ямар хиймэл оюун худалдаж авах, аль системийг хөгжүүлэхээ урьтал болгохын оронд эрүүл мэндийн ямар асуудлыг хиймэл оюунаар шийдвэрлэх вэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт, эмнэлгийн өгөгдлийн чанар, стандарт, систем хоорондын уялдаа, мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдлын суурийг бүрдүүлэх шаардлагатай. Чанаргүй өгөгдлөөс чанартай хиймэл оюуны шийдэл төрөхгүй. Гуравдугаарт, эмч, сувилагч, инженер, өгөгдлийн мэргэжилтэн, хуульч, ёс зүйн судлаачдыг хамтран ажиллуулах орчин болон мэргэжлийн сургалтын тогтолцоог хөгжүүлэх ёстой.
Дөрөвдүгээрт, гадаадад хөгжүүлсэн системийг шууд худалдан авч ашиглахаас өмнө Монголын хүн ам, хэл, эмнэлзүйн орчин, дэд бүтцэд туршиж, аюулгүй байдал, үр нөлөөг нь баталгаажуулах шаардлагатай. Тавдугаарт, алслагдсан бүсийн оношилгоо, телемедицин, эмнэлгийн дүрс оношилгоо, яаралтай тусламж, өвчтөний алсын хяналт зэрэг Монголд бодит хэрэгцээ өндөр салбараас эхэлж болно. Мөн тогтвортой санхүүжилт, хариуцлага, эмнэлзүйн үр дүнгийн үнэлгээ, урт хугацааны засвар үйлчилгээ бүхий тогтвортой нэвтрүүлэлтийн тогтолцоо шаардлагатай.

Таны карьерийн замнал хэрхэн өрнөсөн нь сонирхолтой санагдаж байна. Энэ хүртэлх түүхээсээ манай уншигчдад хуваалцахгүй юу?
Би 2015 онд Этүгэн их сургуулийн Эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. “Этүгэн” бол миний эмч-судлаач болох замналын эхлэл. Өнөөдөр хийж буй ажлын маань суурийг тавьсан сургууль минь. Надад анагаах ухааны суурь мэдлэгээс гадна хариуцлагатай байх, тасралтгүй суралцах, боломжийг өөрөө эрэлхийлэх, боломж байхгүй бол түүнийг бүтээх хандлагыг төлөвшүүлсэн гэж боддог.
Монголд эзэмшсэн энэ суурин дээрээ би үргэлжлүүлээд Тайландын Mahidol University сургуулийн Siriraj Hospital эмнэлэгт дүрс оношилгооны резидентурт гурван жил суралцсан. Дараа нь АНУ-ын Harvard Medical School сургуулийн харьяа Massachusetts General Hospital эмнэлэгт цээжний дүрс оношилгооны олон улсын эмч нарт зориулсан дагалдан дадлагын хөтөлбөрт хамрагдсан. Мөн Их Британийн Засгийн газрын Chevening тэтгэлгээр University of Bristol-д цахим эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалсан. Мөн Японы эмнэлэг, мэргэжилтнүүдтэй хэрэгжүүлсэн сургалт, солилцоо, хамтарсан ажлуудаас эрүүл мэндийн тусламжийн чанар, сахилга хариуцлага, технологийн хэрэглээний талаар олон зүйл сурсан.
Миний хувьд, сайн дурын болон олон нийтийн ажилд оролцоод 15 жил болж байна.
Мөн Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбоог удирдан Төв Азийн таван улс, Монгол, БНСУ-ын эмч, судлаач, хиймэл оюуны инженерүүдэд зориулсан “Торгоны замын эрүүл мэндийн өгөгдлийн шинжлэх ухааны фелловшип” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Өнөөдөр энэ хөтөлбөр 25 феллов, 120 гаруй гишүүн, дэмжигч бүхий бүс нутгийн хамтын нэгдэл болж өргөжсөн. Оролцогчид маань Стэнфордын их сургууль, NVIDIA зэрэг байгууллагын эрдэмтэн, мэргэжилтнүүдээс суралцаж, хамтдаа хөгжиж байгааг харах сайхан байдаг.
Та эх орондоо дээд боловсролын сууриа тавихын давуу талыг хэрхэн тодорхойлох вэ?
Дэлхийн иргэн болно гэдэг нь эх орноосоо явахаар, эсвэл гадаадад сурахаар хэмжигдэхгүй. Гагцхүү даяаршсан нийгэмд дэлхий иргэн болох үндэс сууриа сайн тавихаас эхэлнэ. Эх орондоо бакалаврын боловсрол эзэмших нь өөрийн орны хэл соёл, нийгмийн хэрэгцээ, тулгамдсан асуудлыг гүнзгий ойлгох боломж олгодог. Хамгийн чухал нь урт хугацааны нөхөрлөл, ажил мэргэжлийн харилцааны өргөн сүлжээг бий болгоход дөхөм байдаг. Монголд суралцсан оюутанд дотоодын бодит асуудлыг судалгааны сэдэв, инновацын боломж болгон харах чадвар суудаг. Энэ боломжуудыг атгасны дараагаар магистр, доктор мэргэшүүлэх сургалтаа гадаадад үргэлжлүүлж болно. Олон улсын мэдлэг, туршлагыг эх орныхоо нөхцөлд тохируулан ашиглах, дахин загварчилах нь мэдээж чухал. Миний өөрийн замнал ч үүний нэг жишээ.
Би хөдөө орон нутагт дүрс оношилгооны эмчээр ч ажиллаж байсан. Тэр үедээ хүний хаана, амьдарч байгаа нь эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарлах ёсгүй гэдгийг маш сайн ойлгосон. Тийм ч учраас одоо хийж байгаа ажил маань надад үнэ цэнтэй санагддаг. Саяхан би Этүгэн их сургууль болон Сөүлийн үндэсний их сургуультай хамтран цахим эрүүл мэндийн төвийн төсөл эхлүүлсэн. Монголчууд маань тун удахгүй үр шимийг нь мэдрэх байх гэж итгэж байна.
Mongolian Economy сэтгүүл, "Их сургууль бүтээгч" үндсэн дугаараас, 2026 оны 9-р сар


