“Титан Центр” цар тахлын үед үүдээ нээсэн санагдаж байна. Яагаад заавал тэр үед үйл ажиллагаа эхлүүлэхээр шийдсэн юм бэ?
Тийм шүү, та зөв санаж байна. Манайх 2021 онд үүдээ нээсэн. Цар тахлын үед бизнес эрхлэгчид, тэр дундаа барилгын материалын худалдаа, ханган нийлүүлэлтийн салбарынхан хамгийн хүнд сорилттой тулгарсан. Хил хаалттай, тээвэр логистик сааталтай, бараа материалын үнэ богино хугацаанд хэлбэлздэг, ирээдүй хааш эргэх нь тодорхойгүй байсан. Ийм үед “Титан Центр”-ээ нээж, эрэлт нийлүүлэлтийн гинжин хэлхээнд гол “холбон тоглогч”-дын нэг болж чадсанаараа бахархдаг.
Тухайн үед Нисэх, Яармаг орчим ид барилгажиж байсан ч барилгын материалын худалдаа, үйлчилгээ хотын төв, зүүн зах руу төвлөрч байсан.
Тиймээс бид хэрэглэгчдэд ойртож, түгжрэлд алдах цагийг нь хэмнэхийг зорьсны үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Орон гэр, ажлын орчноо сайхан болгоно гэдэг өдөр тутмын сонголтоос хамаарах зүйл биш. Магадгүй нэг удаагийн сонголтоор насан туршийнхаа тав тухыг ч бүтээж болно. Тиймээс үйлчлүүлэгч тайван, тухтай орчинд бүтээгдэхүүнээ харьцуулж, судалж аваасай гэж бодсоны үндсэн дээр худалдааны төвийнхөө үндсэн концепцыг боловсруулсан. “Тав тухыг эрхэмлэгч Титан Центр” гэсэн уриа маань ч үүнтэй холбоотой.
Байгуулагдаад таван жил болсон байна. Энэ хугацаанд зах зээлд эзлэх байр сууриа хэр сайн бататгаж чадсан гэж та үзэж байна вэ?
Байршил бол манай том давуу тал. Бид Яармаг, Нисэх орчмын нийтийн болон амины орон сууц, худалдаа үйлчилгээний бүтээн байгуулалтад гол нийлүүлэгч нь байж чаддаг. Мөн энэ бүсэд барилгын материалын төрөлжсөн, иж бүрэн худалдааны төвийн концепцыг анхлан нэвтрүүлсэн гэдэг утгаараа үнэнч үйлчлүүлэгчдийнхээ хүрээг аль хэдийнэ бий болгосон байна. Гэхдээ бид дан ганц байршлын давуу талаар энэ амжилтад хүрээгүй. Манайд олон улсын чанартай брэндүүдийн албан ёсны дистрибьютер компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тийм ч учраас бүтээгдэхүүний гарал үүсэл, техникийн үзүүлэлт, баталгаа, стандарт гээд бүх зүйл тодорхой байдаг. Энэ бол бидний гол давуу тал.

Худалдан авалтын тав тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарсан гэсэн шүү дээ. Тав тухыг цогцлоосон шийдлүүдээсээ та онцолж дурдахгүй юу?
Бид барилгын материалын худалдааг зөвхөн агуулах, лангуугаар хязгаарлаагүй. Ялангуяа барилгын материал овор хэмжээ ихтэй учраас автомашины зогсоол, ачих буулгах нөхцөл, зогсоолын аюулгүй байдал зэргийг сайтар бодолцсон.
Мөн гэр орон, албан тасалгаандаа тав тух бүтээнэ гэдэг зөвхөн нэг хүний шийдэж сонгох ажил биш гэдгийг чухалчилж үзсэн. Бас барилгын материал авахаар ирэхдээ хүн хэдэн ч цагийг зарцуулж болно. Иймээс үйлчлүүлэгчдийнхээ амарч суух хэсэг, гэр бүл, найз нөхдөөрөө хооллох цэвэр, тохилог орчин зэргийг нэг дор шийдсэн.
Нисэх, Яармаг орчмын бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулдаг гэсэн нь анхаарал татлаа. Энэ хавьд хамтарч хэрэгжүүлсэн төслүүдээсээ онцолбол аль төслөө нэрлэх вэ?
“НОМИН Реалтор” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн “НОМИН Макро” төвийн төслийг онцолно. 2024 онд ашиглалтад орсон энэ бүтээн байгуулалт 26 мянган м2 талбайтай. Warehouse mall буюу агуулах-худалдааг хослуулсан концепцоор хэрэгжсэн. Энэ төсөл тухайн ондоо “Шилдэг барилга”-аар шалгарч байсан юм. Цахилгаан автомашин цэнэглэх цэг, гадна болон дулаан зогсоолын талбай, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шийдлүүд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шийдэл зэрэг нь барилгын салбарт, тэр дундаа худалдаа, үйлчилгээний бүтээн байгуулалтад шинэ жишиг тогтоож чадсан.
Барилгын материалын зах зээлийн өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэх вэ?
Монголчууд бид үндсэн материалуудаа хүртэл гадаадаас авдаг байсан. Харин өнөөдөр цемент, бетон, дулаалга, зарим хийц, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдээд байна. Энэ бол маш чухал ахиц. Манай худалдааны төвд ч үндэсний брэндүүд үйл ажиллагаа явуулж байна. Салбарын хөгжлийн тухайд, хөгжлийн дараагийн шат руу шилжиж байна гэж боддог.
Материалын чанар стандарт, эрчим хүчний хэмнэлт, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэргийг илүү чухалчилдаг болж байна.
Ялангуяа хэрэглэгчдийн сонголт, хэрэглээний соёл, хандлага өөрчлөгдөж байгаа нь бидэнд тод мэдрэгдэж байгаа. Хэрэглэгчид тав, арван жилийн дараах зардлыг тооцдог болж байна. Ялангуяа амины орон сууц барьж буй иргэд дулаан алдагдал, цонхны чанар, халаалтын зардал, ус ашиглалтад илүү нухацтай ханддаг болсон. Дулаан алдагдал багатай блок, 3-4 давхар шиллэгээтэй вакуум цонх, дулаан тусгаарлалт сайтай материал, ухаалаг удирдлагын систем, саарал ус дахин ашиглах төхөөрөмжийн эрэлт мэдэгдэхүйц өсөж байна.
Салбарынхаа эрсдэлүүдийг та юу гэж тодорхойлох вэ? Мөн ямар дэмжлэг байвал оновчтой вэ?
Валютын ханш, тээвэр логистик, татвар гаалийн орчин бидэнд хамгийн хүчтэй нөлөөлдөг. Тиймээс хүн амыг орон сууцжуулж, яндангаа цөөлөх нь үнэхээр чухал бол барилгын материалыг тодорхой хугацаанд гааль, НӨАТ-ын хөнгөлөлтөд хамруулах боломжийг судлах хэрэгтэй. Мөн зах зээлд гарал үүсэл тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нэвтрэх эрсдэл байсаар л байна. Мэдээж сүүлийн жилүүдэд хяналт харьцангуй сайжирч байгааг үгүйсгэхгүй. Барилга ашиглалтад орох үед материалын тохирлын гэрчилгээ, сертификатыг шалгах, шаардлага тавих нь илүү сайжирсан. Гэхдээ хяналтыг төгсгөлийн шатанд хийхээс илүү нийлүүлэлтийн сүлжээний эхнээс эхлүүлэх хэрэгтэй гэж боддог. Импортлогч, үйлдвэрлэгч, худалдааны байгууллага, гүйцэтгэгчийн түвшинд бүх мэдээлэл тодорхой, стандартын гэрчилгээ баталгаатай байх тэр тогтолцоог төлөвшүүлэх шаардлагатай.
Монголын барилгын салбарын дараагийн 10 жилийг та хэрхэн төсөөлж байна вэ? “Титан Центр” салбарын цаашдын хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ?
Ирэх 10 жилд барилгын салбар эрчим хүчний хэмнэлт, ногоон технологи, ухаалаг удирдлагын шийдэл рүү илүү эрчимтэй шилжинэ гэж бодож байна. Шинэ барилга, хотхонууд сэргээгдэх эрчим хүч ашигладаг, дулаан алдагдал багатай, усаа хэмнэж дахин ашигладаг болно гэж найдаж байна. Мөн төсөл хэрэгжүүлэгчдэд анхны өртгөөс илүү 30–50 жилийн ашиглалтын зардлыг тооцдог хандлага улам сайн төлөвшөөсэй гэж хүсэж байна. Харин “Титан Центр”-ийн хувьд, шинэ материал, технологи, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэг дороос танилцуулж, хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь мэдээлэл, зөвлөгөө өгдөг гол туслагч нь байх болно.





