Тус компани 10 гаруй жилийн хугацаанд орон сууц, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, аж үйлдвэрийн болон өндөр барилгын чиглэлээр 150 орчим төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

Ялангуяа 2020 оноос хойш Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлох өндөр барилгын зураг төслүүдэд тогтмол ажиллаж, төслийн цар хүрээ, нарийн төвөгтэй шийдлүүдтэй зэрэгцэн мэргэжлийн ур чадвараа ч тасралтгүй хөгжүүлж буй залуу хамт олонтой компани.

MGL E&C нь барилгын зураг төслийн бүхий л үндсэн чиглэлийг нэг дор нэгтгэн ажилладаг. Архитектур, хот төлөвлөлт, ландшафт, барилга бүтээцээс эхлээд халаалт, агаар сэлгэлт, цахилгаан, ус хангамж, ариутгах татуурга, автоматик, холбоо дохиолол, интерьер дизайны зураг төслийг тэд иж бүрэн боловсруулдаг. Ялангуяа төслийн менежмент болон зохиогчийн хяналтыг хэрэгжүүлснээр зураг төслийн шийдэл, хэрэгжилтийн явц, төслийн чанарыг нэг цогц системээр удирдах боломжийг бүрдүүлдэг нь тэдний нэг онцлог юм. Энэ нь захиалагчийн хувьд олон төрлийн мэргэжлийн үйлчилгээг нэг дороос авах, харин төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд харилцан уялдаатай, нэгдсэн шийдлээр ажиллах давуу талыг бий болгодог.

Тэр ч утгаараа 2025 онд Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойгоор MGL E&C нь “Барилгын зураг төслийн оны шилдэг компани”-аар шалгарч байсан бол энэ онд буюу түүхт 100 жилийн ойгоор дахин зураг төслийн шилдэг компаниар шалгарч амжилтаа бататгажээ. Эдгээр шагнал нь компанийн олон жилийн туршлага, хэрэгжүүлсэн төслүүдээс гадна зураг төсөл, инженерчлэлийн салбарт чанар, инновац, мэргэжлийн стандартыг эрхэмлэн ажиллаж ирсний үр дүн юм. Энэхүү амжилт нь MGL E&C ийн хувьд өнгөрсөн амжилтаа дүгнэхээс илүүтэй, барилгын салбарын дараагийн хөгжлийн үе шатанд илүү өндөр хариуцлага, шинэчлэлтэйгээр ажиллах урам зориг болсон билээ.

2025 оны аравдугаар сард MGL E&C нь БНХАУ-ын CNADRI компанитай хамтран HIGH RISE BUILDING FORUM-ыг амжилттай зохион байгуулсан. Тус форумаар өндөр барилгын төлөвлөлт, бүтээцийн шийдлээс гадна барилгын салбарт уламжлалт байдлаар ашиглаж ирсэн арга технологиуд хэрхэн шинэчлэгдэж, өнөөдөр ямар дэвшилтэт шийдлүүдээр солигдож буй талаар талууд олон улсын туршлага, мэдлэгээ хуваалцсан юм.

Тус арга хэмжээнд 100 орчим байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцсон нь Монголын барилгын салбарын мэргэжлийн оролцогчдыг олон улсын шинэ мэдлэг, технологитой холбох чухал талбар болсныг дурдах нь зүйтэй. Уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд 2026 оны форум аравдугаар сард болох юм.

Компанийн өөр нэгэн онцлох амжилт бол 2026 онд зураг төслийн ажлын бүхий л үе шатыг хянах боломжтой, хиймэл оюунд суурилсан MGL E&C Design System + AI системийг хөгжүүлэн бүрэн нэвтрүүлсэн нь билээ. Энэхүү системийн гол онцлог нь зураг төсөлд менежмент хийх, захиалагч болон гүйцэтгэгч талд төслийн явцыг нэгэн зэрэг, илүү ил тод байдлаар хянах боломжийг бүрдүүлж буйд оршино.

Нэг жилийн хугацаанд системийг бодит ажлын хэрэгцээнд тулгуурлан тасралтгүй хөгжүүлснээр зураг төслийн явц, ажлын гүйцэтгэл, хяналтыг илүү нарийвчлалтай болгохын зэрэгцээ өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчилж, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлжээ. MGL E&C-ийн хувьд технологийн шинэчлэл нь зөвхөн шинэ программ, систем нэвтрүүлэх бус, ухаалаг технологийг ажлын соёлтой нэгтгэн захиалагчийн туршлага, төслийн үр ашиг, найдвартай байдлыг дараагийн шатанд гаргах явдал билээ.