Монголын эдийн засгийн “Mongolian Economy” сэтгүүл болон Бельги Улсын Брюссель хотод үйл ажиллагаа явуулдаг “Diplomatic World” сэтгүүл хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Тус санамж бичигт "Mongolian Economy" эдийн засаг, бизнесийн сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр болон "Diplomatic world" сэтгүүлийн Гүйцэтгэх захирал Barbara Dietrich нар гарын үсэг зурав. Мөн тус арга хэмжээний үеэр  "Diplomatic world" сэтгүүлийн Төслийн захирал Alberto Turkstra байсан юм.

“Mongolian Economy” сэтгүүл нь монгол болон англи хэлээр хэвлэгддэг бөгөөд Монгол Улсын эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, санхүү, дэд бүтэц, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэдээлэл, дүн шинжилгээ, контент хүргэдэг. Бид 15 жилийн турш хараат бус, мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйн зарчмыг баримтлан ажилладаг Монголын бизнес, эдийн засгийн хэвлэл мэдээллийн платформ юм. “Mongolian Economy” хэвлэмэл болон дижитал платформуудаар дамжуулан төрийн байгууллага, бизнесийн удирдлага, хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллага болон бусад оролцогч талуудыг холбодог. Мөн эдийн засаг, бизнесийн мэдээлэлд суурилсан яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсад сурталчлан таниулахад хувь нэмэр оруулж байна.

“Diplomatic World” сэтгүүл нь Бельги Улсын Брюссель хотод төвтэй, дипломат харилцаа, олон улсын харилцаа, бизнес, санхүү, соёл болон дэлхийн үйл явдлын талаарх мэдээлэл, контентод төвлөрдөг олон улсын хэвлэл мэдээллийн платформ юм. Тус байгууллагын уншигч, харилцагчдын хүрээнд дипломатчид, төрийн албан тушаалтнууд, олон улсын байгууллагууд, бизнесийн удирдлагууд болон шийдвэр гаргагчид багтдаг бөгөөд олон улсын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжих, улс орон болон байгууллагуудын олон улсын түвшний харагдах байдлыг нэмэгдүүлэх мэдээллийн талбар болж ажилладаг.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улс болон олон улсын хамтын нийгэмлэгийн хоорондын дипломат харилцаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, соёл болон олон улсын хамтын ажиллагааны талаарх мэдээлэл, контентын солилцоог өргөжүүлэхэд оршиж байгаа юм.  Талууд өөрсдийн хэвлэл мэдээллийн платформ, редакцын нөөц, олон улсын сүлжээ, контент болон арга хэмжээний боломжийг ашиглан Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломж болон олон улсын хамтын ажиллагааг сурталчлахыг зорьж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд, олон улсын хүрээлэл болон уншигчдын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.