Монголын мах махан бүтээгдэхүүн дэлхийд чанартайд тооцогддог. Учир нь бэлчээрийн олон төрлийн эмт ургамлыг хүртсэн малын мах хүний биед ач тусаа гайхалтай өгдөг. Тэгвэл сүүлийн жилүүдэд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани олширч, бүтээгдэхүүний чанараараа өрсөлдөж байна. Тэдгээр компаниудын нэг бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Орхон-Энхбүтэмж” ХХК юм.

Хэдий хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ч тус компанийн бүтээгдэхүүн 20 гаруй жилийн турш тухайн бүс нутгийнхаа иргэдэд таашаагдаж, аль хэдийн итгэлийг нь олжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр бүтээгдэхүүн нь салбарын шилдгээр тодорч ирсэн байна. Тодруулбал, “Зочин” хиам, “Вакуумжсан адууны утсан мах”, “Салями” хиам нь оны шилдэг махан бүтээгдэхүүнээр шалгарч байв. Түүнчлэн “Технологи нь тогтворжсон бүтээгдэхүүн”, “Баталгаат бүтээгдэхүүн”, “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”, “Орон нутгийн онцлог шилдэг бүтээгдэхүүн”, “Шилдэг татвар төлөгч  байгууллага”, “Давс багатай мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” зэрэг шагналын эзэд болсоор ирсэн үндэсний шилдэг үйлдвэрлэгч компанийн нэг юм.

“Орхон-Энхбүтэмж” компани 2001 онд ОХУ-аас жижиг оврын тоног төхөөрөмж оруулж ирснээр үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн аймгийнхаа ард түмний хүнсний хэрэгцээг хангах боломж бүрдсэн байна. Улмаар 2011-2013 онд ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, хөнгөвчлөх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, Хятад, Герман зэрэг орны тоног төхөөрөмжөөр 100 хувь шинэчилснээс гадна хөргөлтийн системээ сайжруулан томруулжээ. Үүний зэрэгцээ хавар хэрэглэх мах, түүхий эдийг чанарын шаардлага хангасан хөргүүрт нөөцлөн хэрэглэж байгаа юм.

“Орхон-Энхбүтэмж” ХХК-ийн хамт олон

“Орхон-Энхбүтэмж” компани өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэд хагас болон давхар утлагат хиам, чанамал хиам, төрөл бүрийн утсан мах, бууз, банш, гахай, үхрийн стейк зэрэг хагас болон бүтэн боловсруулсан 30 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэдийн хүнсний хэрэгцээний тодорхой хувийг хангаж байна. “Орхон-Энхбүтэмж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Бүтээгдэхүүнийхээ чанар болон тухайн үеийн эрэлт хэрэгцээ, ажилчдын мэдлэг ур чадварыг сайжруулах зорилгоор 2007, 2010 онд ОХУ-аас, 2012, 2014 онд Германаас, 2022 онд ОХУ-аас технологич урьж авчран шинэ технологи нэвтрүүлснээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон.

Хиам, зайдас үйлдвэрлэлийн процесс

Манай компани “Траст трейд” ХХК, ОХУ-ын “Сибагро” компани, ”Хүнс Мастер” ХХК, “Хүнс Комплекс” ХХК, “Юм Юм” ХХК, ХБНГУ-ын “Moguntia” компани, Тяньжины бүрхэвчний үйлдвэрүүдээс чанарын шаардлага хангасан түүхий эд материал авч хэрэглэж байна” хэмээн онцоллоо. Тус компани мэдээж бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуйд анхаарлаа дээд зэргээр хандуулж, шинжилгээнд оруулан шинжилгээний бичигтэйгээр борлуулдаг. Түнш компаниуддаа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ зориулалтын хөргүүртэй машинаар цаг тухайд нь нийлүүлдэг хэрэглэгчдийн найдвартай түнш компани юм. Мөн 2021 онд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлжээ.

“Орхон-Энхбүтэмж” компани 15 ажилтантай бөгөөд тэднийхээ амьдрал ахуйг дэмжиж, гурван хүнд орон сууц, таван хүнийг унах унаатай болгожээ.

Мөн хүүхдийн баяраар захидлын уралдаан зарлаж, 100 хүүхдэд бэлэг өгөхөөс эхлээд нийгэмд тустай олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн олон компанийг үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ үйлдвэр байгуулах, жижгээс дунд, дундаас том руу ахихад нь нөлөөлсөн. Тус хөдөлгөөний хүрээнд Монгол Улс махныхаа хэрэглээг дотоодоосоо 100 хувь, махан бүтээгдэхүүнийг 79 хувь хангадаг болоод байгаа юм. Түүнчлэн улсын хэмжээнд мах боловсруулах 76 үйлдвэр байсан бол 2025 оны байдлаар 83 болж өссөн дүн мэдээ байгааг энд дурдах нь зүйтэй байх.

“Орхон-Энхбүтэмж” компанийн тухайд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хөрөнгө оруулалтын зээлд хамрагдан 700 сая төгрөгийн зээл авч, хүнсний стандарт, шаардлагад нийцсэн шинэ үйлдвэрийн байраа барьж байгаа юм. Шинэхэн үйлдвэрээ ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар тэд төлөвлөжээ.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 22-23-р нүүр