Жаргах нар, уулсын орой, уудам тал хөндийг тольдонгоо дурсамжаа мартагдашгүйгээр “урлах” боломжийг Orange Air компани танд санал болгож байна. 2023 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани нислэгийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, Airbus брэндийн шинэхэн нисдэг тэргүүдээр захиалгат нислэгийн үйлчилгээ үзүүлж байна.

Тус компанийн дэд захирал Ө.Билгүүнтөр захиалгат нислэгийн үйлчилгээг чинээлэг хүмүүс, бизнес эрхлэгчдийн хэрэглээ гэж төсөөлөх хандлага өөрчлөгдөж эхэлснийг онцолсон нь анхаарал татаж байв. Тухайлбал, тэдний үйлчлүүлэгчдийн дунд гэрлэх санал, хуримын зураг авалт, бал сарын аяллаа илүү онцгой болгох гэсэн 20-иод настнууд цөөнгүй байдаг аж. Компанийн хамт олон ч үйлчлүүлэгчийнхээ онцгой мөчийг бүтээлцэж буйгаа гүнээ ухамсарладаг. Үүнийг бүхээгт бүтээсэн тухтай, романтик орчноос нь мэдэрч болно. Энэ үйлчилгээ шинэ үеийн залууст үнэхээр л үгүйлэгдэж байсан гэлтэй.

Товчхондоо гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барих, хүүхдүүддээ дурсамж бүтээх, хайртай хүнээ баярлуулах гэсэн хүсэл нислэгийн захиалга болон тэдэнд ирдэг байна. 15-30 минутын богино нислэгүүдийнх нь үнэ төлбөр ч харьцангуй боломжийн.

Гэхдээ Orange Air компанийн үйлчилгээг зөвхөн богино хугацаат нислэгээр төсөөлбөл өрөөсгөл. Тэд дэлхийн агаарын тээврийн салбарт нэр хүндтэй, хамгийн шилдэг хөлгүүдээр үйлчилгээ үзүүлж буйн хувьд захиалагчийн хүсэлтээр эх орны дөрвөн зүг, найман зовхист аян замыг тань дөтөлнө. Автомашинаар зургаан цаг явж хүрэх газарт цаг орчим нисээд л хүрчихнэ гэдэг “тансаглал”. Ялангуяа богино хугацаанд илүү ихийг үзэх хүсэлтэй, тав тухыг эрхэмлэгч гадаад жуулчдын захиалга нэмэгдэж байгаа аж.

Өнгөрсөн зун л гэхэд тус компаниас нислэгийн үйлчилгээ захиалагчдын 40 орчим хувь нь гадаадын жуулчид байжээ. Энэ нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлт гэдгийг Ө.Билгүүнтөр онцолж байв. Түүнчлэн 2027 оны зургаа, долдугаар сарын эхний өдрүүдийн захиалгууд ирж эхэлжээ.

“Orange Air” компанийн дэд захирал Ө.Билгүүнтөр

Тэнгэрт нисэх зургаан үйлчилгээ

Нисдэг тэрэгний аяллыг Монголд хөгжүүлж буй анхдагч хийгээд хуруу дарам цөөн операторын нэг бол Orange Air. “Шунхлай холдинг”-ийн харьяа тус компани нислэгийг зөвхөн аялал жуулчлалын зорилгоор хязгаарладаггүй. Танд дор дурдсан хэрэгцээ гарвал www.orangeair.mn вебсайт болон 76025555 дугаарт захиалга өгөх боломжтой.

VVIP чартер: Удирдах албан тушаалтан, албан ёсны төлөөлөгчид, хувийн үйлчлүүлэгчдэд зориулсан дээд зэрэглэлийн чартер нислэг. Үйлчлүүлэгчийн цагийн хуваарь, хэрэгцээнд нийцүүлэн нислэгийг төлөвлөж, хоёр талын нисэх буудлын газрын үйлчилгээг бүрэн зохион байгуулна.

Байгалийн үзэмжийг тольдох нислэг: Монголын тал хээр, говь, Хангайн нуруу, тайга, цэнгэг нууруудыг тэнгэрээс цоо шинэ өнцгөөс мэдрэхэд тань туслах нислэг. Энэхүү нислэгийн маршрутыг таны хүсэл, улирлын онцлог, нислэгийн хугацаанд тохируулан хамтран төлөвлөнө.

Агаарын түргэн тусламж: Аян зам адал явдал, сайхан дурсамжаар дүүрэн ч гэнэтийн тохиолдлоор эмнэлгийн тусламж хэрэг болохыг үгүйсгэхгүй. Тэр тусмаа алслагдсан сум, орон нутагт минут бүр үнэтэй. Тус компанийн хувьд, өнгөрсөн жил эмнэлгийн яаралтай тусламжийн таван удаагийн нислэг гүйцэтгэжээ.

Уул уурхайн дэмжлэг: Orange Air уул уурхайн төслийн бүхий л шатанд агаарын тээврийн дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, ажилтны ээлжийн тээвэр, талбайн зураглал, хайгуулын нислэг, удирдлагын багийн тээвэр зэргийг захиалагчийн хүсэлтэд нийцүүлэн зохион байгуулдаг аж.

Ачаа тээвэр: Ачаа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг авто зам, нисэх зурвас хүрдэггүй бүсэд шуурхай хүргэнэ. Шаардлагатай тохиолдолд тэд гадаад дүүжин ачааны тээврийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Захиалгат чартер: Энэ бол таны хэрэгцээнд тохирсон тусгай нислэг юм. Чиглэл, цаг хугацаа, зорчигчийн тоогоо хэлэхэд л танд хамгийн тохиромжтой шийдлийг санал болгоно. Дээр дурдсан “романтик нислэг” ч энэ ангилалд багтана.

Аюулгүй байдал бүхнээс эрхэм

Аялагч уулсын бараа, алс хязгаарыг тольдох зуурт нисгэгчийн анхаарал нислэгийн аюулгүй байдалд төвлөрнө. Таатай мөчийг үйлчлүүлэгчдэдээ сэтгэл амар мэдрүүлэхийн тулд “Orange Air”-ийн багийн ажил газарт, нислэгээс нэлээд өмнө эхэлдэг. Мөн тэд бүх засвар үйлчилгээг өөрийн Part 145 зөвшөөрөлтэй байгууллага, ангар болон мэргэшсэн B1, B2 инженерүүдийнхээ тусламжтайгаар гүйцэтгэдэг. Ингэснээр чанар, аюулгүй байдал, нислэгийн бэлэн байдалд бүрэн хяналт тавьж чаддаг.Нисдэг тэрэгнүүдийнх нь тухайд, одоогоор тус компани Airbus брэндийн ACH145 загварын нэг, ACH130 загварын хоёр нисдэг тэрэг ашиглаж байна. Тун удахгүй дөрөв дэх нисдэг тэргээрээ флотын хүчээ зузаатгах гэж байгаагаа дэд захирал Ө.Билгүүнтөр хэлж байсан.

Тэд тав тухаас гадна аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаг

Германд үйлдвэрлэсэн ACH145 нь хос хөдөлгүүртэй бол Францад үйлдвэрлэсэн ACH130 нэг хөдөлгүүртэй. Мөн эдгээр нисдэг тэрэг нь өргөн бүхээг, орчныг сайн харах боломж бүхий хийц загвараараа аяллын нислэгт тохиромжтой. Үүгээр зогсохгүй гурвуулаа дээд зэрэглэлийн дотоод тоноглолтой. Тав тухаас гадна аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаг. Тодруулбал, Airbus нь зорчигчийн тав тух, нисгэгчийн ажлыг хөнгөвчлөх технологийг нэг дор шийдсэн. Helionix цахим систем, автомат жолоодлого нь нислэгийн мэдээллийг хянах, агаарын хөлгийг удирдахад нисгэгчид тун чухал дэмжлэг үзүүлдэг. Өөр нэг онцлог нь хамгаалалт бүхий сүүлний сэнс юм. Энэ шийдэл аюулгүй байдлыг дэмжихийн зэрэгцээ дуу чимээг бууруулдаг.

“Аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт” хэмээн дэд захирал Ө.Билгүүнтөр хэдэнтээ онцолсон. Тус компани агаарын тээвэрлэгчийн болон техник үйлчилгээний хяналтад тогтмол хамрагддаг. Одоогоор нисдэг тэрэгнийх нь техник үйлчилгээг есөн инженер хариуцан ажиллаж байна. Мөн багийнхныхаа мэдлэг, дадлыг ахиулахад анхаарч, нисгэгч, инженерүүдээ жил бүр гадаадад давтан сургалтад хамруулдаг.

Эдгээр сургалтаар нөхцөл байдлыг зөв үнэлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, оновчтой авах ур чадварыг нь бататгадаг байна.

Хамгийн чухал нь тус компани эл туршлагаа Монголдоо түгээхээр нисэхийн сургалтын байгууллага болох зорилт дэвшүүлжээ. Нисгэгч, инженерээ дотооддоо бэлтгэх боломж бүрдүүлэх нь компанийн өсөлт, салбарын боловсон хүчний суурийг бэхжүүлэх чухал алхам юм. Аялагчдад үлдэх дурсамжийн ард тогтмол сургалт, техник үйлчилгээ, бэлтгэгдсэн баг ажилладгийг түүний ярианаас ойлгож болохуйц байсан билээ.

Яргайт дахь үндсэн бааз, ангар

Mongolian Economy "Аялал жуулчлал-Ирээдүйн чиг хандлага" тусгай дугаарын 26-27 дугаар тал, 2026 оны 10-р сар