Танай компани барилгын зураг төсөл, инженерийн болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг. Та компанийнхаа онцлог, давуу талыг юу гэж тодорхойлох вэ?
“Сивил Инженеринг Консалтинг” ХХК 2002 онд байгуулагдсан бөгөөд ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, салхивч, цахилгаан хангамжийн шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг. Бидний гол давуу тал бол зураг төсөл, инженерийн тооцоо, зөвлөх үйлчилгээг уялдуулан үзүүлж, шаардлагатай тохиолдолд барилга угсралтын үеийн зохиогчийн хяналтыг хэрэгжүүлж, зураг төслөөс хэрэгжилт хүртэлх үйл явцад мэргэжлийн хариуцлага хүлээж ажилладагт оршино.
Барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын үр ашигт зураг төсөл ямар үүрэгтэй вэ? Танай байгууллага ямар зарчмыг чухалд тооцдог вэ?
Барилгын чанар нь зураг төслийн чанар, гүйцэтгэлийн чанар, хяналтын чанар гэсэн гурван үндсэн тулгууртай. Эдгээрийн аль нэг нь хангалтгүй бол барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын үр ашигт сөргөөр нөлөөлнө. Тиймээс бид зураг төслийн чанарыг өндөр түвшинд эрхэмлэж, инженерийн шийдлийг аль болох нарийн, үндэслэлтэй, хэрэгжих боломжтой байхаар боловсруулахыг зорьдог.
Бид зураг төслийг барилга, байгууламж, шугам сүлжээний “төрсөн цагийн шийдэл” гэж үздэг.
Барилгын аюулгүй байдал, бат бөх чанар, ашиглалтын зардал, цаашдын найдвартай ажиллагааны суурь шийдлүүдийн ихэнх нь зураг төслийн шатанд тодорхойлогддог. Иймээс зураг төсөл бол зөвхөн зураглал бус, барилга байгууламжийг хэрхэн зөв хэрэгжүүлж, ашиглахыг тодорхойлсон иж бүрэн техникийн шийдэл юм.
Онцолж танилцуулахуйц, мэргэжлийн багийн ур чадварыг харуулсан ямар төслүүд байна вэ?
Манай багийн хувьд 250,000 м³/хоног хүчин чадалтай Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөл онцгой ач холбогдолтой. Тус төсөлд зураг төслийн туслан гүйцэтгэгч, зохиогчийн хяналт хэрэгжүүлэгчээр ажиллаж, инженерийн байгууламж, технологи, шугам сүлжээний зураг төслийг боловсруулах, техникийн баримт бичгийг хөрвүүлэх, норм дүрмийн нийцлийг хангах, холбогдох байгууллагуудтай зөвшилцөх, улсын магадлалаар батлуулах болон барилга угсралтын явцад зохиогчийн хяналт хэрэгжүүлэх ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнээс гадна нийслэл болон орон нутагт ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, коллектор, цэвэрлэх байгууламж болон бусад инженерийн байгууламжийн олон төсөлд зураг төсөл, инженерийн тооцоо, зохиогчийн хяналтаар ажилласан туршлагатай.
Цаашид “Сивил Инженеринг Консалтинг” ямар чиглэлд төвлөрөх вэ?
Инженерийн зураг төслийн чанар, BIM болон дижитал технологид суурилсан төслийн уялдаа холбоо, иж бүрэн инженерийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхэд түлхүү анхаарна. Бид BIM-ийг зөвхөн гурван хэмжээст зураг гаргах хэрэгсэл бус, зураг төсөл, инженерийн тооцоо, төсөв, барилга угсралт, ашиглалтыг нэг мэдээллийн орчинд уялдуулах аргачлал гэж харж байна. Ингэснээр барилга байгууламжийн зөвхөн баригдах үеийн бус, бүх амьдралын мөчлөгийн үр ашиг, найдвартай ажиллагааг зураг төслийн шатнаас нь авч үзэх боломж бүрдэнэ.

Mongolian Economy "Бүтээн байгуулалтын 100 жил" тусгай дугаарын 60-61 дугаар тал, 2026 оны 9-р сар
Сэтгүүл үзэх: https://www.mongolianeconomy.mn/magazines/25522#page=30


