АНУ-ын хэвлэлүүд юуг онцолж байна вэ
Ерөнхийлөгчийн нам завсрын сонгуульд олон суудал алдах магадлалыг Д.Трампын шийдвэрүүд улам хүчтэй болгосон гэж Associated Press-ийн “Republicans face a midterm reckoning of Trump’s making” анализ нийтлэлд дурджээ. Тус агентлаг тарифын өрсөлдөөн, Ираны дайн, шатахуун болон хүнсний үнийн өсөлтийг онцолж, Бүгд найрамдах намын нэр дэвшигчид Д.Трампыг дэмжих, эсвэл түүнээс зай барих гэсэн ацан шалаанд орсон гэжээ. Гэхдээ Д.Трампад дургүйцсэн санал болгон Ардчилсан намыг тууштай дэмжсэн санал биш гэдгийг мөн сануулсан байна.
Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох бол Сенатын хяналт аль ч намд шилжих боломжтой тухай Fox News-ийн аравдугаар сарын 29-ний мэдээнд дурджээ. Харин аравдугаар сарын 26-нд Reuters/Ipsos-ийн гаргасан судалгаа дараах үр дүнг харуулсан.

Эдгээр нь зөвхөн дэмжлэгийн хувь бөгөөд ялах магадлалыг харуулахгүй юм. Улсын хэмжээний санал асуулга тойрог, муж тус бүрийн өрсөлдөөнийг бүрэн илэрхийлэхгүй тухай Reuters анхааруулжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллээр гарч буй өөр нэг чухал чиглэл нь Цагаан ордны сонгуулийн бэлтгэл юм. Хэрэв конгресс Ардчилсан намын хяналтад шилжвэл Д.Трампын баг гүйцэтгэх эрх мэдлээрээ дамжуулан бодлогоо үргэлжлүүлэх хувилбаруудыг хэдэн сарын турш боловсруулж буйг Reuters арваннэгдүгээр сарын 1-нд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн эрсдэлийг Д.Трампын засаг захиргаа ч тооцож буй бололтой.
Оросын хэвлэлүүд юуг онцолж байна вэ
Д.Трампын нэр хүнд намынх нь нэр дэвшигчдэд дарамт болж буйг РБК аравдугаар сарын 27-ны дэлгэрэнгүй нийтлэлдээ онцолсон. Ардчилсан нам доод танхимыг авах боломж өндөр болсноос гадна өмнө нь Бүгд найрамдах намын найдвартай түшиц гэж үздэг байсан мужуудад ч өрсөлдөөн нэмэгдсэнийг тэд тэмдэглэжээ. Гэхдээ сонгуулийн тойргийн хил өөрчлөгдөх болон саналын газарзүйн тархалтаас шалтгаалж улсын хэмжээнд авсан дэмжлэг нь тухайн муждаа олон суудал авах шууд нөхцөл болж хөрвөхгүй байж болохыг РБК сануулсан байна.
“Коммерсантъ” сонинд аравдугаар сарын 25-нд гарсан “За все ответит” нийтлэлд хоёр танхимыг алдвал Д.Трампын гэр бүл, засаг захиргааны эсрэг парламентын шалгалт нэмэгдэх, томилгоо болон төсвийн шийдвэрүүдэд нь саад учирна гэж өгүүлжээ. Харин аравдугаар сарын 26-ны “Дональд Трамп не готов проиграть” нийтлэл нь сонгуулийн үр дүнг баталгаажуулах ажиллагаа сунжрах эрсдэлтэйг онцолжээ.
Хятадын хэвлэлүүд юуг онцолж байна вэ
“Синьхуа” агентлаг арваннэгдүгээр сарын 1-ний “АНУ-ын завсрын сонгуулийн өмнө хоёр нам саналын хуудасны маргаанаар шүүхдэлцэж эхэллээ” материалдаа саналын хүчинтэй байдалтай холбоотой шүүхийн маргааныг онцолсон. Мөн өдрийн өөр нэг тоймд сонгуулийн дайралт, дуулиануудыг Америкийн улс төрийн туйлшрал, нийгмийн хуваагдлын илэрхийлэл болгон дүрсэлжээ.
Харин Хонконгийн “South China Morning Post” сонины арваннэгдүгээр сарын 1-ний “Could a midterm defeat tame Trump? Not on foreign policy, Chinese experts say” нийтлэлд Хятадын шинжээчид Ардчилсан намын ялалтыг итгэлтэй таамаглах боломжгүй гэж үзсэн байна. Д.Трамп Конгресс дахь дэмжлэгээ алдсан ч гадаад бодлогод илүү эрсдэлтэй, хэлцэлд тулгуурласан алхам хийх боломжтой хэвээр үлдэнэ гэж тэд үзжээ. Энэ нь сонгуулийн дараа Вашингтоны бодлого зөөлөрнө гэх хүлээлтийг эргэлзээнд оруулж байна.
Европын хэвлэлүүд юуг онцолж байна вэ
Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимыг “авахгүй” бол гайхмаар үр дүн болно гэсэн сонгуулийн шинжээчийн үнэлгээг Германы Deutsche Welle эш татжээ. Гэхдээ Техас зэрэг Бүгд найрамдах намын “өмчилсөн” мужуудад ч өрсөлдөөн ширүүссэн нь Сенатын хувьд боломж нээж байгаа болохоос ялалт баталгаажсан хэрэг биш гэдгийг тэд онцолсон. Өөрөөр хэлбэл, завсрын сонгууль нь Д.Трампын хүчийг үгүй хийхгүй ч түүний бодлогыг Конгрессоор батлуулах нөхцөл өөрчлөгдөх магадлалтай.
Харин Financial Times-ийн “Donald Trump’s endgame” нийтлэл нь сонгуулийн дараах зан төлөвийг онцолжээ. Бүгд найрамдах нам завсрын сонгуульд ялагдал хүлээх магадлалтай байгаа нь Д.Трампыг эрх мэдэл нь буурсан, сул ерөнхийлөгч болгохгүй бөгөөд харин ч зөрчилтэй, урьдчилан таахад хүндрэлтэй үеийг эхлүүлж болзошгүй гэж анхааруулсан байна.
Reuters-ийн хувилбар:



