Улсын хэмжээнд нийт 37 тусгай сан бий. Үүний 30 нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд 16 сайдын багцад хамаарч байгаа бол үлдсэн долоог /Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сан гэх мэт/ бусад хуулиар зохицуулж байна. Эдгээрээс төсвийн зарлагын гуравны нэгийг эзлэх 22 тусгай сан төсвийн зардлаар энэ жил үйл ажиллагаагаа явуулж буй. Тус сан нь Засгийн газрын тусгай сан гэсэн нэрийн дор жил бүр төсвөөс нийтдээ 2.1-2.3 их наяд төгрөгийн санхүүжилт авч буй. Дээрх сангуудын 14 нь Ажлын албатай бөгөөд урсгал зардалд нь жилд 40.2 тэрбум төгрөг зарцуулж байна.
Тиймээс Засгийн газар шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд тусгай сангийн тухай хуулийн эрх зүйн орчинг сайжруулна гэдгээ мэдэгдсэн юм. Ингэснээр төсвийн ачааллыг бууруулах боломж бүрдэнэ хэмээн найдаж буй. Гэтэл өнөөг хүртэл тусгай сангийн тогтолцоонд албан ёсны өөрчлөлт орсонгүй. Тусгай сангийн тухай хуульд зааснаар Эрсдэлийн болон Нөөцийн сангаас бусад нь буцалтгүй тусламж, хандив болон бусад орлогоор эх үүсвэрийнхээ зарим хэсгийг бүрдүүлэх ёстой. Гэтэл дөнгөж найм нь энэ үүргээ биелүүлдэг болохыг Сангийн яам, Үндэсний аудитын газрын хамтарсан шалгалтаар тогтоосон.
Дархан эрхтэй тусгай сангууд тусгаар тогтнол оршин тогтносоор. Уг нь Төсвийн байнгын хорооноос Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэдэнтээ хэлэлцэж дуусаад намрын чуулганд өргөн барихаар тогтсон. Гэтэл УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд “Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” гэсэн битүү нэр яваа нь эргэлзээ төрүүлнэ.
Сангийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тусгай санг цөөлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан нь тун саяхан. Уг ажлын хэсгийг Сангийн сайд ахалсан билээ. Шалгалтын дүнд сангуудыг ангилж, төрөлжүүлж нэгтгэх, зарим санг дансны хэлбэрт шилжүүлэх, төсвөөс гаргах нь оновчтой гэсэн санал тунаж үлдээд буй.
“Энэ онд Төсвийн тогтворжуулалтын санг оруулахгүйгээр нийт 22 тусгай сангаар дамжин 2.1 их наяд төгрөгийн төсөв зарцуулагдсан юм. Энэ нь нэгдсэн төсвийн нийт зарлагын 29 хувьтай тэнцэж байна”
УИХ-ын гишүүн С.Баярцогт “Засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх, төсвийн багцад оруулах, шинээр тусгай сан байгуулахыг хязгаарлах зэргээр зохицуулалт хийх шаардлагатай” гэж өгүүлсэн. Түүний хэлж буйгаар одоо ажиллаж буй тусгай санг нэгтгэж, төсвийн багцад оруулснаар төсвийн зарлагад эзлэх хувь, хэмжээ одоогийнхоос үлэмж багасах боломжтой аж. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөрөнгө оруулалт хөгжлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэргийг нэгтгэж Хөдөө аж ахуйг хөгжүүлэх сан болгох юм. Мөн Сургалтын төрийн санг Дээд боловсролын сан болгож, Биеийн тамирын санг шинээр байгуулж магадгүй нь.
Ингэснээр төсвийн орлогыг үр ашигтай зарцуулснаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүрэн төгөлдөр хэрэгжих юм. Хэдий тусгай санг цөөлөх, чанаржуулах асуудал төр, засгийн түвшинд яригдаж байгаа ч ирэх оны төсөвт сууснаар 26 тусгай сан ажил, үйлчилгээ явуулахаар байгаа нь хачирхалтай. Өнөөдрийн байдлаар төсвийн зардлаар үйл ажиллагаа явуулж буй 22 сан хумигдах биш, харин дөрвөөр нэмэгдчихлээ. Тухайлбал, Монгол судлалыг дэмжих сан /Ерөнхийлөгчийн санаачиллагаар байгуулагдсан/, Шинжлэх ухаан, технологийн сан, Хүүхдийн төлөө сан, Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгох сан энэ жил өнжих бус ажиллахаар болж.
2009 онд төсөвт тусгай зорилт хэрэгжүүлэх зорилгоор тусгай санг байгуулсан ч энэ нь гажуудаж сантай болохын төлөөх өрсөлдөөн болон хувирсаныг Сангийн сайд Ч.Улаан учирласан удаатай. Түүний хэлснээр сан олон болсны уршгаар төсвийн хөрөнгө тарамдаж эхэлсэн байна. Нөгөө талаасаа тусгай сан зохицуулалтгүй, уялдаа холбоогүй болж удирдлагаа алдсан болохыг Сангийн сайд баталсан юм. Дээрх байдлаас гарахын тулд тодорхой үйл ажиллагаа буюу хөтөлбөрт суурилсан төсөвт шилжих нь үр дүнтэй аж.
Сангуудыг зориулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр ангилж, зөв гольдролд оруулахаар гурван хэсэгт ангилах хувилбар ч бий. Хэрэв ингэсэн тохиолдолд сангийн нэг хэсэг нь хэвээр үлдэж, зарим нь нэгдэж нийлэх бол үлдсэн нь төсвийн бус эх үүсвэрээр санхүүжүүлэх тогтолцоо руу шилжих бололтой. Мөн төсвийн тусгай данс болж, эрх мэдэл нь энэ хэрээр хумигдах юм. Шинэчлэлийн бодлого зорьсон чигтээ хэрэгжсэн тохиолдолд сан нь салбар дундын үйл ажиллагаа руу чиглэнэ. Ингэснээр төсвийн ачаалал аажмаар буурахад нөлөөлнө гэж Сангийн яамнаас үзэж байна. Тусгай сангийн шинэчлэл нь төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах алхам болно гэж Ч.Улаан сайд онцолсон.
Ихэнх тохиолдолд бие даасан зарчмаар ажилладаг эдгээр сангууд нь санхүүгийн хувьд үр ашиг багатай, төсвийн татаасаар санхүүжиж байгаа нь асуудлын гол зангилаа болоод буй. “Нээлттэй нийгэм форум”-ын энэ оны төсөвт хийсэн тойм судалгаанд “Тусгай сангууд санхүүгийн үр ашиг муутай байна” гэж дүгнэсэн юм. Судалгаанд “Тусгай олон сан нь санхүүгийн хувьд үр ашиггүй байгаа бөгөөд энэ тохиолдолд бие даасан хэлбэрээр ажиллах шаардлага, хэрэгцээ байгаа эсэхийг үнэлж судлах шаардлагатай. Иймд сан тус бүр дээр, ялангуяа их хэмжээний мөнгө эргэлддэг Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Сургалтын төрийн сан, Хүний хөгжил сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ, үнэлгээ хийх хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн өөр өөр зохицуулалтаар ажилладаг олон сан бий болсноор санхүүгийн ил тод байдал, хяналт алдагдсан байх эрсдэл өндөр байгааг судалгаанд тэмдэглэжээ. Үүнээс гадна тусгай сан болон төсвийн харилцаа ойлгомжгүй, тодорхой бус бөгөөд хангалттай хяналтгүй байдлыг бий болгох магадлал өндөр байгааг сануулсан. Шинэчлэлийн бодлого тусгай сангийн тогтолцоонд “шинэ салхи” оруулах биз ээ. Тэгж эс дийлвээс Засгийн газрын тусгай сан төсөвт төдийгүй эдийн засагт уршиг тарих эрсдэлтэйг судлаачид ийн анхааруулж байна.
Сэтгүүлч: Б.Баяртогтох
2013 оны 11 сар №21 дугаараас
2013 оны үндсэн дугааруудыг үзэх бол энд дараарай


