Ерөнхий сайдын өндөр албан тушаалыг нэгнээсээ ээлжлэн хүлээн авч байсан түүхтэй энэ эрхмүүд өнөө болтол нэг дор гурвуулаа зэрэгцэж суугаад ярилцлага өгч байсан түүхгүй билээ. Тиймээс манай сэтгүүл эдийн засгийн өнөөгийн байдал, улсын хөгжлийн талаарх тэдний санаа бодлыг нэгэн зэрэг сонсож дуулгах, мөн сэтгүүл болон “Economy” ТВ студидээ он цагийн уртад улам бүр үнэ цэнэтэй болдог баримт, үйл явдлыг үлдээх зорилгоор ийнхүү редакцийн уулзалт хийлээ.
Өнгөрсөн оны гол тоон үзүүлэлт дээр үндэслэн Д.Жаргалсайхан нийтлэлч “Нинжа эдийн засаг” гэж тодорхойлсон байна. Ингэж тодорхойлох болсон шалтгаан нь монголчууд уул уурхайгаа ухдаг, архи, тамхины үйлдвэрлэлээс татварын ихэнх хэсгийг бүрдүүлдэгтэй холбон тайлбарласан байсан. Энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?
Д.Содном: Монголчуудын хувьд анхаарал хандуулахаас аргагүй эдийн засгийн чухал салбар бол уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал юм. Мөн технологийн салбарыг орхигдуулж болохгүй. Цаашдаа энэ дөрвөн замаар л явж таарна. Тиймээс уул уурхайгаа яаж зөв хөгжүүлэх вэ, хөрөнгө оруулагчидтай хэрхэн харьцах вэ, тэднийг аль талаар нь дэмжих вэ, аль зүйл дээр нь хяналт тавих вэ гэдэгт төрийн зөв бодлого чухал. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” гэх санаачилгыг улам сайжруулж, авч явах учиртай. Ингэж чадвал манай эдийн засаг зөв хөгжнө.
Ш.Гунгаадорж: Уул уурхай, эрчим хүчгүйгээр улс орныхоо хөгжлийг бий болгоход хэцүү. Тийм ч учраас сүүлийн 10 гаруй жил энэ талаар ярьсан. Уул уурхай тэргүүлэх салбар мөн боловч угсруулаад дагалдах бусад бие даасан томоохон салбарын хөгжлийг дэмжих хэрэгтэй. Тэр дундаа хөдөө аж ахуйг дэмжих цаг болсон. Ер нь хөдөөгийн хөгжилгүйгээр Монгол Улсыг төсөөлөхөд бэрх шүү дээ. Хэрвээ хөдөө, орон нутаг хөгжөөгүй бол манай улс хөгжиж байна гэж хэлэх үндэслэл муутай. Энэ утгаар нь харвал манай төр засаг, хөдөө орон нутгийн хөгжилд тун муу анхаарсан. Манайх хот улс болчих гээд байна. Монгол Улсыг өмнө нь ч одоо ч малгүйгээр, хөдөөгүйгээр төсөөлж байгаагүй. Энэ нь ч учиртай. Тиймээс өнөөгийн төр, засаг уул уурхайгаас гадна хөдөөгийн хөгжлийн талаар ярих, хийх цаг нь болсон. Мал, газар хоёр бол монголчуудын ширгэшгүй баялаг юм. Уул уурхайн шавхагдах баялгаас олсон орлогыг юунд зарцуулах тал дээр ухаан жаахан дутаад байна уу даа.
Д.Бямбасүрэн: Монголын эдийн засгийг маш хүнд өвчтэй бараг хэвтрийн эдийн засаг гэж хэлж болно. Нэг хэсэг Голлонд өвчин гэж ярьдаг байсан. Гэтэл ярьсаар байгаад л түүн рүү яваад орчихлоо. Тэжээлгэн тэтгүүлэх, бэлэнчлэх сэтгэхүй Монголд давамгайлж байна. Уг нь хөгжинө гэдгийг өөрсдөө баялаг бүтээх гэж ойлгож болно. Гэтэл сүүлийн үед байгаа баялгаа ухаж аваад, үрэн таран хийчихээд сайхан амьдарч байна гэх хандлага их боллоо. Уул уурхайн баялаг бол бидний бүтээсэн бус өвөг дээдсээс уламжилж ирсэн. Түүнийг нь бид зохистой түвшинд ашиглаж байгаад ирээдүй хойчдоо үлдээх учиртай. Гэтэл өнөөдөр баруун солгойгүй цацаад л байна. Энэ талаас нь харвал манай эдийн засаг хүнд өвчтэй байгаа.
Та монгол төрийн бодлогод томоохон хэлбийлт гарлаа гэсэн байсан. Түүнийгээ жаахан тодруулахгүй юу?
Гурван зүйлийг дурдахгүй бол болохгүй нь. Нэгдүгээрт, монголчуудын дунд өр зээлээр баяжина гэдэг ойлголт газар авч байна. Энэ бол ирээдүйнхээ амьдралыг өнөөдөр барьцаанд тавьчихаад сайн сайхан амьдарна гэдэг итгэмээргүй төрийн бодлого. Хоёрдугаарт, хямралыг далимдуулж Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж шинээр гаргалаа. Ерөнхийд нь бодоход хөрөнгө оруулагчдыг татахад болохгүй зүйлгүй. Гэтэл энэ нь өөрөө гурван том сөрөг үр дагаварыг дагуулж байна. Эхнийх нь манай эдийн засгийн орон зай задарчихлаа. Хуулиар хамгаалагдсан тогтвортой нөхцөлийн чинээлэг хэсэг. Хажууд нь чадан ядан явж байгаа аж ахуйн нэгж гээд дотор нь хуваачихлаа. Мөн тус хуулийн 12.1.1-д зааснаар... “Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын газрыг 60 жилээр эзэмшүүлнэ. 40 жилээр сунгана” гээд заачихсан. Энэ чинь манай улс газар нутгаа худалдаж амьдрах зам руу орлоо гэсэн үг. Энэ бол сэтгэл хиртхийлгэм мэдээ юм. Түүнчлэн Оюутолгой гэж нэг том асуудал байна. Оюутолгойн гэрээнд зааснаар ашгаа гадагш нь зөөж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид өмнөх хуулиар 20 хувийн шимтгэл төлөхөөр байсан. Гэтэл саяын шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагч ашгаа гадагш нь зөөх нь чөлөөтэй гээд заачихлаа. Ингээд манай эдийн засгийн эрх зүйн асуудал орвонгоороо эргэж жолоодоход тун бэрхтэй боллоо.
Гурав дахь асуудал нь намрын чуулганаар алтны татварыг бууруулах тухай асуудал яригдаж байна. Богд хаант улсын Засгийн газрын үеэс л эрдэс баялгийн татвартай байсан. Алтнаас 16 хувийн татвар авдаг байлаа. Гэтэл манайхан 2.5 болгоно гээд байгаа. Товчхондоо хэн дуртай нь ирээд Монголын баялгийг ухаад аваад яв л гээд байх шиг байна. Ийн өр зээл тавьж, эдийн засгаа жолоодох чадваргүй болж, өөрийн өв баялгийг үнэгүйдүүлэх нь сүүлийн 20 гаруй жилд Монголд орж ирсэн эдийн засгийн алуурчдын номлол юм. Үүнийг нь харвал өнөөгийн Монголын эдийн засгийг “Hitman”-ий эдийн засаг гэж хэлж болно. Ийм л гажуудал руу бид явж байна. Үүнийгээ засах ухаан, тэнхээ байгаа үгүйг мэдэхгүй. Уул уурхай бол анхны хуримтлал үүсгэх салбар учраас бид түших ёстой. Гэхдээ хүнсээ бэлдэж чадахгүй байж бид хөгжиж байна гэж яриад яах вэ дээ.
Монгол Улс Чингис бондоо зарцуулж байгаа. Самурай бонд гаргалаа. Тиймээс энэ тал дээр та бүхэн ямар бодолтой байна вэ?

Д.Содном: Гол учир нь тэр мөнгийг хэрхэн ашиглах вэ гэдэгт л байгаа юм. Түүнээс биш, бонд гаргах нь буруу биш. Харин тэр бондын мөнгийг буруу ашиглавал ирээдүй хойчдоо гай болно.Тиймээс энэ мөнгийг хариуцаж байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүн, яам тамгын газрын ажилчид хоноцын маягийн сэтгэлгээтэй байж таарахгүй. Өөрийнхөө мөнгө шиг сэтгэлээр төлөвлөж, нарийн сайн тооцоолох хэрэгтэй. Үүн дээр л сэтгэл дутаад байна. Жишээ нь миний бие Чингис бондын мөнгийг үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулж байхаар Тавантолгойд хөрөнгө дутаад байгаа юм бол тэнд хөрөнгө оруулж болохгүй юм уу гэж саналаа хэлж л байлаа. Бүр болохгүй бол Оюутолгойд тийм их зээлийн өртэй суухын оронд зээлээ эртхэн төлж ч болох л байсан. Гэхдээ одооноос төр үр ашигтай төслийн эрэлд гарлаа. Эндээс харахад зөв зам руугаа явж байгаа юм болов уу даа. Гэхдээ энэ богинохон хугацаанд шинээр төсөл боловсруулна гэдэг хэцүү. Тиймээс шинээр төсөл боловсруулах биш, нэгэнт боловсруулчихсан бүр болдог бол хэрэгжээд эхэлсэн тийм төсөлд бондын мөнгийг өгөх хэрэгтэй. Би “Монголын алт” компанид ажиллаж байгаа. Тэнд хоёр ч том төсөл хэрэгжээд явж байна. Тухайлбал, нэг сая тонн цемент үйлдвэрлэх төслийн ТЭЗҮ бэлэн. Одоогоор тоног төхөөрөмжийн суурилуулалт бэлэн болчихсон. Барилгын ажил нь эхэлчихсэн. Энэ оны сүүл гэхэд ашиглалтад орохоор байгаа. Тиймээс ийм үндэсний компанийн томоохон төсөлд хөрөнгө оруулж болдоггүй юм уу. Ийм төсөл чинь бондын өрийг маш түргэн төлөх боломжийг бүрдүүлнэ. Ер нь бонд гаргаж байгаа бол дотоодын бизнесийн сайн компани Монголын төр хоёр харилцан уялдаатай л ажиллах хэрэгтэй.

Ш.Гунгаадорж: Монголчууд бондыг хэрхэн чулуу болгох ухаанаа олоогүй л байна. Хэрвээ байдал энэ чигээрээ яваад байвал хэдэн үеэрээ өртэй явах болно. Сая гэнэт ухаан оров уу гэлтэй импортыг орлох төсөл хайж эхэллээ. Одоо Чингис бондоос үлдсэн мөнгийг үр ашгаа түргэн өгөх төсөлд зарцуулах ёстой. Тэгэх байх гэж найдаж байна. Нөгөө талдаа Самурай бондын талаар их сайн судлахгүй бол горьгүй. Яагаад дэлхийн улс орнууд Самурай бондыг сонирхохгүй байна вэ. Франц нэг удаа орсон юм гэсэн. Тэгээд төдөлгүй больчихсон байдаг. Тиймээс Самурай бонд аваад, хавханд орчихож магадгүй гэдгийг анхаараасай. Хэрвээ судлаад бондоо авахаар болж байгаа бол аль болох дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Монголд байгаа бэлэн зүйл бол бэлчээрийн мал аж ахуй. Энэ нь нэг ёсондоо мах үйлдвэрлэл гэсэн үг.
Ер нь хараад байхад өнөөгийн төр, засагт улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө алга. Тийм болохоор нэг л төөрсөн бодлоготой хүмүүс яваад байна. Тиймгүйсэн бол өдийд уул уурхайгаа хэрхэн хөгжүүлэх, аль салбараа илүү дэмжих, бондын мөнгөө хаана зарцуулах вэ гээд бүх асуултын хариу гарчихсан байх учиртай. Гэтэл тэмтрүүлийн маягтай дайралдсаныг нь аваад л яваад байх шиг.

Д.Бямбасүрэн: Энэ бол их ноцтой асуудал. Шуудхан хэлэхэд бондын асуудалд өнөөгийн төр маш хариуцлагагүй хандлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголд хийж байгаа хөрөнгө оруулалтыг судалж үзэхэд нэмэгдсэн өртгөөрөө таван жилийн хугацаанд, ашгаар нь тооцвол 12 жилд нөхөгдөх тийм л хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Энэ бол маш муу хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Ийм нөхцөлд импортыг орлох валютын зардлыг хэмнэх чиглэлд бондын мөнгийг зарцуулах хэрэгтэй байсан юм. Тэр дундаа металлургийн үйлдвэрийг дэмжих. Мөн цемент, мах боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан бол хэдэн жилийн дараагаас валютын орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг багасгах эерэг нөлөөтэй байсан. Гэтэл одоогийн хөрөнгө оруулалтыг харахад бизнесийн чиглэлд хөрөнгө оруулаад байна. Энэ бол маш үр ашиггүй зарцуулалт. Мөн нөгөө талдаа төгрөгийн ханшийг тэтгэх, интервенц хийхэд ашиглаж байна. Самурай бонд ороод ирэхээр ам.долларын ханш суларна гээд л шуугиад байх юм. Ингэж зарцуулах нь бас л үр ашиггүй. Хэрвээ байдал цаашдаа ингэж явбал маш том хариуцлагын асуудал босч ирнэ.
Сүүлийн үед шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах тал дээр Засгийн газар, Монголбанк хамтран ажиллаж байна. Энэ хэр үр дүнтэй арга хэмжээ вэ?
Д.Бямбасүрэн: Нефть урагшаа гаргаж байхаар яагаад өөрсдөө үйлдвэр барихгүй байгаа юм бэ. Нэг сонин юм яриад байна. 2015 онд нэг сая тонн нефть олборлох үйлдвэр барина гэж. Гэтэл өнгөрсөн жил 1.5 сая тонн нефть гадагш нь гаргалаа. 300 мянган тонныг олборлосон ч гэсэн жижиг үйлдвэр яагаад барьж болдоггүй юм бэ.
Яагаад нефтийн үйлдвэрээ Дарханд барих ёстой юм бэ. Дорнодоос олборлож байгаа шүү дээ. Сонин байгаа биз. Эндээс юу гэж дүгнэж болох вэ гэхээр улс төрийн бодлогод бизнесийн ашиг сонирхол хутгалдаад байгаа хэрэг юм.
Ер нь төрийн бодлогод байгаа бизнесийн санаархал хүндрэл дээр хүндрэл, ядуурал дээр ядуурал нэмж байна. Дэлхий дээр эдийн засаг нь 10 гаруй хувиар өсч байхад ядуурал буурахгүй байгаа нь их ховор тохиолдол. Манайд л ийм дүр зураг байна.
Д.Содном: Бидний яриаг сонсож байгаа хүмүүс бодож магадгүй. Энэ гурав баахан л шүүмжлээд байх юм. Гарах гарцыг нь зааж өгсөнгүй гэж. Би яригдсан зүйлүүд дээр хэдэн гарц хэлье. Цэвэр агаарт өөрийн дураар явж, байгалиасаа хоол хүнсээ өөрөө олж иддэг бэлчээрийн монгол малын мах бол аз жаргалтай малын мах. Эмчилгээний ч чанартай. Ингэж үнэлэгдэж байгаа махыг экспортод гаргах хэрэгтэй биз дээ. Үүний тулд ганц л асуудал шийдэхэд болно. Бүх аймагт мал нядлах, мах боловсруулах олон улсын стандартад нийцсэн үйлдвэр байгуулах шаардлагатай. Мөн малчдаас малыг зах зээлийн дундаж ханшаар тухайн үйлдвэрт авдаг зохицуулалт байх учиртай. Ингэж чадвал малчид мөнгөжинө. Ажлын байр нэмэгдэнэ.
Нөгөө талаар жилдээ 10-12 сая толгойгоор нядалж байгаа малын арьс, ширийг боловсруулж болно. Нэг үхрийн ширнээс хамгийн багадаа сайн чанарын 20 тэлээ гарна. Гаднын нөлөөллөөс гарах гээд байгаа л юм бол боловсруулах үйлдвэртэй болох учиртай. Газрын тосны хайгуулыг сайжруулмаар байна. Газрын тосны газар гэж бий. Тэр байгууллага бол газрын тос хайхад биш, газрын тос хайж байгаа нэгэндээ төлбөрийн болон бусад төрлийн дарамт үзүүлдэг газар болчихсон байна. Тухайлбал, гэрээ байгуулахад 300-500 мянган ам.доллар нэхдэг. Байцаагч ажилласны зардлыг ч бас төлүүлнэ гээд бод доо. Цаашлаад газрын тосны мэргэжилтэн бэлтгэсний төлбөр гэж авна. Ямар нь мэдэгдэхгүй баахан татаас авдаг газар нэг бий. Гэтэл тэр татаас нь хуулинд байдаггүй. Товчхондоо энэ салбарт буруу харсан бодлого яваад байгаа юм. Үүнийхээ оронд олсон ашгаа хэрхэн хуваах вэ гэдгээ л тохирох хэрэгтэй баймаар. Түүнчлэн нүүрснээс метан хий, шатахуун боловсруулан гаргаж авах тал дээр анхаарах цаг болсон байх. Ийм гурван зүйлийг төрөөс хараад, дэмжиж чадвал эхний ээлжинд болчих гээд байгаа юм.
Оюутолгой болон Тавантолгойн эдийн засгийн хувь заяа хэрхэн эргэнэ гэж хардаг вэ?
Д.Содном: Оюутолгойн хувьд Монголын тал авах ёстой ашгаа олж чадахгүй юм биш үү гэх хардлага байгаа, магадгүй. Анх гэрээ байгуулахад урдчилсан ТЭЗҮ-ээр манайд гурван замаар Оюутолгойгоос олох ашгийн 50-53 хувь нь орж ирэхээр байсан.Тэр нь байгалийн нөөц ашигласны таван хувь. Нийт ашгийнх нь 25 хувиар орж ирэх ёстой татвар. 34 хувийн ногдол ашиг гурав нэгдээд борлуулалтын орлогоос өртгийг нь хассан нийт ашгаас нь монголчууд дээрх хэмжээний ашиг хүртэхээр гэрээ хийгдсэн. Гэрээ хийснээс хойш хувь нийлүүлэгчдийн нууц гэрээнээс одоо харахад байдал жаахан хүндхэн болчихоод байна. Цаашдаа ч ийм хандлага тасрахгүй байх аа. Явсаар байгаад сүүлдээ монголчуудад нөөц ашигласны таван хувь л орж ирэх болчих шиг. Ногдол ашиг болон нийт ашгийнх нь татвар бүрхэг болчихсон. Тэгэхээр яах вэ гэдэг байна. Гэрээ хийж байх үеийн ТЭЗҮ-ийн дагуу борлуулалтын орлогод нөгөө гурван татварын ногдох хэмжээг нийлүүлж тооцох.
Мөн борлуулалтын орлогоос нийт ашгийн 53 хувь нь хэд байх ёстой юм бэ гэдгээ тогтоочих хэрэгтэй. Ингэчихвэл хөрөнгө оруулалт яаж хийх вэ энээ тэрээ гэсэн бүх асуудал шийдэгдчихнэ. Зүгээр л борлуулалтын орлогоос авах ашгаа л тодорхой болгочих.
Тавантолгойн хувьд?
Тавантолгойн хувьд хоёр хөрш болон гуравдагч орны төлөөллийг хөрөнгө оруулагчаар сонгох хэрэгтэй. Тухайлбал, Орос, Хятад, Япон гэсэн гурван оронтой тус бүрт нь 16 хувиар хөрөнгө оруулалтыг нь шийдэх нь зөв. Энэ нь нийт дүнгээрээ 48 хувь болно. 52 хувь нь Монголынх гэсэн үг. Үүний цаад учир нь нэгэнт хоёр хөрш маань тодорхой хувийг эзэмшиж байгаа учраас тээвэрлэлтийн болон борлуулалтын үнэ нь ямар байх тал дээр тэд бодно. Зардал чирэгдэл, тээврийн зардалд хүссэн хүсээгүй анхаарч эхэлнэ.
Ш.Гунгаадорж: Оюутолгой нэлээд төвөгтэй болчихлоо. Эхэндээ ойлгомжтой байж байснаа явцын дунд ойлгомжгүй зүйл олон гарчих шиг. Ер нь цаашдаа Оюутолгойн асуудлыг хүндрүүлээд байвал бидэнд л ашиггүй. Тиймээс аль болох гаднын хөрөнгө оруулагч болон манай улсын ашиг сонирхол хаанаа огтлолцох вэ гэдэгт эртхэн тохиролцох нь чухал. Миний бодлоор тэр 34 хувь гэдгээс татгалзчихвал яадаг юм бэ. Энэ бол миний л бодол шүү дээ. Ямар ч байсан Оюутолгойг бид орхиж болохгүй. Тавантолгойн хувьд бол гадаад дотоод олон хүчин зүйл бий. Тиймээс Содном даргын хэлсэн саналыг бас бодолцох хэрэгтэй. Хувь эзэмшүүлэхдээ нэг хувийн ч зөрүү гаргаж болохгүй тэгвэл байдал дордоно.
Д.Бямбасүрэн: Хоёр толгойн хувьд олон зүйлийн тусгал гэж хэлж болно. 2005 оноос хойш л Оюутолгойг ярьсан. Гэтэл Монголын төр өөрийнхөө баялагт эзний ёсоор хандаж чадаагүй. Оюутолгойн өөрсдийнх нь интернетэд тавьсан мэдээллээс би хэд хэдэн тооцоо хийж үзлээ. Хэрвээ одоогийн ярьж байгаагаар бол баялгаа гаднынханд зүгээр өгөөд хариуд нь өртэй л үлдэнэ. Баялгаа хүнд өгчихөөд өөрөө өртэй үлдэхээр гэрээ хийдэг төр өнөөх ухаалгийн чинь эсрэг болчихоод байгаа биз дээ.
Миний бодлоор Оюутолгойд ашиг сонирхлын зөрчил, шуналын бүх төрлийн нян цугласан болохоор ийм байдал үүссэн. Хэрвээ энэ гэрээг сайжруулах гэвэл Гунгаадорж гуайн, эсвэл Содном гуайн хэлсэн аль аль саналаар нь явж болох л байсан.
Товчхондоо асуудал хүнд байгаа. Цаашдаа ч хүндрэх төлөвтэй. Манайхан хэлэлцээрийн ширээний ард суучихсан. Тиймээс одоо Монголын тал худлаа дүнгэнэхээ болиод ярьж эхлэх хэрэгтэй.
Тавантолгой бол нүүрсний л уурхай шүү дээ. Монголчуудын хувьд ил, далд уурхайн аль алийг нь ашиглах боловсон хүчинтэй. Хөрөнгө мөнгөний л асуудал байсан. Боломж ч их байсан. Бондын мөнгөө хийж болох байлаа. Эсвэл түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ хийгээд ашиглаж болох байсан. Гэтэл манай эрх мэдэлтнүүд хэд хэд хуваагаад бизнесийн хэрүүл болгож хувиргасан. Тиймээс Тавантолгойг нийгэм, дэд бүтэц гээд бүх талаас нь авч үзэх хэрэгтэй. Нэг л нүүрсний уурхай байх учиртай. Гэтэл одоо юу юу ч болгочихов. Анхнаас нь хоосон найдвар төрүүлж баахан бэлэн мөнгө, хувьцаа тараагаад. Ийм байдлаасаа эрх биш сургамж авсан байх гэж найдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн уриалга гаргаж, тодорхой ажлуудыг хийж эхэллээ. Энэ ажлыг та бүхэн хэрхэн харж, дүгнэж байна вэ?
Д.Бямбасүрэн: Энэ санаачилга монголчуудын хувь заяаг шийдэх ч зүйл байхыг үгүйсгэхгүй. Ухаалаг төр гээд ярихаар одоо ухаалаг биш байгаа юм уу гэсэн асуулт заавал дагалдаад байдаг юм. Миний бодоход төр холч бодлоготой байх ёстой. Бидэнд өнөөдөр хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл нь энэ.Төр бол улс орны амьдралын зохицуулалтын төв нь юм. Гэтэл энэ төв хэрхэн зохицуулахаа мэдэхгүй бол хэцүүднэ шүү дээ. Үүнийг бид сүүлийн таван жилд гарсан эдийн засгийн хоёр удаагийн хямралаас харж болно. Төр шударга байвал ард түмэн төрдөө итгэнэ. Иргэд төрдөө итгэвэл бодлогын хүч нэмэгдэх учиртай. Би бичил судалгаа хийж үзлээ. Монголын насанд хүрсэн хүмүүсээс жилд 20 гаруй мянган хүн мөрдөн байцаалтад сэжиглэгдэж очдог юм байна. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүдийн тоотой харьцуулахад маш сонин тоо гарна. Өөрөөр хэлбэл, нэг жилд хэрэгт сэжиглэгдэж байгаа улс төрийн удирдах албан тушаалтны тоо энгийн иргэдийнхээс 30 дахин их байна.
Тэгэхээр бид хэнийг сонгочихоод байна вэ. Би мөнгөтэй хүн гээд улс төрийн намд хандив өгөөд УИХ-ын гишүүн болчихдог. Энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Өөрчлөхгүйгээр цаашаа явж чадахгүй.
Д.Содном: Төр иргэн хоёрын харилцаа ухаалаг байх ёстой. Төр-бизнес хоёр яаж түншлэх, бизнесийг дэмжих ухаан төрөөс гарч байх ёстой. Энэ ухаалаг төрийн нэг анхаарах зүйл. Гэхдээ ухаалаг төр гэхээр л УИХ, Засгийн газрын хэдэн гишүүдийн үүрэг мэтээр ойлгож болохгүй. Ерөөсөө Монгол Улсын иргэн бүр, ялангуяа бүх төрийн албан хаагчид зөв ажиллаж чадвал ухаалаг төр сая бүрдэх учиртай. Тэр цагт Монгол орны хөгжил урагшилна.
Ш.Гунгаадорж: Энэ сэдэв өмнө нь яригдаж байсан. Үүнийг Ерөнхийлөгч маань дахин сануулж байна. Төрийн бодлого ард түмнийхтэй уялдахгүй байгааг зохицуулах тухай юм.
Та гурвыг нэг дор суулгаад ярилцлага авч байгаагийн хувьд асуухгүй өнгөрч болохгүй нэг сэдэв бол Монгол төрийн гадаад бодлогын тухай. Гадаад харилцаанд анхаарах хамгийн чухал зүйл нь юу вэ?
Д.Содном: Гадаад харилцаанд бизнесүүдтэй харьцахдаа маш хянуур байх ётой. Манайх гадаадын хөрөнгө оруулалтыг их шүтэж байгаа өнөө үед эдийн засгийн алуурчид ороод ирж магадгүй шүү. Зарим нь хөлөө тавьсан байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудалд болгоомжтой хандах нь чухал. Ерөнхийлөгч “Гадаадынхантай хийж байгаа гэрээнүүдэд сайд нар оролцоод байгаа нь буруу. Хуулийн, эдийн засгийн болоод бусад чиглэлийн бэлтгэгдсэн хүмүүсээр гэрээ хийлгэж бай” гэж хэлсэн байна лээ. Би үүнийг дэмжиж байгаа. Эдийн засгийн алуурчид мэргэжлийн хүн мэтээр орж ирэх нь бий. Тиймээс тэднээс байнга болгоомжлох ёстой. Үүнээс гадна бид хоёр хөрштэйгээ харьцахдаа маш ухаалаг хандахгүй бол болохгүй. Урд хөрштэй эдийн засгийн бүх талын харилцаа хөгжиж байна. Харин хойд хөршид ухаалаг бодлого баримтлахгүй бол болохгүй. Манай улсын экспортод гаргаж буй бүтээгдэхүүний таван хувь нь ОХУ руу гарч байгаа тоо бий. Гэтэл импортоор авч буй бүтээгдэхүүний 60-70 орчим хувь хойд хөршийнх. Тэр нь нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан. Энэ тал дээр эдийн засгийн харилцаагаа хэрхэн идэвхжүүлэх талаар төрийн ухаалаг бодлого үгүйлэгдэж байна. Төр засгийн удирдлагууд тус улсын удирдлагуудтай уулзаж, энэ талаар сайн ярилцах хэрэгтэй байх.
Ш.Гунгаадорж: Бид хоёр хөрштэйгээ стратегийн адил тэгш бодлого явуулахгүй бол горьгүй. 1990 онд намайг Сайд нарын зөвлөлийн дарга байхад АНУ-аас Бэйкер манай улсад айлчилсан. Бид тэр үед танайхыг гурав дахь хөршөө болгоё гэсэн юм. Тэгэхэд “Тэр болно. Гэхдээ та нар хоёр хөршийнхөө хилийг давж гарсны дараа гурав дахь хөрштэй болно шүү дээ” гэж байсан. Бид өнгөрсөн хугацаанд хоёр хөрштэйгээ адил тэгш харилцахад дутуу анхаарсан зүйл бий байх. Үүнийг цаашид ямагт бодож явахгүй бол болохгүй.
Д.Бямбасүрэн: ОХУ Монголын экспортын 1.3 хувийг эзэлж байна. Үүнээс харахад, хойд хөрштэй экспорт зогсонги байдалтай болж буй нь харагдана. Манайхан заримдаа хоёр их хөршөөр хязгаарлагдсан, далайд гарцгүй орон гэж ярьдаг. Энэ буруу ойлголт. Харин ч манайх дэлхийн хязгааргүй том зах зээлийн дунд оршиж буй орон. Хүн амын тоогоор Хятад, газар нутгийн хэмжээгээрээ ОХУ нэгдүгээрт ордог. Эдийн засгийн чадавх ч сайтай. Тиймээс хоёр хөрштэйгээ эдийн засгийн харилцаагаа тэгш явуулж, ойлголцолд хүрвэл амжилтад хүрнэ гэдгийг хэлье. Үүнээс гадна би нэг зүйлийг нэмж хэлэхэд, бид гурван их соёл иргэншлийн уулзвар дээр байгаа улс. Хойд талд Оросоор дамжаад Христосын ертөнц байна. Урд талд Буддын ертөнц байдаг. Баруун талд Баян-Өлгийгөөр дамжаад лалын ертөнц бий. Энэ чинь манай гадаад харилцаанд ямар байр суурьтай байгаа юм бэ. Тиймээс энэ чиглэлээр харилцаа холбоогоо хөгжүүлэх хэрэгтэй. Гадаад харилцааны тал дээр эдийн засгийн бодлого нь жаахан асуудалтай л яваад байна. Ганцхан жишээ хэлье. Монголчууд 2011 онд нүүрсний экспортоо огцом нэмээд дэлхийн нүүрсний зах зээлийг эвдсэн. Тухайн үедээ их өсөлттэй сайхан л байсан байх өнөөдөр яаж байна. Бодох л учиртай. Одоо бид дэлхийн зэсийн зах зээлийг эвдэх гэж байна. Үүндээ ухаалаг хандаачээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талуудтайгаа харилцаагаа сайжруулж, зохицуулалтаа боловсронгуй болгох хэрэгтэй.
Хөгжлийн тухай их ярьж байна. Хөгжлийг бий болгоход юуг анхаарах вэ?
Д.Бямбасүрэн: Манайхан хөгжлийн тухай яриад байгаа. Хөгжил өсөлт хоёроо ялгаж, салгамаар байна. Энэ бүгдээс Монголын эдийн засгийг дүгнэн харахад, өөрийн гэсэн хөдөлгүүргүй техник юм. Төрийн одоо явуулж буй бодлогыг харахад, Хятадад үйлдвэрлэсэн том тракторын хойноос зүүгдэж байгаа мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл, өмнөд хөршийн эдийн засаг өсөөд байгаа. Хүний тракторын чиргүүл болж зүүгдэлгүй Монгол гэдэг айл өөрийн гэсэн хөдөлгүүртэй болох ёстой. Зэс, нефтиэ боловсруулж, металлургийн салбараа хөгжүүлмээр байна. Хөгжлийг хүний оюун ухаан, технологи авчирна. Бид түүхий эд экспортолж байна. Азийн орнуудад түүхий эдээ нийлүүлээд орхих бус оронд нь технологи авах бодлого байх ёстой. Ингэж байж манай улс хөгжинө.
Иргэдийн сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Бүтээгч чадвараасаа илүү сайхан амьдрах шуналыг дэвэргэж ирсэн.
Үүнээс болоод бид өр зээл тавьж байна. Бүтээх чадварынхаа хэрээр амьдрах философийг нийгэмд төлөвшүүлэх ёстой. Хүнээс зээлсэн мөнгөөр сайхан амьдарна гэсэн жам хаана ч байхгүй. Өр тавьж өнөө маргаашаа аргацааж байгаа нь ирээдүйгээ идэж буйгаас өөрцгүй. Сүүлийн үед Монголд баялаг бүтээгчдээ хайрлая, дэмжье гэж их ярьж байна. Гаднынхны судалгаагаар Монголын насанд хүрсэн хүн амын 0.01 хувийг эзэлж буй эрх мэдэлтнүүд нь манай орны үндэсний баялгийн 7.6 хувийг эзэмшиж байна гэж гарсан байна. Тэд энэ баялгийг бүтээсэн болж таарч байна уу. Бид нэгэн гэгээнтний хэлсэн үгийг санах хэрэгтэй юм шиг. Энэ нь “Тэвний сүвээр тэмээг хөтөлж гаргах нь баян хүнийг бурхан болгохоос илүү хялбар” гэж. Баячуудын ашиг сонирхолд хөтлөгдсөн төрийн бодлого зөв явахгүй байгааг эргэж харах ёстой.
Ш.Гунгаадорж: Манай улс хүнээ хөгжүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд анхаарч байна. Мэдлэг, боловсролтой хүн бүхэн сайн байдаггүй юм байна. Үүний цаана жинхэнэ хүн байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, хүмүүжилтэй, эх орноо хайрлах үзэл манайд дутмаг байгаа. Энэ үзлийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн заах ёстой. Улс орны өнөөдрийн болохгүй бүтэхгүй байгаа зарим нэг зүйл нь ганц хүнээс хамаарахгүй. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. 20 гаруй жилийн өмнөхөөс одоо тэс өөр болсон байна. Парламентыг сонгодог тогтолцоо руу оруулах цаг болсон. Дээд, доод хоёр танхимтай болох ёстой. Газар нутаг томтой, хүн ам цөөтэй хоёр том гүрний дунд оршиж буй манай орны хувьд ийм парламентын тогтолцоо хэрэгтэй. Үндэсний эв нэгдлийг хангахад энэ байдал маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
Д.Содном: Манай ардчилсан засаглалын тухай асуудал. Азидаа төдийгүй дэлхийд ардчиллаар үлгэр жишээ болж байгаа. Энэ нь мэдээж сайн. Гэхдээ бид эргэж харахгүй бол болохгүй болжээ. Ардчиллаа зөв замаар хөгжүүлэхгүй бол дэг журамгүй байдал руу хэт орчих вий гэх болгоомжлол бий. Нөгөө талаар дэлхийн алдартай хүмүүс манайд ирэхдээ хэд хэдэн удаа хэлсэн. Тэр нь дүр эсгэсэн ардчилал маш аюултай гэж. Тэгвэл бид ямар ардчилалтай байна вэ. Дүр эсгээгүй байгаа. Энэ хэдэн зуун жилийн өмнө ардчилал, зах зээлд орсон улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид юу гэж хэлж байна вэ гэхээр “Ардчилал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ улс орны хөгжил дэвшилд сахилга дэг журам хэрэгтэй” гэдгийг айхтар анхааруулж хэлдэг. Тиймээс энэ ч гэсэн манайд хамаатай асуудал.
Д.Бямбасүрэн: Содном дарга ардчиллын талаар хэлж байна. Ардчилал бол замбараагүй байдал биш ээ. Ардчилал гэдэг хэдэн бизнесмэнийг толгой дээрээ гаргах биш. Уг нь манай Үндсэн хуульд иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж заасан. Гэтэл сүүлийн үед зарим онолчид капитализм байгуулна гэсэн биз дээ. Одоо л тэднийгээ хамгаалах хэрэгтэй ухааны юм яриад байгаа. Энэ бол хүн төрөлхтний сэтгэхүйгээс 100 жил хоцрогдсон үзэл бодол.
"Mongolian Economy" сэтгүүлийн 2014 оны 01 сарын дугаараас


