МҮХАҮТ-аас гаргадаг “Бизнесийн итгэлийн индекс-2013” судалгаанд оролцогчдын 47 хувь нь бизнесийн орчинд дунд гэсэн үнэлгээ тавьсан бол 20 хувь муу, зургаан хувь нь маш муу гэжээ. Судалгаанд хамрагдагсадын 73 хувь нь Монголд бизнес эрхлэх орчин хангалтгүй буюу сайн бүрдэж чадаагүй гэсэн дүгнэлт өгчээ. Гэхдээ энэ бол 2013 оны эхний хагаст гарсан судалгаа гэдгийг тэмдэглэх нь зөв байх. Сүүлийн хагаст Хөрөнгө оруулалтын хууль баталж гаргасан, Татварын багц хуулийн шинэчлэлт хийгдэхээр яригдаж байгаа, Засгийн газар, УИХ-ын бизнесийн орчны шинэчлэлийн Ажлын хэсгүүдийн ажил эрчимжсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн үндэсний хурлын үеэр “Өнөөдрийн дарлагдсан ард бол бизнес эрхлэгчид байна” гэж хэлсэн гээд бизнесийн орчны шинэчлэлд түлхэц болох олон үзэгдэл үйл явц богино хугацаанд өрнөж буйг дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, оны эхэн хагас өнгөртөл уруу царайлсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сүүлийн хэдхэн сарын дотор итгэлийн оч бадарч байгаа гэсэн үг. Нөгөө талаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн орчин, хөрөнгө оруулалтад нөлөөлсөн хүчин зүйл мундахгүй байсан. Тухайлбал, уул уурхайн томоохон төслүүд зогсонги байдалд орж гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан, экспортын орлого багассан, төсвийн зардал болоод гадаад худалдааны алдагдал нэмэгдсэн, дэлхийн эдийн засгийн орчин таагүй байсан зэрэг нь Монголын бизнесийн орчин муудахад нөлөөлсөн байх талтай.
Үе үеийн Засгийн газар бизнесийн орчинг сайжруулах, шинэтгэх чиглэлээр ажилладаг. Гэхдээ бодит үр дүн багатай дөрвөн жилийг өнгөрөөх нь бий. Тэгвэл бизнесийн орчины талаар олон зүйл сөхөлгүйгээр одоогийн Засгийн газар юу хийж чадах юм бэ, нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ гэдгийг голлон анхааръя.
“Монголд дотоодын хөрөнгө оруулалтын тухай тусгайлсан хууль тогтоомж ч байхгүй. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах төрөл бүрийн дэмжлэг байдаг хэрнээ дотоодын бизнес эрхлэгчдийг зүгээр л зөнд нь хаячихсан. Эцсийн бүлэгт Монголд муу ч сайн ч дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид л үлдэнэ” хэмээн бизнес эрхлэгчид гомдоллох нь байсан. Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулиар дотоод, гадаад гэж ялгахгүйгээр бизнесийн орчныг бүрдүүлж, дэмжих болсон нь сайшаалтай хэрэг.
Н.Алтанхуягийн Засгийн газар бизнесийн орчны шинэчлэлийг бодитой хийе гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь ялангуяа сүүлийн үеийн баялаг бүтээгчидтэй хийсэн уулзалтаас тодорхой харагдаж байгаа юм.
Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” судалгааг хүсэн хүлээдэг, түүнээс улсынхаа бизнесийн орчныг хэрхэн шинэчлэгдэж вэ гэдгийг харах гэж яардаг улс олон. Дэлхийн 185 эдийн засгийг харуулдаг уг судалгаагаар бизнесийн орчныг 10 үзүүлэлтээр судалж гаргадаг. Тэгвэл “Бизнес эрхлэхүй-2014”-ээс Шинэчлэлийн Засгийн газар нэлээд үр дүн хүлээж байсан нь мэдээж. Монгол уг уралдаанд хэр давхисан бэ гэдгийг зарим баримтаар сонирхуулъя.
Монгол Улс Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексээр 2013 онд 76 дугаар байрт орсон нь өмнөх жилийнхээс 10 байраар ахисан үзүүлэлт юм. Гэвч өрсөлдөх чадварын индексээр 107 дугаар байрт буюу 14 байраар ухарсан байх жишээтэй. Хэдийгээр төр засгаас бизнесийн орчинг сайжруулах чиглэлд анхаарч буй ч үр дүн төдийлэн гарахгүй байгаа нь эндээс харагдаж байна. Уг нь Засгийн газрын шинэчлэл хариуцсан сайд Ч.Сайханбилэгийн ярьж буйгаар шинэчлэлийн Засгийн газар гарч ирэнгүүтээ дээрх “Бизнес эрхлэхүй”-н 10 үзүүлэлтийн тавыг нь барьж авч, ажиллажээ. Үүнд барилгын зөвшөөрөл, цахилгааны холболт, гадаад худалдаа, хөрөнгийн бүртгэл, татвар төлөлт багтаж буй. Эдгээр чиглэлээр багагүй ажил хийсэн байна. Тийм ч учраас манай улс Бизнес эхлүүлэхэд дэлхийн 185 орноос 25-д, Хөрөнгийн бүртгэлээр 27-д, Хөрөнгө оруулагчийг хамгаалах тал дээр 22 дугаар байранд яваа нь чамлахааргүй амжилт юм. Гэвч хийсэн ажилтайгаа харьцуулахад чамлалттай, баттай хэдэн байр урагшилна гэсэн хүлээлттэй байсан зарим салбарын шинэчлэлээр урагшлах биш бүр ухарсан ч тал байна. Тэгвэл юун дээр алдаа гаргав. Тухайлбал, Гадаад худалдаа эрхлэхэд Монголд өмнө нь экспорт импорт тус бүр дээр 10-11 бичиг баримт бүрдүүлэхийг шаарддаг байсан. Засгийн газар энэ тал дээр дээр нэлээд идэвхтэй ажиллаад, Гаалийн тухай хуулиа шинэчлэн найруулж, 10-11 байсан бичиг баримтыг 2-4 болгож цөөлсөн байна. Энгийн бараа бүтээгдэхүүний импорт, экспортод хоёр, харин эрүүл ахуй хорио цээрийн хяналт тавигддаг хүнс, эмийн бараа бүтээгдэхүүнд бол дөрвөн бичиг баримт бүрдүүлж байхаар болж. Засгийн газрын зүгээс за ёстой нэг амжилттай ажиллалаа энэ үзүүлэлтээр ч нэлээд байр урагшлах байх даа гэсэн шүү юм бодож суутал “Бизнес эрхлэхүй-2014”-д 181 дүгээр байр дээрээ хэвээрээ үлдчихэж. Яасан бэ гэхээр “Бизнес эрхлэхүй”-н багийнхан Монголд ирээд бизнес эрхлэгчидтэй уулзаж судалгаа авахад Засгийн газрын хийсэн шинэчлэл бизнесийн талбарт буюу бодит амьдрал дээр мэдрэгдээгүй байсан гэсэн үг. Энэ талаар Ч.Сайханбилэг хэлэхдээ “Өөрчлөлт амар байдаггүй юм байна. Ганцхан хууль батлаад өөрчлөлт бий болдоггүй гэдгийг амссан. Гааль, мэргэжлийн хяналтынхан шинэчлэлийг амар хүлээж авдаг улс биш байна. Тэд шинэчлэгдсэн 2-4 бичиг баримт дотор нөгөө шаардлагагүй гэж үзсэн 5-10 бичиг баримтыг шингээгээд оруулчихсан байсан. Манай бизнес эрхлэгчид ч гэсэн “Хуулиар энэ чинь хүчин төгөлдөр болсон би үүнийг чинь гаргаж өгөхгүй” гэж хэлж чаддаггүй юм байна. Эсвэл тэд шинэчлэлийг мэддэггүй байж ч болох. Тийм болохоор энэ жилийн бидний хамгийн чухал анхаарах асуудал энэ” гэв.
Дараагийн бас нэг хийсэн зүйлтэй хэлэх үгтэй сууж, байр урагшлах бат итгэлтэй байсан хэрнээ өөдлөөгүй салбар нь нь татвар төлөлт. Хувийн хэвшлийнхэн аж ахуйн нэгж эрхлэгчдийн хамгийн дарамттай, толгойны өвчин болсон энэ асуудлаар нэлээд зүйлийг хийж байгаа аж. Асуудлын гол нь монголчууд татварын тайлангаа сар бүр гаргадагт байгаа юм. Үүнийг эхний ээлжинд улирал руу, эсвэл хагас жил рүү оруулах өөрчлөлтийн хуулийн төсөл Сангийн яаманд бэлэн болсон гэнэ. Ингэснээр татварын тайланг жилд нэгээс хоёр удаа л гаргадаг болох юм. Одоо манайх энэ үзүүлэлтээр “Бизнес эрхлэхүй” судалгаанд 74 дүгээр байрт яваа. За энэ ч яах вэ. Хамгийн гол реформ нь энэ онд татвар төлөлт цахим системд шилжсэн явдал. Гэтэл татварын бүртгэлийг цахим хэлбэрт шилжиж явдал суудлаа хөнгөвчлөх гэсэн биш, бид монгол зангаараа “Найдвартай нь дээрээ давхар бичгээр авна” гэдэг бичигдээгүй хууль мөрдөж бүр их чирэгдэл үүсгэх болжээ. Энэ шалтгааны улмаас манай улсын татвар дээр хийсэн шинэчлэлийг Дэлхийн банкны бизнесийн баг тоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, тэд “Цаасаа алга болгосон тохиолдолд танай энэ “мундаг” өөрчлөлтийг хүлээн зөвшөөрье” гэсэн аж. За тэгээд дээр дурдсан бусад үзүүлэлтээрээ байр ахисан дэвшсэн тал бий. Тухайлбал, барилгын зөвшөөрөл авах ажиллагаанд мэдэгдэхүйц дэвшил гарсныг монголчуудын олонх нь хэлж буй. Хуучин энэ төрлийн бизнес эрхлэхэд 121 гарын үсэг цуглуулж, 208 өдөр зарцуулдаг байсан бол дөрвөн шатлал руу оруулж, 35 гарын үсэг цуглуулж, нэг цонхоор үйлчилдэг болсон байна. Засгийн газар бизнесийн шинэчлэлээ эрчимжүүлэхээр бизнес эрхлэгчидтэй тулж ажиллаж, байгаа нь тун олзуурхууштай хэрэг юм.
Мөн “Транспаренс интернэйншл” олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексээр Монгол Улс өнгөрсөн оныхоос 11 байраар урагшилж дэлхийд 83 дугаарт бичигдэх болсон сайхан мэдээ ч бий. Гэхдээ авлига, хүнд суртал нийгэмд тэр дундаа бизнесийн орчинд амь бөхтэй оршисоор байгаа нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар ам дамжсан яриа ч бишгүй хөврөхийн сацуу гадаад, дотоодын олон байгууллагын судалгаагаар тогтоогдсоор байна. Үүнээс гадна бизнесийн орчин сайнгүй байх олон шалтгааны дотор онцгойлж хэлэх нэг зүйл нь сүүлийн үед төр бизнес эрхэлж, хувийн хэвшилтэй өрсөлдөх байдал гаарч байгаа явдал юм. Уг нь бол төр бизнесийнхэнтэй өрсөлддөг биш, урамшуулдаг, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх зохицуулалтыг л хийх үүрэгтэй. Энэ чиглэлээр сүүлийн үед ихээхэн хүчтэй яригдаж байгаа учраас төр нэгийг бодож, хоёрыг тунгаана байх гэж найдъя. Ямартай ч төрийн эрх мэдэлтнүүдийн хатуу чих зөөлөрч, баялаг бүтээгчдийнхээ үгийг сонсдог, сонсоод өнгөрдөг хуучин туршлагаар биш, хийж байгаа ажилдаа тусгаж хэрэгжүүлэхийг оролдож байгаа зүтгэлийг нь бизнес эрхлэгчид озуурхаж байна. Тэд баялаг бүтээж, олон хүний амьдралыг авч явж, улсын хөгжлийг нуруундаа үүрдэг болохоороо ч тэр үү, зөөлөрч уярахдаа амархан хүмүүс ажгуу. Хамгийн гол нь тэдний сэтгэлд энэ Засгийн газар бизнесийн орчны шинэчлэлээр нэг юм хийж магадгүй байна гэсэн итгэлийн оч саяхнаас бадарчээ. Шинэчлэлийн салхи хэдийнэ үлээж эхэлсэн. Эхлүүлсэн шинэчлэлийнхээ эцсийг харуулах хариуцлага ч Засгийн газарт ногдлоо.
Сэтгүүлч: И.Отгонжаргал
2013 оны 12 сарын "Том төрд сөгдсөн бизнес" дугаараас
Тус дугаарыг бүрэн эхээр унших бол энд дарна уу


