Нэг зүйл тодорхой. Орлогоо нэмэг­дүүлье, бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай гаргая гэвэл хамтарч, хоршихоос өөр гарцгүй. Хоршоо хөгжихгүй бол Монголын хөдөө аж ахуй өөрчлөгдөхгүй. Хоршооллын зарчим хэрэг­жихгүйгээр төрийн бодлого, хөтөлбөр, хууль, журам хүссэн үр дүн авчрахгүй. Ямар ч оновчтой шийдвэр, инноваци жалгын нэг тарсан зохион байгуулалттай малчдын дунд нэвтрэхгүй.

Ардчиллын он жилүүд эхэлсэн цагаас л орчин үеийн хоршоог хөгжүүлэх тухай яриа эхэлсэн. Бараг 20 жилийн өмнө Хоршооны хуулиа баталсан. Улсын төсөв болон олон улсын байгууллагуудын санхүүжилтээр цөөнгүй төсөл хэрэгжсэн. Ахиц гарсангүй.

Хуучин ченжүүд, сумын төвийн дэлгүүрийн эзэд голлосон хоршооны дарга нар хоршооны үйл ажиллагааг хувьдаа ашигтай байдлаар явуулж, гишүүддээ үйлчлэх гэсэн үндсэн зарчмыг хэрэгжүүлдэггүй учраас хоршоолох хөдөлгөөний нэр хүнд унаад байна. Өвлийг өнтэй давах л чухал болохоос биш аж ахуйдаа чанарын шинэчлэл, шинэ технологи нэвтрүүлэх бодол монгол малчинд алга. 3000 малтай, хөлсний олон малчинтай эр хүсвэл 1000 малаа зарж жийп хөлөглөж чадах тул малын ашиг шим буурах, бэлчээрийн даац хэтрэх зэрэгт огт санаа зовох шаардлагагүй.

Монгол 60 гаруй сая малтай гэх боловч зах зээлийн өнцгөөс ашиг шимийг нь харвал хөөсөн чихэр шиг шалчийгаад өгнө.

Бодоод байх нь ээ, бид одоо болтол хэрэгтэй хөшүүргээ олсонгүй. Тэгвэл тэр хөшүүрэг хаана байна вэ? Тоо бус чанарыг тэтгэсэн бодлого үгүйлэгдэхэд төр засгийг буруутгахаас өөр аргагүй.

Хоршооны хөгжил буюу “хүнжүүлэх хөтөлбөр”

Хоршдоггүйгээ нүүдэлчин ахуй, уламжлалтай холбон тайлбарлах нь бий. Үгүйсгэх аргагүй ч бас нотлох үндэсгүй яриа. Үндэс угсаанаас үл хамааран хүн төрөлхтөн цаг, нийгмийн шаардлагаар өөрчлөгдөж, шинэчлэгдэх чадвартай билээ.

Зах зээлийн нөхцөлд хоршоолох хөдөлгөөн эхлүүлэхдээ бид зөвхөн эдийн засгийг чухалчилснаас биш хүнээ хөгжүүлэхийн чухлыг үл ойшоожээ. Хүнгүйгээр хөдөө ч хөгжихгүй, хоршоо ч хөгжихгүй.

Хоршоолох хөдөлгөөн эрчимтэй хөгжсөн Европын орнууд хот, хөдөөд амьдралын ижил нөхцөлийг бүрдүүлэх, зах хязгаар нутгийг нийслэлээс хамаарал багатай болгох үндсэн хоёр зүйлийг төрийн бодлогын хүрээнд заавал хэрэгжүүлдэг. Тодорхой дэд бүтэцтэй, амьдрах таатай нөхцөл бүрдсэн цагт л мэргэжилтэй боловсон хүчинг тогтоон барьж ажиллуулах боломжтой. Дани улсын хувьд гэр бүлийн аж ахуй нь хөдөө аж ахуйн үндэс болдог. Фермер болохын тулд хөдөө аж ахуйн сургуульд таван жил сурах ёстой. Бүх фермер хөдөө аж ахуйн хоршооны гишүүн байх ёстой.

Тэгэхээр бид эхлээд хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгалыг зогсоож, жил ирэх тутам эзгүйдэж байгаа хөдөө орон нутгийг “хүнжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх ёстой байх нь.

Хоршооллыг зах зээлийн утгаар хөгжүүлэхэд хөдөө аж ахуйд чадварлаг менежерүүд, мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй. Гэвч өнөөгийн баг, сумын засаг дарга байтугай аймгийн засаг дарга хүртэл энэ ажлыг хийж чадахгүй байна.

Хөдөөгийн амьдралын нөхцөл хотынхноос дутахааргүй болж, хөдөө амьдрах сонирхолтой хүн олширч, хүний нөөц хангалттай болсноор үйлдвэрлэгчид буюу малчид, боловсруулах үйлдвэр, тээвэр, мэдээлэл, сурталчилгаа, банк санхүү гэх мэтээр хоршооллын бүтэц тус тусын чиглэлээр хөгжиж чадна. Түүнээс биш, хүүхдүүдээ сургуульд явуулчихаад, малаа хариулж хүчрэхгүй байгаа “мянгат” эхнэр, нөхөр хоёроос хоршоолохыг тулган шаардаад ч нэмэргүй.

Хуршмал зовлон

Төрийн иргэддээ хүргэж чадахгүй байгаа үйлчилгээг хоршоо чаддаг. Энэ зарчмыг амжилттай хэрэгжүүлсэн Европын холбоо, Япон, Солонгосын хөдөө аж ахуйг хоршоогүйгээр төсөөлөх аргагүй.

Монголын хоршоодод асуудал мундахгүй. Манай улсад 600 орчим ХАА-н хоршоо байдаг ч ихэнх нь түүхий эдийн урамшуулал даган зохиомлоор бий болсон тул гишүүддээ үйлчилдэггүй. Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяагийн үзэж буйгаар ХАА-н хоршоог бүртгэхдээ хадгаламж зээлийн хоршооны нэгэн адил мэргэжлийн байгууллага нарийн шалгууртай бүртгэж, үйл ажиллагаанд нь хяналт тавих хэрэгтэй аж. Ингэснээр жинхэнэ ХАА-н хоршоонууд шүүгдэж үлдэнэ.

Мөн хоршоо нь ашгийн бус, зөвхөн гишүүддээ үйлчилдэг байгууллага гэдэг утгаараа тэднээс татвар авах нь зохимжгүй. Хоршоо гишүүдийнхээ түүхий эдийг боловсруулах үйлдвэрт нийлүүлснийхээ төлөө татвар төлж байна. Ялангуяа НӨАТ-ын татвар хоршоонд дарамт болдгийг ХАА-н мэргэжилтнүүд онцолж байна. Амжилттай ажиллаж байсан олон хоршоо татварын дарамтаас болж хаалгаа барьсан.

Татварын орчин ийм байхад малчин хоршоонд элсэлгүй, малынхаа ашиг шимийг хувиараа борлуулж татвар төлөхгүй байхыг ашигтай гэж үзэх нь аргагүй. Европын холбоо орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгох бодлого баримталдаг. Япон хоршооны өвөрмөц тогтолцоотой. Японы 10 сая орчим гишүүнтэй 700 гаруй хоршоо үйлдвэрлэл, нийлүүлэлт, зээлийн үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлээр ажилладаг байна. Манайх шиг үйлдвэрлэгч өөрөө борлуулалтын асуудалд оролцдоггүй. Тухайлбал, тракторынх нь үйлдвэр дээр очоод ямар үнээр борлуулдгийг нь асуухад үйлдвэрлэгч өөрөө мэдэхгүй байх жишээтэй.

Монголд Хоршооны ерөнхий хуулийг шинэчлэх тухай яриад есөн жил болж байна. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д “Үйлдвэрлэлийг өртөг нэмэх сүлжээгээр хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн байх” гэж заасан. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт ийм агуулгатай заалт бий. Гэхдээ тунхгийн шинжтэй заалт биш, бодит арга зам, амьдралтай ажил хэрэгтэй.

Түүнээс гадна, хөрөнгө мөнгө, хууль дүрэм гэхээсээ илүү хандлагын хүчин зүйл хоршооллын хөдөлгөөнд саад болдог. Хоршооны гишүүн хөрөнгийн эрх мэдлээ алддаг гэсэн ойлголт зарим малчдын дунд бий. Энд социализмын үеийн нийгэмчилсэн хоршоо түүх болж, зах зээлийн нөхцөлд үйл ажиллагааны хоршоо хэрэгтэй гэсэн мэдээлэл, сурталчилгаа дутаж байна. Хоршоо нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүд тэгш эрхтэй байдаг давуу талтай. Энэ бүгдийг ойлгуулахын тулд ахин “Хүргэн хүү”, “Жамц баян”-ыг ятгах кампанит ажлын хэрэгцээ гарч ирж байна.

Г.Даваадорж

2017 оны 07 сарын "Хоёрдугаар үе" дугаараас