Япон хүмүүсийн "Монгол орны анхаарал татахуйц зүйл юу вэ?" гэсэн асуултад би "Өргөн уудам тал нутаг, одот хөх тэнгэр гайхалтай сайхан. Гэхдээ миний хувьд хамгийн сонирхолтой зүйл бол монголчууд" гэж хариулдаг. Яагаад гэвэл монголчууд япончуудаас тэс өөр.

Жишээлбэл би монголчуудтай ярилцаж байхдаа "Энэ хүн надад уурлаад байгаа юм болов уу?" гэж үргэлж санаа зовдог. Яагаад гэвэл монгол хүмүүс "Баярлалаа", "Уучлаарай" гэдэг үгийг маш ховор хэлдэг. Ерөнхийдөө Япон улсад хүнд талархсанаа илэрхийлэх, уучлалт эрэхийг байнга зөв цагт нь хэрэглэдэг ба эелдэг ёсонд тооцогддог. Гэсэн хэдий ч миний зарим монгол найз нөхөд, "Дотно нөхөрлөдөг найзууд бие биедээ итгэдэг болохоор дээрх үгийг байнга хэрэглэхээр бие биеэсээ хол хөндий юм шиг мэдрэмж төрдөг" гэж хэлэхэд миний буруу ойлголт эцэслэн шийдэгдлээ.

Би монголчуудтай хамт байхдаа 10 минут тутамд соёлын цочролд ордог. Монголын нялх хvvхдvvд амандаа хонины сvvл хөхөх, танихгүй хүн (санамсаргүй хөл дээр гишгэснээс болж) гэнэт гар барих, тасарч, согтож унатлаа архи уух, зөвхөн мах идэх дуртай байх гэх зэрэг. Мөн монголчуудын багийн тоглолт сайнгүй харин хувийн, ганцаарчилсан тоглолтод сайн (Олимпийн наадмаас авсан медаль нь бүгд спортын ганцаарчилсан төрөл байдаг), тэд нэг дор бүх мөнгөө үрж дуусгадаг, аливаа зүйлийг өөдрөгөөр хардаг учраас төлөвлөлгүйгээр зөнгөөрөө хийдэг, гэх мэтээр үргэлжилнэ.

Заримдаа би будилдаг л юм. Гэвч монголчуудтай харилцахад сайхан, сэтгэл хөдлөм байдаг. Монголчуудын зан чанарыг мэдэхээс гадна Япон хүний зан ааш, онцлог шинж чанарыг олж мэдэх нь мөн сонирхолтой байдаг. Монголчуудын хувьд Япон хүмүүс орчинтойгоо дасан зохицохдоо удаан, нууцлагдмал, биеэ барьсан, байдалтай байдаг. "Хятадууд шийдвэр гаргахдаа нэг өдөр болдог бол Солонгосууд долоо хоногийн дараа шийдвэр гаргадаг, харин япончууд нэг сар өнгөрсөн ч шийдвэрээ гаргадагүй" гэсэн алдартай хошигнол Монголд бий.

Нэгэн онолоор япон сэтгэлгээ нь тусгаарлагдсан арал дээрх хөдөө аж ахуйн суурингийн амьдрал, монгол сэтгэлгээ нь өргөн уудам асар том тив дэх нүүдэлчний амьдралтай холбоотой. Япончууд зэргэлдээ хөрштэйгээ хамт цагаан будаагаа тариалан хамтран ажиллаж, хүрээлэн буй орчинтойгоо зохицон амьдрах ёстой болдог. Гэтэл монголчууд хэний ч олж мэдээгүй байгаа өвс ургамал арвин бэлчээр нутгийг хурдан олж хэн нэг нь мэдээд нүүж очихоос нь өмнө тэнд түрүүлж нутаглахыг эрмэлздэг. Нүүдэлчид налгар тайван хоньтой сэргэлэн, хөдөлгөөнтэй, идэвхтэй ямааг нийлүүлж холин нэг сүрэг болгодог. Гэх мэт эдгээр ялгаатай талууд нь алс хэтдээ олон давуу талыг бий болгож монголчууд, япончууд бие биенээсээ суралцаж болох юм.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байна. Хоёр улсыг холбосон гүүрийн тухай ярихад сумогийн талаар дурдмаар байна. Энэ жил Японы Ёкозуна Аварга 19 жилийн дараа анх удаагаа тодорч, сумогийн бөхийн барилдаан улам бүр сонирхолтой болж, өдөр бүр билет зарагдаж дуусаж байна.

Гэсэн хэдий ч зоригтой дайчин барилдаанаараа үзэгчдийг байлдан дагуулж байсан Ёкозуна Асашёрюү болон даваа наймаалцсан гэх шуугианы улмаас сумо бөхийн нэр хүнд нь навс унаад байсан тэр үед ганцаараа Ёкозуна цолтой байсан одоогийн Ёкозуна Хакухо нарын хувь нэмрийг бид мартах ёсгүй.

Энэ хоёр баатрын жишгийг даган Японы ахлах сургууль, ахлах сургуулийн сумогийн клубт суралцахаар ирэх монголчуудын тоо нэмэгдсээр байна. Энэ жилийн ахлах сургуулиудын хооронд явагддаг аварга шалгаруулах тэмцээнд А.Амарсанаа түрүүлж түүхэндээ анх удаагаа гадаад улсын бөх энэ тэмцээний аварга болсон. Тоттори Жохоку ахлах сургуульд спортын багшаар ажиллаж байгаа Гантөгс Рэнцэндорж нь А.Амарсанаа болон бусад ирээдүйн сумо бөхчүүдийг дасгалжуулж сумо бөхийг хөгжүүлэхэд дэвжээний араас хувь нэмрээ оруулсаар байна.

Ихэнх япон хүний хувьд Монголын сумо бөхчүүд Монгол орны талаарх хамгийн хүчтэй сэтгэгдэл болдог. Соёлын ялгааг үл анзааран Сумо бөхийг сонирхолтой, үзүүштэй, сэтгэл хөдөлгөм болгож буй аугаа сумо бөхчүүдэд талархлаа илэрхийлэхийг энэ ялдамд хүсч байна.

Одоо би, япон хүний хувьд, монгол орны тухай сэтгэгдлээ бичье.

Сайхан сэтгэгдэл

  1. Харилцааны өндөр ур чадвар Монголчууд хаана байгаагаас үл хамааран хоорондоо ярих, ярилцах дуртай байдаг.

  • Ээж, аавдаа болон бие биедээ туслах, надад тусламж хэрэгтэй үед монгол хүмүүс үргэлж сайхан хандан, найрсгаар тусалдаг. Бүр анх удаа тааралдаж байсан ч хамаагүй. Энэ нь үнэхээр сэтгэл хөдөлмөөр.

  • Уламжлалт ёс заншил ба нүүдэлчний соёл Ёс заншил нь монголчуудын гайхамшигтай оюун санаа, мэргэн ухааныг агуулдаг.

  • Нөхөрсгөөр хошигнох, ууж наргих, дуулах, бүжиглэх. Зарим гадаадын хүмүүс монголчуудыг Ази дахь "Латин Америкчууд" гэж хэлдэг.

  • Таагүй сэтгэгдэл

    1. 1. Сургууль, төрөх эмнэлэг, эмэгтэйчүүдийн өвчин судлалын төвийн тоо хангалтгүй. Улс орны хөгжилд хүүхэд, эхчүүдийн аюулгүй байдлыг хангах нь чухал юм.

  • 2. Залуу хүмүүсийн дунд гепатит халдвар тээгч олон байдаг. Зарим монгол залуус надад "Эмнэлгийн төлбөр өндөр болохоор эмнэлэгт ханддаггүй, яагаад гэвэл төлөх мөнгө байхгүй " гэж хэлсэн.

  • 3. Шинэ нисэх буудал нээгдээгүй. Үүнээс шалтгаалан бизнес төлөвлөгөө нь бүтдэггүй тул гадаадын бизнес эрхлэгчид сэтгэл дундуур байдаг.

  • 4. Согтуу хүмүүс, халаасны хулгайчид, автозамын бөглөрөл, агаарын бохирдол. Хэрэв эмэгтэйчүүд болон гадаадын иргэд хотод ганцаараа ганцаараа аюулгүй тайван алхах боломжтой болвол илүү олон жуулчин Монголд ирнэ.

  • Канако Онишика

    Чөлөөт сэтгүүлч, Япон Улс, Токио хот

    2017 оны 10 сарын "Одоо цаг" дугаараас