Ойр орчмын зүйл харагдахгүй, битүү тоосон хөшиг татжээ. Энэ замаар адуун сүрэг дөнгөж сая давхиад өнгөрч дээ гэж эхэндээ бодов. Төд удалгүй агаар дахь тоос шороо замхарч, ойролцоох юмс тодров. Дөрвөн зүг ээлжлэн нүдээ бэлчээвэл бүх зүйлс ундуй сундуй, гудамж, хороолол, байшин барилга ч эмх цэгцгүй аж. Бөртийх ч үүлгүй цэлмэг тэнгэр хормын дотор орвонгоороо эргэж, хуй эрчлэн эргэлдсээр орчин тойрныхоо хамаг юмсыг хаман одно. Өдөр бүр ийм дүр зурагтай нүүр тулан амьдардаг хүмүүс бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан. Говийн наран үүр хаяарахтай зэрэгцэн манддаг аж. Алтан шар нарны тусгал тал газрын хөрсөн дээр тусахыг хараад говь нутгаар бахархах сэтгэл төрнө. Гэвч үүрийн гэгээ орсон үеэс эхлэн говийнхон тоос шороо, хуй салхин дунд амьдрах. Нарийн ширхэгтэй шороо пургиж, цагаан тоос манарах нь хэвийн үзэгдэл болсон учраас хүмүүс нь ч дасан зохицсон аж. Үүнээс болж малын уушиг, дотор муудсан жишээ бишгүй олон бийг малчдын төлөөлөл хэлж байсан. Цогтцэций 10 жилийн өмнө Монголын хөдөөгийн жирийн нэг сум байсан бол өдгөө аймаг, дүүргээс дутахааргүй олон хүн холхисон их хөлийн газар болжээ.
Мэдээж энэ газарт манай улсыг дэлхий дахинд таниулаад буй Тавантолгойн орд байдагтай холбоотой. Энд орон нутгийн “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Ухаахудаг” гээд Монголын нүүрсний томоохон гурван уурхай олборлолт явуулдаг. Эдгээр уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй орон нутагт татвар төлдөг аж ахуйн нэгж олон. Сумын татварын албанд бүртгэлтэй 300 орчим аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 240 гаруй аж. Суманд ийм тооны аж ахуйн нэгж байна гэдэг маш том тоо. Эдгээрийн ихэнх нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайг дагаад ажлын байр, хөл хөдөлгөөн бий болсноор иргэдийн амьжиргааны түвшин, хөгжил цэцэглэлтэд эерэгээр нөлөөлдөг гэх ч тус сумын хувьд тийм биш байв.
6000 гаруй хүнтэй Цогтцэцийд явуулын 15 мянган хүн ирэн очин амьдардаг. Сумын хэмжээнд 1000 гаруй автомашин бүртгэлтэй. Өдөрт тийм хэмжээний тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Гэтэл ердөө 12-хон км засмал замтай. Суманд ахадсан гэмээр олон төмөр хүлэг давхилдах учир тоос шороо дийлдэхгүй байх нь аргагүй аж. Дээрээс нь говийн хөрс зөөлөн. Цайны газрынхан ширээгээ арчаад төд удалгүй харахад л хуруу зузаан тоос тогтсон байдаг тухай зовлонгоо тоочиж байв. Ус нь хатуулаг ихтэй учир ундандаа хэрэглэх нь учир дутагдалтай гэсэн дүгнэлтийг холбогдох газраас гаргажээ. Гэсэн ч үүнээс өөр сонголт говийнхонд үгүй учир гүний худгийнхаа усыг цэвэршүүлэн хэрэглэдэг байна. Энд литр ус хоёр төгрөг. Сумын төвийн төв хэсгийн худгууд усаа сайн шүүдэг учир ундандаа хэрэглэхэд асуудалгүй гэсэн. Харин захдуу байрлах худгийн уснаас хужир амтагддаг талаар нутгийн иргэд өгүүлж байлаа. Уул уурхай эрчимтэй хөгжиж эхэлсэн жилүүдэд мөнгөтэй нэг нь дуртай газраа барилга барьсан нь сумыг эмх замбараагүй, төлөвлөлтгүй болгосон гэх. Сумын нийт нутаг дэвсгэрийн талбай 7242 ам.км ч гудамжууд нь ямар ч зохион байгуулалтгүй аж.
Ус ашиглах талаар судалгаа байхгүй
Уул уурхайн баялагтай сум хамгийн их байгаль орчноо сүйтгүүлдэг нь бичигдээгүй хууль. Бэлчээрийн доройтол, усны хомсдолоос эхлээд цэцийчүүдийн зовлон мундахгүй их аж. Хэдэн жилийн өмнө 50 гаруй булаг шанд байсан бол одоо гарын арван хуруунд багтахаар цөөхөн болжээ. Одоогийн байдлаар 12-13 худаг усгүй болж. Харин “Энержи Ресурс” компанийнхан тус сумын төв дээр хоёр худаг барьж, орон нутгийн ахуйн үйлчилгээний “Цог-Өрнөх” компанийн мэдэлд бүрэн шилжүүлэн өгчээ. Гэсэн ч усны нөөцөө хамгаалахын тулд Өмнөговь аймгийн ИТХ хуралдаж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс уул уурхайд Балгасын улаан нуурын ус хэрэглүүлэхгүй байх тогтоол гаргаж. Гэтэл улс орны эдийн засгийн чадавхийг сайжруулах хамгийн чухал зүйл нь уул уурхайн салбар. Тиймээс говьд байгаа байгалийн баялгийг ашиглахаас өөр аргагүй. Ашиглахын тулд “Та нар энэ тогтоолоо эргэж хараач ээ” гэсэн лүндэнг Засгийн газраас Өмнөговь аймгийн ИТХ-д буулгажээ. Үүнийг харгалзан үзээд цуцлахаар болоод буй аж. Учир нь, улсын төсвийн орлогын тодорхой хувийг уул уурхайгаас бүрдүүлж байгаа нь шийдвэрээсээ буцахад нөлөөлжээ. Энэ асуудалд сумын Засаг дарга Н.Амгалан “Тогтолцоо нь буруу яваад буй учраас бүх зүйл эсрэгээрээ байна. Уул уурхайн хөгжлийг дагаад сумд хөгжих учиртай. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ байгаа учраас орон нутаг уул уурхайгаа ашиглуулах сонирхолгүй болчихдог юм байна” хэмээв. Усгүйн зовлонг говийнхон л мэднэ гэж монголчууд ярьдаг. Уул уурхай хөгжиж, амьдрал дээшилсэн орчин цагт тэд усны гачланг бүр ч илүү мэдэрч сууна.
Монголчууд хэдийгээр хар ус харамладаггүй гэж ярьдаг ч говийнхны хувьд өөр. Тавантолгой, Оюутолгойн ордыг түшиглэн олборлох, баяжуулах үйлдвэр, цахилгаан, дулааны станц зэрэг усны хэрэглээ өндөртэй үйлдвэрүүд баригдах тооцоо бий. Эдгээр ордын усны хэрэгцээг газрын гүний усаар хангахаар төлөвлөсөн. Эрдэнэс Тавантолгойн ордын усны хэрэгцээг “Балгасын улаан нуур”-ын усны орд газраас хангахаар болоод байгаа. Усны нарийвчилсан хайгуул судалгаа хийх шаардлагатайг усны мэргэжилтнүүд хэлдэг ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн тоймтой шинэ судалгаа гараагүй байгаа аж. Цогтцэций аймагтаа хамгийн цөөхөн малтай сумын нэг. Нийт 65 мянган тоо толгой малтай. Орон нутгийн Тавантолгой компани 50 орчим жил ажиллаж буй. Тухайн үед ойролцоох гурван аймгийг нүүрсээр хангадаг байснаас тоосжилт, зам харгуй бий болсон учир мал аж ахуй хөгжихөд халтай байжээ. Улмаар 2005 оноос уул уурхай эрчимжиж, тоосжилт ихэссэн байна. Үүнээс дайжиж малчдын олонх нь уул уурхайн олборлолт явуулдаггүй хэсэг рүү суурьшиж эхэлжээ. Харин энэ газарт Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам тавих гэж буй нь гал дээр тос нэмсэн явдал болсон гэнэ. Төмөр зам малын бэлчээрээр дайрч буй нь малчдыг тэнд амьдрах аргагүйд хүргэж байгаа аж. Тиймээс тэд төмөр замыг нутгийн хойд хэсгээр тавих хэрэгтэй гэж үзэж байна.
Уул уурхай юу, эрүүл мэнд үү
Хөгжиж цэцэглэх газрын хүн амын эрүүл мэнд дэндүү бараан байна. Үүнийг цэцийгийн гурван хүн тутмын нэг нь амьсгалын замын, хоёр хүний нэг нь харшилтай гэдгээс харж болно. Уг судалгааг орон нутгийн холбогдох байгууллагаас гаргасан байна. Тоосжилтоос үүдсэн амьсгалын замын өвчлөл хүн амын дунд хамгийн их аж. Тэр дундаа бага насны хүүхдүүд илүү өртөмтгий гэнэ. Хүн ам олноор төвлөрч буй учир сумын эмнэлэг 2012 оноос Сум дундын эмнэлэг болон өргөжжээ. Гэсэн хэдий ч хуучин барилгадаа үйл ажиллагаа явуулж байгаа учир хүчин чадал муутай юм. Нэг давхар навтгар цагаан байшинд олон хүнд үйлчлэхэд дэндүү давчуухан. Хэвтэн эмчлүүлэх наймхан ортой. Үүний хоёрт нь хүүхэд, хоёрт нь төрөх эхчүүдийг хүлээн авдаг. Агаарын бохирдол их учраас 0-5 насны хүүхдүүдийн дундах амьсгалын замын өвчин нийт өвчлөлийн 60 хувийг эзэлдэг байна. Ялангуяа өвөл, хаврын улиралд өвчлөл ихэсдэг гэх. Тус эмнэлэг хүүхэд, дотор, сүрьеэ, лабораторийн зэрэг 10 их эмчтэй. Суманд анх удаа лабораторийн их эмчтэй болж, есөн төрлийн шинжилгээ хийж буй аж. “Хүмүүс осол гэмтэлд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа нь харамсалтай. Манайд мэдээгүйжүүлэлтийн эмч, аппарат хэрэгтэй байна. Мөн зөөврийн рентген шаардлагатай. Ийм аппаратгүйгээс хатгаатай хүүхдийг таних боломж хомс юм. Шүд амны хөндийн өвчлөл ч хүүхдүүдийн дунд өндөр байна” хэмээн тус сумын эмнэлгийн эрхлэгч Д.Дэлгэрмаа ярьсан.
2011 онд 356, өнгөрсөн жил 187 осол бүртгэгджээ. Нэг үеэ бодвол буурч буй ч ахуйн гаралтай гэмтэл өндөр аж. Шилжилт хөдөлгөөн их учраас БЗХӨ ч өндөр хувийг эзэлдэг байна. Түүнчлэн зүрх судасны өвчлөл дээгүүрт тооцогддог. Үүнд компаниуд 12 цагаар ажиллуулдаг, хувь хүний ажил амьдралын дадал зуршил нөлөөлдөг гэх. Сумын төвөөс долоон км-ийн зайд “Энержи ресурс” компани олборлолт явуулж байна. Ядаж байхад уурхай салхин талдаа байрлах аж. Өдөр шөнөгүй хөрс хуулалт явагдаж буй учраас дуу чимээ ихтэй. Аргаа барсан цэцийчүүд “Ашигт малтмалын тухай хуульд хүн ам төвлөрсөн газар уул уурхай ашиглах зөвшөөрөл өгөхгүй баймаар байна. Зөвшөөрөл өгч байгаа нь биш нутгийн иргэд хохирч үлдэнэ. 1966 онд анх уурхай байгуулагдахад сумын төвөөс 15 км-ийн цаана үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоо дүрэм журам нь өөр болж” хэмээн бухимдангуй өгүүлж байсан. Энэ чиглэлийн хуульд инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч гэмээр сонин заалт байдаг аж.
Дээрх гурван уурхайг агаар бохирдуулагч гэж үзэн нэг кг нүүрснээс нэг төгрөг “Цэвэр агаар” сангийн дансанд ордог гэнэ. Энэ мөнгөөр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас утаагүй зуух, шахмал түлш гэх мэтийн аар саархан ажил хийдэг. Гэтэл агаар бохирдож буй газар нь Цогтцэций.
Татварын бодлого нь зөв ч зохицуулалт нь өрөөсгөл аж. Ядаж энэ мөнгөний 70 хувийг нийслэлд үлдсэнийг нь суманд зарцуулах хөшүүрэг байх ёстой талаар тэд хэлж байсан.
Тансаг хэрэглээтэй сумын даржин төрх

Цогтцэций гурван жилийн өмнөхөөс тэс өөр болсон тухай нутгийн иргэд хэлж байна. Ямар ч бизнес эрхэлсэн худалдан авах чадваргүй болсон гэнэ. Энэ талаар баар, ресторан, дэлгүүр ажиллуулж үзсэн гэх худалдаа эрхлэгч Д.Туул “Уурхайгаас хамааралтай байна гэдэг маш хэцүү. Сая хэдэн сар зогсоход дэлгүүр худалдан авагчгүй болсон. Тэгэхэд “Банкны өрөө яаж төлөх вэ” гэсэн хүмүүс олон байсан” гэв. Тэрбээр энд ахуй амьдралаа сайжруулах зорилгоор гурван жилийн өмнө нийслэлээс шилжин иржээ. БНСУ-д 10 жил ажиллаад Монголд ирэхэд Цогтцэцийд л амьдрал байна хэмээн хамаатан садан нь хэлж, бөөнөөрөө ирсэн юмсанж. Борви бохисхийлгүй ажиллаж бизнес нь овоо урагшилж байтал уул уурхай түр хугацаагаар зогссон нь хүнд цохилтод оруулжээ. Учир нь, энд нийтийн болон худалдаа үйлчилгээний чиглэлээр түрээслэх байр нийслэлийн зарим газраас ч өндөр үнэтэй. Зөөврийн устай 5*6 харьцаатай жижиг цайны газрын сарын түрээс хамгийн багадаа 1.5 сая төгрөг аж. Төвийн халаалттай устай газрууд 3-5 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Д.Туул гурван жил байр түрээслэн амьдарчээ. Энэ хугацаанд зөвхөн түрээст 10 сая төгрөг зарцуулж. Зөөврийн устай нийтийн нэг өрөө сарын 200-250 мянган төгрөг. Хэрэв хажуу өрөө түрээслэе гэвэл 300-350 мянгаас буудаггүй гэнэ. Тэрбээр “Цайны газар жил гаруйн хугацаанд түрээслээд түрээслэгчдээ 18 сая төгрөг өгч байлаа. Өөрөө ашиггүй ажилласан. Уул уурхайгаас хараат учраас орлого харилцан адилгүй байдаг юм. Орлогогүй ч түрээсээ өгч л таарна” хэмээв. Караоке түрээсэлдэг гэх Р.Болд нийслэлээс нэлээд хэдэн сая төгрөгтэй иржээ. Гурван жилийн дотор мөнгөө арвижуулах гэсэн биш харин ч эсрэгээрээ дансаа улайлгачихаад байгаа гэсэн. Д.Туул одоо хот руу буцаж, хөөцөлдөж байгаад БНСУ руу гарах зорилготой болжээ.
Түүнтэй адил хаалгаа барьсан түрээслэгч нар олон бий аж. Тус суманд “Номадс”, “Броадвэй” сүлжээ рестораны салбар үүдээ нээгээд 2-3 жил болжээ. Орлого нь уул уурхайн зогсонги байдлаас болж хумигдсан байна. Энд дундаж тохижилттой зочид буудал хоногийн 70-80 мянган төгрөгийн үнэтэй. Захын цайны газрын хоол хамгийн багадаа 6000 төгрөг. Сумын төвийн дэлгүүрүүд нэг үе хөл гишгэх зайгүй шахам үйлчлүүлэгчтэй байжээ. Одоо байдал эсрэгрээрээ болж. Банкны өрнөөс болж амиа хорлосон тохиолдол ч гарч. Уул уурхай зогсоод тал цалинг нь хэсэг байж байгаад өгнө гэх хооронд банкны зээл нь нэхэгдсэн аж. 20-30 сая төгрөгийн өртэй хүн сэтгэлзүйн хүнд цохилтод орж, амиа хорлосон тухай нутгийн иргэд хэлж байна. Он гарсаар цэцийд шинээр байшин барилга баригдаагүй гэнэ. Бэлэн мөнгөний хомсдолд орсон учир амьдрал хүнд болоод буй тухай учирлах. Уул уурхайг дагаад худалдан авах чадвар сайн байсан учир бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өндөр юм. Үүнд нь ажилгүй орлогогүй эсвэл төрийн албан хаагчид өртчих гээд байдаг талтай аж. Сургуулийн хүрэлцээ ч муу . Уул уурхай хөгжөөд 50 жил болж буй газар энэ мэтийн бүхий л асуудлаа шийдсэн баймаар. Сумын ЗДТГ-ын урд талд байрлах 440 хүүхдийн суудалтай сургуульд 800 гаруй сурагч суралцаж буй аж. Зарим анги гурван ээлжээр хичээллэдэг байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уг сургуулийг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан ч ашигласаар буй аж. Харин “Энержи ресурс” компани Өмнөговь аймагтаа хамтран хөрөнгө оруулалт хийж, тус суманд “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулжээ. Өдгөө тус сургуульд 600 гаруй хүүхэд суралцаж байна. Сургууль сумын төвөөс 5-6 орчим км-ын зайтай юм. Тэнд “Энержи ресурс”-ын ажилтнуудын хүүхдүүд ч мөн суралцдаг байна. Түүнчлэн тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэцийд хийсэн бүтээн байгуулалтын ажлыг энд дурдалгүй өнгөрч болохгүй. Үүний дотор сумын хөгжил цэцэглэлтэд өнгө нэмсэн нь Цэций орон сууцны хороолол, “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэг байсан юм.
Бодлогоор хүн амын төвлөрлийг бий болгосон учраас УИХ цэцийгийн тоосжилт, агаарын бохирдол зэрэгт анхаарал хандуулах ёстой. Учир нь, хүний эрүүл мэнд чухал. Манай сумыг уул уурхайн чиглэлээр ашиглая гэвэл нийгмийн асуудалд нь төр анхаарах ёстой гэдгийг Цогтцэций сумын Засаг дарга Н.Амгалан хэлсэн. Нэгэнт хүн ам төвлөрсөн газар уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг төр өгсөн учир Цогтцэцийчүүдийг одоо яах вэ. Энэ хэвээр удаан амьдарвал тэдний эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх алдагдах нь. Цаашдын ирээдүй нь ч бүрхэг байна.
С.Батзаяа
2014 оны 5 сарын "Говь эдийн засгийг өсгөх үү, уруудуулах уу" дугаараас


