Германы эрчим хүчний шилжилтээс бусад улс орон юуг сурах ёстой вэ?

Герман улсад алдаа ч бий, оноо ч бий. 2000 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар томоохон дэмжлэг, урамшуулал бий болгосон нь сэргээгдэх эрчим хүчийг хурдацтай хөгжүүлэхэд түлхэц өгсөн. Тухайн үед технологийн өртөг өндөр байсан учраас ийм дэмжлэг шаардлагатай байлаа. Харин өртөг буурахын хэрээр урамшууллыг нь түүнд тохируулан өөрчлөх хэрэгтэй болсон. Ямар хэмжээний урамшуулал өгвөл хангалттай байх, бодлогын ямар арга хэрэгсэл хамгийн үр дүнтэйг эхэндээ яв цав мэдэх боломжгүй. Тохирох тэнцвэрийг олохын тулд туршлага хуримтлуулж, суралцах шаардлагатай байсан. Дэмжлэгийн зохист хэмжээ, бодлогын арга хэрэгслийн сонголт нь нөхцөлөөсөө хамааран ихээхэн ялгаатай байж болно.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цахилгаан дамжуулах сүлжээг мөн шинэчилж, түүнд нийцүүлэх шаардлага гарсан. Үүнийг дагаад шинэ сорилтуудтай тулгарснаас гадна сургамж ч авч байв. Бусад улс Германы туршлагаас суралцсанаар бидэнд тохиолдсон хүндрэлүүдээс зайлсхийх боломжтой.

Германы эрчим хүчний шилжилтээс суралцах зүйл олон бий. Гэхдээ энэ үйл явц одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд манай улс 2045 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэхээр зорьж байна. Миний бодлоор, хамгийн чухал сургамж бол сэргээгдэх эрчим хүчний бүх төрлийг хамарсан, үе шат бүр болгонд зорилтоо тодорхойлсон урт хугацааны стратегитай байх явдал юм. Эцсийн дүнд юунд хүрэхээ анхнаасаа л мэдэж байх хэрэгтэй.

Хэрэв танай улс 2050 онд хүрэх зорилгоо тодорхойлсон бол тэр цэгээсээ өнөөдрийг хүртэл ухрааж тооцон, энэ хугацаанд ямар алхмууд хийх шаардлагатайг тогтоох хэрэгтэй. Эрчим хүчний шилжилтийн үе шат бүрд ямар арга барил, замын зургаар ажиллахаа боловсруулж, хэн нь аль хэсгийг хариуцахыг тодорхой болгох ёстой.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд цахилгаан дамжуулах сүлжээ болон салбарын байгууллагуудад ч мөн өөрчлөлт, шинэчлэл шаардлагатайг мартаж болохгүй.

Эрчим хүчний дэд бүтцийн зардлыг хэн хариуцах ёстой вэ? Хувийн хөрөнгө оруулалт татахын тулд ямар нөхцөл бүрдүүлэх шаардлагатай бол?

Эдгээр дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний зардлыг хэн төлөх, санхүүгийн ачаалын хамгийн ихийг хэн үүрэх, мөн үр өгөөжийн хамгийн ихийг хэн хүртэх вэ гэдэг асуулт гарна. Бүгд л хувь нэмрээ оруулах ёстой. Өнгөрсөн 10, 15, 20 жилийн туршлагаас харахад Засгийн газрууд ийм хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй. Зөвхөн төсвөөс санхүүжүүлэх нь ч оновчтой биш. Энэ чиглэлд хувийн хөрөнгө оруулалт татах шаардлагатай бөгөөд үүний тулд найдвартай бодлого, зохицуулалтын орчин хэрэгтэй.

Энэ нь өндөр, дунд, бага орлоготой бүх улс оронд хамаатай. Гол асуудал нь төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг ямар хугацаагаар харж байгаад оршино. Миний бодлоор, дунд болон бага орлоготой орнуудад буруу төсөөлөл түгээмэл байх шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын орчныг нь хангалтгүй гэж үзээд хөрөнгө оруулахаас татгалздаг. Гэтэл олон тохиолдолд бодит эрсдэл нь тэдний төсөөлж байгаагаас бага байдаг.

Хөрөнгө оруулагчид өгөөжөө аль болох хурдан хүртэхийг хүсдэг. Зардал болон хүлээгдэж буй өгөөж нь бага орлоготой орнуудад хөрөнгө оруулах шийдвэрт хэрхэн нөлөөлдөг вэ?

Нөхцөл байдал нь харилцан адилгүй учраас нэг хариулт өгөхөд хэцүү. Юуны өмнө хөрөнгө оруулагч хөрөнгөө хэдий хугацаанд нөхөхөөр тооцож буйгаас хамаарна. “Би мөнгөө таван жилийн дотор нөхөж авах шаардлагатай юу, эсвэл 10, 20 жил хүлээж чадах уу?” гэдэг л гол асуулт. Томоохон хөрөнгө оруулалтын ашиг олох хугацаа урт байх нь элбэг. Орлогын талаарх хүлээлт ч чухал. “Надад 10 хувийн өгөөж хангалттай юу, эсвэл заавал 15 хувь байх ёстой юу?” Энэ нь тухайн хөрөнгө оруулагчийн дүгнэлтээс шалтгаалдаг тул тохиолдол бүрийг тусад нь авч үзэх хэрэгтэй.

Улс төрийн адармаатай нөхцөлтэй орнуудад хөрөнгө оруулагчийн шаарддаг нэмэлт өгөөж буюу эрсдэлийн нэмэгдэл өндөр байдаг бол өндөр орлоготой, эсвэл илүү тайван орнуудад хөрөнгө оруулалтын нөхцөл эрс өөр байдаг.

Mongolian Economy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Д.Бэхбаяр Н.Супербсергерт монгол бэлэг, сэтгүүлийн дээжээс бэлэглэв

Герман улсын технологи, дэд бүтэц нь өндөр түвшнийх. Үүний зэрэгцээ эрчим хүчний зах зээл нь цогц нарийн бүтэцтэй. Бид хувийн хөрөнгө оруулалтад түшиглэсэн модель руу шилжиж, сэргээгдэх эрчим хүч худалдан авах нарийн зохион байгуулалттай тогтолцоо, тухайлбал аукционыг хөгжүүлсэн юм. Манай эрчим хүчний зах зээл маш нарийн бүтэц, зохицуулалттай учраас үүнийг ойлгоход мэргэжлийн хүний мэдлэг шаардлагатай гэж бодож байна. Бодлого, зохицуулалтын орчин сайжрах бүрд сэргээгдэх эрчим хүчний хөгжил эрчээ авч ирсэн юм.

Та манай улсад ажилласан туршлагадаа тулгуурлаад дулаан хангамж, эрчим хүчний тогтолцоог шинэчлэхэд бидэнд ямар сорилтууд тулгарч байгаа, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа хэлнэ үү?

Улаанбаатарын өвөл маш хүйтэн байсан. Тиймээс нийслэл хотод тулгарч буй хүндрэлүүд, тэр дундаа агаарын бохирдлын талаар багагүй ойлголттой болсон гэж боддог. Өвлийн улиралд дулааны хэрэгцээ асар өндөр учраас уг системийг шинэчлэх нь амаргүй. Дээвэр дээр нарны хавтангууд суурилуулахад л дулаан хангамжийн хэрэгцээг хангачихна гэж үзэж болохгүй. Эрчим хүчний салбарыг илүү гүнзгий судалж, дүн шинжилгээ хийх шаардлагатай болов уу. Сэргээгдэх эрчим хүч ашиглах гэж байгаа бол эрчим хүч хуримтлуулах шийдлийг ч хамтад нь авч үзэх хэрэгтэй болно.

Герман улс дулааныг улирал дамнуулан хуримтлуулах тал дээр маш их туршлага хуримтлуулж байна. Зундаа дулаанаа цуглуулан хадгалж, өвөл нь ашиглана гэсэн үг. Үүнийг Монголд хэрэгжүүлэхэд хүндрэлүүд гарах болов уу. Цельсийн -45 хэмийн хүйтэн ямар байдгийг биеэрээ мэдэрч байж л ойлгоно шүү дээ. Германд харин ингэж их хүйтэрдэггүй. Гэвч эдгээр сорилтыг даван туулах боломжтой бөгөөд үүнийг шийдвэрлэхэд сэргээгдэх эрчим хүч тусалж чадна.

Мэргэжил нэгт монголчуудтай хэрхэн хамтран ажиллаж байсан талаар сонирхуулна уу?

Надтай уулзсан монгол мэргэжилтнүүд өөрчлөлтөд гар бие оролцох маш их хүсэлтэй байсан нь анзаарагдсан. Би үүнийг эрчим хүчний салбарт ажиллахдаа өөрийн биеэр мэдэрсэн. Тэд нүүрсэнд тулгуурласан эрчим хүчний үйлдвэрлэлд тулгарч буй сорилтууд, тэр дундаа агаарын бохирдлыг шийдвэрлэх өөр боломж, шийдлүүд байгааг олж харж, тэрхүү өөрчлөлтөд хувь нэмрээ оруулахыг хүсэж байлаа. Тиймээс тэдэнтэй хамтран ажилласан нь надад маш үр дүнтэй, сэтгэл хөдөлгөм туршлага болсон.

Мөн монголчууд олон улсын туршлага, хөгжлийг ихээхэн сонирхдог. Олон улсад юу болж байгаа, тэдгээрээс юуг суралцаж болохыг мэдэхийг маш их хүсдэг нь харагдаж байлаа. Миний бодлоор, Монгол Улсын хамгийн том баялгийн нэг бол ард иргэд нь юм.