2013 оны хувьд дэлхийн хамгийн муу ажилласан таван компанийн ерөнхий захирлыг тодруулахад гурван асуудлыг чухалчилжээ.
Захирлын хувьд хүнд байдалд орсон эсвэл хүнд байдалд орох эрсдэлд хүрсэн, ажлын гүйцэтгэлийн хувьд огцом уналт бий болсон эсэх, хувьцааны ханшийн уналт, бэлэн мөнгөний чадавх, зах зээлд эзлэх байр суурь, болон бусад санхүүгийн үзүүлэлт
Хөлгийг буруу зүгт залж байгааг мэдэж байсан эсвэл мэдэж болох байсан эсэх
Тухайн компанийн захирлын үйлдэл эсвэл идэвхгүй байдал нь корпорацийн засаглал болон стратегийн удирдлагыг эвдсэн эсэх
Захирлуудын гүйцэтгэлийг үнэлэхдээ томоохон бүтэлгүйтэл болон уналт нь тухайн удирдлагын хяналтаас давсан хүчин зүйл байсан бол гүйцэтгэх албан тушаалтны бурууд тооцоогүй болно.

Mircrosoft” компанийн ерөнхий захирал Стив Балмер
Стив Балмерыг гүйцэтгэх захирлаар сонгосон нь маргаантай өөрчлөлт байж мэдэх. Учир нь, түүний удирдан авч яваа компани жил бүр 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээсээр байгаа билээ.
“Mircrosoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 2000 онд Стив Балмерт үнэт өв болох компанийнхаа удирдлагыг шилжүүлэн өгснөөр түүний эрин эхэлсэн. Гэвч амжилттай явж байсан компанийг илүү удирдаж чадалгүй уналтанд оруулсан нь гайхмаар.
Зах зээлдээ монополь байр сууринд ойртож, асар их мөнгөний эх үүсвэрт хүрэхээр зэхэж байсан Персонал компьютерийн онцгой эрхэт тус компанийг тэрбээр залгамжилж авсан. “Mircrosoft” компани нь Хятад, Энэтхэг, Орос Бразиль тэргүүтэй олон улсад хүрээгээ тэлж, мега өсөлтөөс атгаад алдсан.
Балмер болон “Mircrosoft” зах зээлээ нэг, нэгээр нь алдаж эхэлсэн. Зах зээлд “Zune” хэмээх хөгжим тоглуулагчийнхаа байр суурийг “Apple” компанийн “iPod” тоглуулагчид алдсан. Үүний дараа “Windows” утаснуудын орон зайг iPhone болон Android үйлдлийн системтэй бусад утас эзэлсэн. Ингээд зогсохгүй “Bing” хэмээх хайлтын системийн хэрэглэгчдийг “Google”-д алдсан байдаг. Утас бол дээрх алдсан зах зээлүүдийн хувьд хамгийн том жишээ бөгөөд бизнес эхлүүлж буй компаниуд болон өрсөлдөгчдийн хувьд цааш ахих боломжийг олгосон юм. Facebook, Google болон Tencent, Lenovo компанийн хувьд хөгжлийн дараагийн эрин рүү шилжилт хийж байгаа бол Microsoft хоцорч үлдсээр.
Стив Балмерын хувьд өнгөрсөн жил хамгийн тааруу жил нь ч биш байж мэдэх. Учир нь, тэрбээр Mircrosoft компанийн суудлаас энэ жил буусан нь удаан үргэлжилсэн хэцүүхэн үеийнх нь оргил болж байгаа билээ.

“Sear” Холдингийн үүсгэн байгуулагч, захирал, хөрөнгө оруулагч Эдди Ламперт
Эдди Ламперт бол Хөрөнгө оруулалтын сангийн “од”, 2003 онд Америкийн “Kmart” их дэлгүүрийг дампуурлаас гаргаж чадсан хүн билээ. Хожим нь тэрбээр “Sears” олон үндэстний их дэлгүүрийг худалдан авч “Sears” холдингийг байгуулсан. Хэдийгээр тэрбээр санхүүгийн ертөнцөд эр зориг, ур чадвараараа гайхагдсан хэвээр байгаа ч 2013 он түүний хувьд хүндхэн өнгөрсөн. Эддигийн өмнө тулгарсан уналтууд түүний худалдаж авсан 120 жилийн түүхтэй “Sears” компанийг сүйрүүлж мэдэхээр байгаа юм
“Sears” холдингийн зах зээлийн үнэлгээ энэ жил буураагүй. Гэвч “Standard & Poor’s 500” ердөө 29 хувиар өссөн бөгөөд хувьцааны үзүүлэлт ч тэр энэ хавьцаа байгаа.Тийм ч сайн үзүүлэлт биш. “Same-store sales” үзүүлэлт буюу жижиглэнгийн барааны салбарын эрүүл мэндийг илтгэдэг үзүүлэлт уруудсан хандлагатай буюу орлого буурсан.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн 27 улирлын турш худалдааны үзүүлэлт мөн багассан байна. Өнгөрсөн жилийн эхний гурван улиралд 800 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаагийн зэрэгцээ тэрбээр долоон тэрбум ам.долларын өртэй.
Эдди Лампертын хувьд зардлаа хасч, үл хөдлөх хөрөнгүүдээ зарж, хувьцаагаа эргүүлэн худалдан авч өөрөөр хэлбэл, “Их авч, бага зар” гэсэн өөрийнхөө санхүүгийн зах зээлд баримталдаг тоглоомын дүрмээ дагасаар өдийг хүрсэн. Гэвч жижиглэнгийн барааны дэлгүүр бол хөрөнгө оруулалтын сан биш учир түүний тоглоомын дүрэм байгаа оносонгүй. Тиймээс өнгөрсөн жилийн хамгийн муу захирлуудын эгнээнд жагсахаас өөр сонголт түүнд үлдсэнгүй.

“Blackberry” компанийн ерөнхий захирал асан Торстон Хейнс
Жагсаалтын гуравт орж буй захирлын хувьд “Blackberry” компанийн хямралын үед ажлаа хүлээж авсан нэгэн билээ. Гар утас үйлдвэрлэгч “Blackberry” нь өрсөлдөгч iPhone болон Samsung Galaxy гар утасны өсөлтийн хурдыг гүйцэж, нөхцөл байдалд шилжилт хийж чадаагүйн улмаас “цус алдаж” эхэлсэн гэдэг. Тус компанийн үүсгэн байгуулагчид зайгаа тавьж өгсний дараа шинэ удирдлага эргэлт хийх стратегид ихээхэн шүүмжлэлтэй хандсан.
Тус компанийг хатуухан хүний гарт зангидууллаа гэж байсан ч Торстон Хейнс захирлаар ажилласан богинохон хугацаандаа компанийн нөхцөл байдлыг улам ч дордуулсан юм. Тэрбээр олны өмнө хэлсэн эхний мэдэгдэлдээ “Энэ компанид ямар ч эрс өөрчлөлтүүд хэрэггүй” гэж байлаа. Гэсэн ч тэрбээр Apple, Samsung болон Google компаниудын өрсөлдөж буй гар утасны зах зээлийн хэмнэл, хурдад хариу өгөх хэмжээнд Blackberry утасныхаа хөгжлийг хурдасгаж чадаагүй.
Ганцхан улирлын алдагдал л гэхэд нэг тэрбум ам.доллар хүрч, хэдэн мянган ажилчид ажлаасаа чөлөөлөгдөж эхлэв. Хүнд байдалд орсон тэр үед ч тус компанийг аврах хамгийн том боломж нь компаниас үлдсэн үнэт хэсгүүдийг зарах байлаа. Motorola, Ericsson болон Nokia компанийн эзэд ч зах зээл тэдний эсрэг эргэж эхлэхэд компаниа зарах арга хэмжээ авч, асар их алдагдлаас зайлж чадсан. Blackberry компанийн Канадын санхүүгийн байгууллагатай хийсэн урт удаан “бүжиг” хөрөнгө оруулалтаар эцэслэгдсэн.
Торстон Хейнс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд ажлаасаа чөлөөлөгдөхөд тус компанийн хувьцаа 43 хувиар унаж, Хейнсийн удирдлагын үед Blackberry нийт 60 хувийн хувьцааны уналтыг амссан байна.

“JC Penney” компанийн ерөнхий захирал асан Рон Жонсон
Шинэчлэл ямар нөлөө үзүүлэхийг туршиж ч үзэлгүй, холбогдох эрсдэлүүдийг үл тоон шинэ ерөнхий захирал 111 жилийн настай компанийнхаа үйлчлүүлэгчидтэйгээ тогтоосон харилцааг тэр аяар нь эрс өөрчлөхийг шийдсэн. Энэ хүн бол өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Америкийн JC Penney сүлжээ их дэлгүүрийн ерөнхий захирлын суудлаас хусагдсан Рон Жонсон юм.
Рон Жонсоны хувьд “Apple” компанийн ерөнхий захирал Стив Жобст дэлхийд тэргүүлэх жижиглэнгийн бүтээгдэхүүнийн сүлжээ дэлгүүрүүдийн нэгийг шинээр гаргаж ирэхэд тусалсан нэгэн гэдгээрээ алдаршиж, JC Penney компанид уригдсан билээ. Түүний зорилго Apple дэлгүүрийн зарчмуудыг нэвтрүүлэх байсан. Гэвч хэрэглэгчдийн тархинд гүн шингэсэн брэнд бүтээгдэхүүн, гял цал дотоод засал, өндөр үнийн зарчим нь дундаж амьдралтай иргэдийн хүрээлэлд багтдаг компанийн хэрэглэгчдэд төдийлэн наалдсангүй. Рон яг л хэрэглэгчдээ хөөж байгаа мэт үйл явдал түүний шийдвэрийг дагасан. Тэрбээр хэрэглэгчиддээ хандан “Үйлчлүүлэгчид миний стратегийг ойлгох хэмжээнд боловсрох хэрэгтэй” хэмээн доромжилсон өнгө аястай мэдэгдэл хийж байсан билээ.
“JC Penney” компанид нэг улирлын дотор хагас тэрбум ам.долларын алдагдал, хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх дэлгүүрүүдийн борлуулалтын уналт, 4 тэрбум ам.доллараар буурсан орлого, 50 хувиар уруудсан хувьцааны үнэ, компани амьдрах эсэх нь эргэлзээт нөхцлийг Роны богино настай удирдлага авчирснаар, түүний эрин дуусгавар болсон билээ.

“ЕBX” группын Ерөнхийлөгч Эйкэ Батиста
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг байснаа ганц жилийн хугацаанд тэрхүү хур хөрөнгийнхөө 99 хувийг алдсан хүн бол “Forbes” сэтгүүлийн баячуудын жагсаалтанд 30 тэрбум ам.долларын хөрөнгөөр наймдугаарт жагсаж байсан Эекэ Батиста юм. Бразилийн бизнес эрхлэгч Батиста нь Бразил, Канадад алтны уурхай олборлож эхэлснээр баяжсан. Тэрбээр олны хараанаас зугтдаг энгийн нэг бизнес эрхлэгч биш.
Учир нь тэрбээр “Энэ дэлхийн хамгийн баян хүн болмоор байна” хэмээн бардамнаж байсан удаа олон. Тэрбээр Playboy сэтгүүлийн модель бүсгүйтэй гэрлэж, сая ам.долларын үнэтэй машинаа зочны өрөөндөө зогсоож, Бразилчуудын хараанд амьдардаг нэгэн байсан.
Тэрбээр 2007 онд Бразилийн Сао Паулогын эргийн ойролцоо нийт Бразилийн газрын тосны 11 жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний газрын тосны нөөцийг ашиглахын тулд хөрөнгө оруулагчдыг ятгаж, 10 тэрбум баррелийн, эргэн нөхөгдөх нөөц хэмээн тухайн үедээ бардам дуугарч байсан билээ. Тэрбээр газрын тос олборлох зорилгоор “OGX” компанийг байгуулан, хувьчилж, дөрвөн тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй болгосон.
Харамсалтай нь, газрын тосны нөөцийн талбайн хэмжээг хэтрүүлэн сурталчилж, давс, элс, чулууны доор буй газрын тосыг олборлох хүндрэл, зардлыг дутуу тооцсон байв. Их хэмжээний газрын тосны нөөц олсон гэх мэдэгдлийнхээ дараагаас тэрбээр санхүүжилт босгож, хэд, хэдэн компанийг байгуулсан. Түүний байгуулсан хоёр компани өнөөдөр өөрийн хөрөнгөөс хэд дахин давсан өртэй. Компанийнх нь хувьцааны ханш 95 хувиар тухайн жилдээ мөн унасан билээ.
Түүний бүтэлгүйтэл олон нийтэд ил болсон даруй тэрбээр эргэлт хийхээр шийдэх үедээ компаниуддаа авч ажиллуулсан захирлууд болон мэргэжилтнүүдэд бууруугаа тохож эхэлсэн юм. Эцэст нь тэрбээр сайн удирдагчаас илүү сайн наймаачин гэдгээ баталж, даатгалын бүтээгдэхүүн зарж сууна.
2014оны 5сарын дугаараас


