Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, бодит өртөгт хүргэх зорилгоор цахилгаан эрчим хүчний үнийг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн нэмэгдүүлж, дундаж тарифыг 1 кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болгон шинэчилсэн.

Харин дулааны үнэ тарифт 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулах байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Өмнө нь дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулж нэмэхээс өөр аргагүй болсон учраас 2024 оны сүүлээр мөн тогтоол гаргаж, 2025 оны эхээр нэмэх шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч хэрэгжиж чадаагүй 2025 оны дөрөвдүгээр сард тогтоолд дахин өөрчлөлт оруулсан боловч 12 дугаар сард хоёр дахь удаагаа дулааны үнэ тариф нэмэхийг хойшлуулаад байв. Уг нь Эрчим хүчний зохицуулах хороо улс төрөөс хараат бусаар үнээ тогтоож, зохицуулалт хийх ёстой байдаг ч тэр үүргээ биелүүлж чаддаггүй нь үнэн. Эрчим хүчний үнэ тарифыг Засгийн газар Ерөнхий сайд шийдсээр ирсэнд асуудлын учир бий.

Салбарыг алдагдалгүй ажиллуулахын тулд цахилгааны тарифыг дахин 15-19 хувиар нэмэх шаардлагатай

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэж, үе шаттай чөлөөлөх бодлогыг 2026 оны хугацаанд багтаан иж бүрэн цогц бодлого хэлбэрээр хэрэгжүүлнэ гэдгээ амласан. Харин Эрчим хүчний яамнаас үнийг шууд огцом өсгөхөөс илүүтэй зардлыг бууруулах, орон тоог цомхотгох зэрэг бүтцийн өөрчлөлтийг урьтаж хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Салбарыг алдагдалгүй ажиллуулахын тулд цахилгааны тарифыг дахин 15-19 хувиар нэмж, үнэ тарифыг өвөл, хавар, өглөө, орой гэсэн цагийн ялгавартай, уян хатан системд шилжүүлэх бэлтгэлийг Эрчим хүчний яам хангаж буйгаа ч мэдэгдэж байгаа юм.

Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан болон дулааны тарифыг 5-15 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, айл өрхийн цахилгааны үнийг 5, аж ахуйн нэгжийг 10, уул уурхайн компаниудыг 15 хувиар тус, тус нэмэгдүүлээд байна. Тус шийдвэр нь өнгөрсөн тавдугаар сарын 29-ний хурлаар эцэслэгдэн, улмаар Захиргааны хэм хэмжээний эмхэтгэлд нийтлэгдсэнээр энэ зургадугаар сарын 5-наас албан ёсоор мөрдөгдөхөөр болсон. Гэхдээ иргэдэд үнийн дарамт үүсгэхгүйн тулд дулааны нэмэгдлийг ирэх есдүгээр сарын 15-наас буюу халаалтын улирал эхлэх үеэс тооцохоор зохицуулжээ.

Шинэ тариф мөрдөгдөж эхэлснээр сард дунджаар 220 кВт/ц цахилгаан хэрэглэдэг жирийн өрхийн сарын төлбөр 2500 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Цахилгааны 1 кВт-ын суурь үнэ 11 төгрөгөөр өсч, 213 төгрөг байснаас 224 төгрөг болж байна. Мөн 5 хувиар нэмэгдэж, дундаж өрхийн төлбөр 2300 орчим төгрөгөөр өсөх тооцоо гарчээ.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган “2026 оны тавдугаар сарын 29-ны хорооны хурлаар айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын тарифт 5 хувиар үнэ нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өмнөх тарифаар дундаж өрх 220 кВт.ц -ын хэрэглээтэй бол 54200 төгрөгийн цахилгааны төлбөр гардаг байсан бол 2500 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа гэсэн үг. Халаалтын улиралд дулаан мөн 2300 төгрөгөөр нэмэгдэж байна.

Цаашид цахилгааны үнийг 18 орчим хувь, дулааны үнийг 80 гаруй хувиар нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Эрчим хүчний яам хэрэглэгчдэд огцом дарамт үзүүлэхгүй байх зорилгоор үе шаттайгаар бага хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. 2028 онд цахилгаан, дулааны 60 хувийг хувийн хэвшил, 40 хувийг төрийн өмчит цахилгаан станцууд үйлдвэрлэхээр байна. Өөрөөр хэлбэл, цаашид хувийн хэвшлийн шинэ цахилгаан станцууд ашиглалтад орох учраас цахилгаан, дулааны тарифт томоохон өөрчлөлт орно. Гэхдээ эрчим хүч зах зээлийн суурь тариф учраас огцом нэмэхгүйгээр үе шаттай бодит өртөгт хүргэх шаардлага байна” хэмээв.

Үнэ тарифыг хүчээр барихаар гаднын хөрөнгө оруулалт орж ирэх боломж хаагддаг. Шинээр “Бөөрөлжүүт”, “Баян”-гийн цахилгаан станц баригдаж байна. Тэд 1 кВт.цаг цахилгааныг найман цент орчмоор худалдаж авах нөхцөл тавьж байж хөрөнгө оруулагч татаж байна. Өөрөөр хэлбэл, бодит өртөг, зардлаа хаах хэмжээний үнэ дээр очиж байж л хөрөнгө оруулагч орж ирэх учиртай. Ийнүү хувийн хэвшлийн эх үүсвэр болон импортын хамаарал нэмэгдэж байгаа нь цахилгаан, дулааны өртөг зардалд шууд тусаж байгаа тул 2028 он гэхэд үнийг дахин 10-аас дээш хувиар нэмэгдүүлэх бодитой шаардлага үүсээд байгааг албаныхан онцолж буй.