Дэлхий нийт нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Улс орнууд нар, салхины цахилгаан станц барихад ихээхэн хөрөнгө оруулж байгаа ч эрчим хүчний шилжилтийг хурдасгахад нэг чухал асуудал тулгарчээ. Тэр нь үйлдвэрлэсэн цахилгаанаа хэрэглэгчдэд найдвартай хүргэх сүлжээний хүчин чадал юм.
Цэвэр эрчим хүчний шилжилтийг зөвхөн шинэ эх үүсвэрийн тоо, суурилагдсан хүчин чадлаар хэмжих боломжгүй. Цахилгаан үйлдвэрлэл, дамжуулалт, хуримтлал, хэрэглээний удирдлагыг уялдуулсан тогтолцоо бүрдээгүй бол нар, салхины асар их нөөцтэй улс ч түүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй. Монгол Улсын хувьд ч энэ асуудал эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ногоон хөгжлийн зорилттой шууд холбогдож байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн 2023 онд гаргасан “Цахилгаан сүлжээ ба эрчим хүчний шилжилтийн найдвартай байдал” тайланд дэлхийн цахилгаан дамжуулах сүлжээ шинэ эрчим хүчний тогтолцооны хэрэгцээг гүйцэхгүй байгааг онцолжээ. Тухайн үед дэлхий даяар нийт 3,000 ГВт-аас давсан сэргээгдэх эрчим хүчний төслүүд сүлжээнд холбогдох ээлжээ хүлээж байсны 1,500 ГВт орчим нь хөгжлийн ахисан шатанд байв. Энэ нь шинэ станц барихаас гадна тэдгээрийг сүлжээнд холбох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Улс орнуудын туршлага
1. Дани-Салхины эрчим хүчийг бүс нутгийн сүлжээтэй холбодог
Дани салхин цахилгааныг үндэсний сүлжээнд нэгтгэхийн зэрэгцээ хөрш орнуудтай цахилгаан солилцох холболтыг ашигладаг. Салхины үйлдвэрлэл их үед илүүдэл цахилгааныг экспортолж, үйлдвэрлэл буурахад импорт болон бусад эх үүсвэрээр нөхөх боломж бүрддэг.
2. Герман-Станц барихаас гадна цахилгаан дамжуулах замаа байгуулж байна
Герман улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цахилгаан дамжуулах сүлжээний томоохон шинэчлэл хийж байна. Тус улсын салхины эрчим хүчний томоохон нөөцтэй хойд бүсээс аж үйлдвэр, хэрэглээ төвлөрсөн өмнөд хэсэг рүү цахилгаан дамжуулахын тулд өндөр хүчдэлийн шинэ шугамууд төлөвлөжээ.
Германы Холбооны сүлжээний агентлагийн 2026 оны нэгдүгээр сарын мэдээллээр 2025 онд тус агентлагийн хариуцдаг хүрээнд ойролцоогоор 2,000 км цахилгаан дамжуулах шугам барих зөвшөөрөл олгосон нь өмнөх жилийн 1,280 км-ээс 45 орчим хувиар өссөн үзүүлэлт байв.
3. Норвеги-Усан цахилгаан станцаар системийн уян хатан байдлыг хангадаг
Усан цахилгаан станцын үйлдвэрлэлийг нөхцөл байдлаас хамааран өөрчлөх боломж нь салхи, нарны үйлдвэрлэлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Норвеги, Германыг холбосон North Sea Link нь хоёр улсын цахилгаан солилцоог дэмждэг.
4. БНХАУ-Алслагдсан эх үүсвэрээс томоохон хэрэглэгчдэд цахилгаан дамжуулж байна
Хятадын өндөр болон хэт өндөр хүчдэлийн дамжуулах сүлжээ нь алслагдсан бүсийн цахилгаан үйлдвэрлэлийг томоохон хэрэглээний төвүүдэд хүргэхэд ашиглагддаг. Энэ нь нар, салхины нөөц болон хэрэглэгчдийн байршил зөрүүтэй орны хувьд чухал шийдэл юм.
5. Европын холбоо-Улс дамнасан нэгдсэн цахилгаан сүлжээ
Европын олон улсын холболтууд нь улс орнуудад цахилгаан худалдаалах, үйлдвэрлэлийн илүүдэл ба дутагдлыг харилцан нөхөх боломж олгодог. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр Европын нэгдсэн сүлжээ нь олон улсын цахилгаан солилцоо, системийн найдвартай ажиллагаанд чухал үүрэгтэй.
Монгол Улс сүлжээний шинэчлэлээ эхлүүлж байна
Монгол Улс цэвэр эрчим хүчний нөөцөө ашиглахын тулд дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг олон улсын байгууллагууд онцолж байна.
Дэлхийн банк 2025 оны аравдугаар сард Монголын эрчим хүчний системийн найдвартай байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд нэгтгэх зорилготой “Эрчим хүчний төсөл-4”-ийг дэмжихээр болсон. Төслийн хүрээнд Мандал дэд станцаас Өвөрхангайн шинэ дэд станц хүртэлх 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, Мандалговь, Арвайхээр, Баянхонгорын дэд станцуудын өргөтгөл болон 110 кВ-ын холболтын шугамуудыг хөгжүүлэхээр төлөвлөж буй.
Дэлхийн банкны мэдээллээр 78 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь төвийн болон баруун бүсийн 200 мянга орчим хүний цахилгаан хангамжийг сайжруулах, дамжуулах чадлыг 590 МВт-аас дээш хэмжээгээр нэмэгдүүлэх, ойролцоогоор 150 МВт-ын нар, салхины эрчим хүчийг сүлжээнд нэгтгэх боломж бүрдүүлэх зорилготой.
Ийнхүү Монголд сүлжээний шинэчлэл бодит төслийн түвшинд эхлэв. Гэхдээ нэг төслийн хүрээнд хэрэгжих ажлуудаар улсын нийт хэрэгцээг бүрэн шийдэхгүй. Хэрэглээний өсөлт, шинэ эх үүсвэрийн байршил, үйлдвэрлэл дамжуулах боломж, бүс нутгийн цахилгаан солилцоог харгалзсан нэгдсэн төлөвлөлт шаардлагатай байна.
Монгол Улс нар, салхины арвин нөөцтэй ч түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Цэвэр эрчим хүчний асуудал хэдэн станц барьснаар бус, үйлдвэрлэсэн цахилгаанаа хэр найдвартай хүргэж, хэрэглэгчдэд ямар өртгөөр нийлүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна вэ гэдгээр хэмжих цаг иржээ.


