Монгол Улс нарны эрчим хүчний 700 гигаватт, салхины эрчим хүчний 400 гигаваттын техникийн нөөц боломжтой буюу энэ нь одоогийн дотоодын эрчим хүчний хэрэглээнээс ойролцоогоор 300 дахин их хэмжээ юм. Гэсэн ч сэргээгдэх эрчим хүч өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн ердөө 10 орчим хувийг бүрдүүлж байна. Энэхүү нөөц боломжийг бүрэн ашиглахын тулд эрчим хүчний сүлжээг шинэчлэх, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг санхүүгийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох, мөн эрчим хүч үйлдвэрлэгчид болон томоохон үйлдвэрийн хэрэглэгчид хоорондоо шууд гэрээ хийх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Засгийн газраас төлөвлөсөн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтуудаас гадна эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлснээр ойролцоогоор 230 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татах, 1,700 орчим ажлын байр бий болгох боломжтой. Ингэснээр Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түлхэц болохыг тус тайланд дурьджээ.
Гэвч энэхүү асар их нар, салхины эрчим хүчний нөөцөд хангалттай хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. 2024 онд сэргээгдэх эрчим хүч нь нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн зөвхөн 10 хувийг бүрдүүлсэн бол нүүрсний цахилгаан станцууд ойролцоогоор 90 хувийг нь нийлүүлсэн байна. Монгол өсөн нэмэгдэж буй нийлүүлэлтийн зөрүүг нөхөхийн тулд цахилгааны эрчим хүчнийхээ ойролцоогоор 25 хувийг импортлож байгаа бөгөөд аж үйлдвэр, уул уурхайн салбарын өсөлт нь 2050 он гэхэд эрчим хүчний эрэлтийг бараг тав дахин нэмэгдүүлэхээр байна.
Хязгаарлагдмал, хуучирсан сүлжээний дэд бүтэц нь хувийн хөрөнгө оруулалтыг царцааж буй томоохон шалтгаан болж байна. Дамжуулах шугамын хязгаарлагдмал чадамж нь сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэх, ялангуяа их хэмжээний нөөц баялагтай өмнөд бүсээс эрэлтийн төв цэгүүдэд нэгтгэхэд хүндрэл учруулдаг. Ихэнх сүлжээ нь олон арван жилийн өмнө бага ачааллын даацтай хуучирсан дамжуулах шугам ашигладаг тул алслагдсан бүсийн хувьсах сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэн авахад тохиромжгүй байдаг.Сүлжээг өргөжүүлэх тодорхой урт хугацааны төлөвлөгөө байдаггүй нь холболтын хуваарь, үйлдвэрлэлийг хязгаарлах эрсдэлийг улам тодорхойгүй болгож байна.
Шинэ хөгжүүлэлт нь салхи болон нарны эрчим хүчний төсөл эхлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Хэд хэдэн томоохон дамжуулах шугамын төслүүд 2030 он гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Улмаар сүлжээнд холбогдсон томоохон хэмжээний төслүүдийг эхлүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн эрэлт хурдацтай нэмэгдэж, сэргээгдэх эрчим хүчний техник, технологийн зардал буурснаас шалтгаалан төслийн үндэслэлийг сайжруулж байна. Говийн бүс нутагт нар, салхины эрчим хүчний ихээхэн нөөц байдгаас гадна үүний ойролцоо уурхайн үйл ажиллагаа өрнөдөг нь хөрөнгө оруулалтын боломж бүрдэж байна. Нар, салхины эрчим хүч уул уурхайн салбарын эрчимтэй нэмэгдэж буй эрэлтэд зардлын хувьд өрсөлдөхүйц, тогтвортой шийдлийг санал болгох юм.
Гэсэн хэдий ч зохицуулалтын хязгаарлалт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулсаар байна. Тодорхой бус дуудлага худалдааны хуваарь, удааширсан ханган нийлүүлэлтийн үйл явц, буцаан хэрэглэх техникийн шаардлагууд зэрэг зохицуулалтын тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдад саад болсон. 2026 оны зургадугаар сард Монголын анхны өрсөлдөөнт сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдааг зохион байгуулсан нь 2019 онд танилцуулсан дуудлага худалдааны механизмыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон ч дуудлага худалдааны хөтөлбөрийг баталж, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг бэхжүүлэхэд нэмэлт ажил хийгдэх шаардлагатай. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн шаардлагыг хангах чухал нөхцөлүүдийг тусгаагүй. Түүнчлэн нэг худалдан авагчтай зах зээлийн загвар нь төсөл хэрэгжүүлэгчдэд худалдаа, аж үйлдвэрлэлийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хоёр талт гэрээ байгуулах боломжийг олгохгүй байна.
Хувийн хөрөнгө оруулалт татахын тулд тодорхой шинэчлэлүүд шаардлагатай. Тэргүүн ээлжид хэрэгжүүлэх арга хэмжээнд дараах зүйлс багтана. Үүнд, дамжуулах сүлжээний урт хугацааны төлөвлөгөөг нийтлэх, туршилтын дуудлага худалдааг эхлүүлэх тодорхой хуваарийг нийтэлж, дуудлага худалдааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, мөн авах-эсвэл-төлөх (take-or-pay), олон улсын арбитр, гэрээний нөхцөлийн ил тод байдал зэрэг нөхцөлүүдийг багтаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загварыг шинэчлэх, гуравдагч талд дамжуулах сүлжээнд нэвтрэх эрх олгох, эрчим хүчний бөөний худалдааны өрсөлдөөнт зах зээлд шилжиж эхлэх.
Санал болгож буй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний дотоод эх үүсвэрүүдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах боломжтой. Үр дүнд нь эдгээр хөрөнгө оруулалтууд 27 жилээр загварчлагдсан хугацаанд (2028-2054) нийт 5 сая тонн буюу жилийн 190,000 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг сэргийлж чадах тооцоололтой байна.
Саналд тусгасан шинэчлэлүүд нь нарны фотовольтайк, салхины эрчим хүч, эрчим хүч хуримтлуурын системд 230 сая ам.долларын дунд хугацааны хөрөнгө оруулалт татахад нэмэр болж чадна. Энэ нь 900 шууд, 400 шууд бус, хэрэглээний өсөлтөөр бий болох 400 ажлын байрыг бий болгож, нийтдээ 1,700 шинэ ажлын байр нэмэгдэх боломжтой гэдгийг Дэлхийн банкны “Монгол Улсын хувийн хэвшлийн судалгаа” тайланд онцолсон байна.


