Үе үеийн Засгийн газар цахилгааны үнийг нэмэхгүй хойшлуулсаар ирсэн. Тэдний жишгээр Ерөнхий сайд Н.Учрал энэ намар эдийн засгийн нөхцөл байдал хүнд, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед айл өрхийн зардалд нэрмээс болгохүйн тулд цахилгааны үнийг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн. Улс төрийн хувьд ойлгомжтой, нийгмийн хувьд таатай мэдээ. 2026 оны төсвийн тодотголд эрчим хүчний үнийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байхын тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас тусгасан. Энэ үнийг зөрүүг “Эрдэнэт үйлдвэр”-ээр нөхүүлэхээр болов.
Цар тахлын үед “Эрдэнэт үйлдвэр” айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийг санхүүжүүлэхэд 1.1 их наяд төгрөг гаргаж байсан. Тухайн үеийн онцгой нөхцөлд ийм шийдвэр гаргасныг ойлгож болно. Харин өнөөдөр цар тахлын үе биш. Эрчим хүчний салбарын тарифын шинэчлэл, өртөгт суурилсан үнэ, санхүүгийн сахилга ярьж байгаа цагт хэр нүдээ олсон шийдвэр вэ гэдэг нь эргэлзээтэй.
Харин Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд эрчим хүчний салбарт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт тусгаснаас 1 их наяд гаруй төгрөгийг хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна. Энэ нь 2025 болон 2026 оны батлагдсан дүнтэй харьцуулахад салбарын төсвийн хөрөнгө оруулалт 3.3-4.5 дахин нэмэгдэх үзүүлэлт юм.
Нийт 4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөг бүхий 79 төслийг улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Салбарын хүчин чадлын дутагдлыг арилгах хүрээнд ДЦС-3 болон ДЦС-4-ийг өргөтгөх, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлэх ажлыг төсөвт суулгажээ. Үүний зэрэгцээ ДЦС-5 болон ДЦС-6 станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангахаар заасан байна. Мөн 10 аймгийн төвийн дулааны станцыг улсын төсвийн хөрөнгөөр барьж дуусгах зорилт тавиад буй.
Дамжуулах сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор Багануур-Чойр, Чойр-Сайншанд, Чойбалсан-Баруун-Урт чиглэлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барьж байгуулахаар төсөвлөв. Эдгээр суурь төслүүдийг хэрэгжүүлснээр эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлыг 800 МВт-аар нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм.
Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтаас гадна үйл ажиллагааны дэмжлэгийг тусгасан байна. Тухайлбал, импортын эрчим хүчний үнийн зөрүүнд 142 тэрбум төгрөг, айл өрх болон өвлийн хүлэмжийн тарифын хөнгөлөлтөд 70 тэрбум төгрөг олгохоор тус тус төлөвлөжээ.
Энэ мэтчилэн эрчим хүчний салбар дутагдлаа арилгахаар томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төвөвлөж байгаа ч нөгөө талдаа санхүүгийн дутагдлаа арилгах бус бугшуулсаар байгаа нь харамсалтай.
2027 оны төсөвт ч энэ асуудлын ул мөр байна. Импортын эрчим хүчний үнийн зөрүүд 142 тэрбум төгрөг, айл өрх болон өвлийн хүлэмжийн тарифын хөнгөлөлтөд 70 тэрбум төгрөг төлөвлөжээ. Өнөөдөр 107 тэрбум, маргааш 142 тэрбум, дээр нь тарифын хөнгөлөлтийн 70 тэрбум гэсээр асуудал улам л томрох шинжтэй. Өөрөөр хэлбэл, татаасны хэмжээ ийнхүү төсөвт шингэсээр байхад цахилгааны үнэ бодит өртгөө хэзээ нөхөх вэ, гэдэг асуулт улам л хүндэрнэ.
Хамгийн гол нь эрчим хүчний салбарын алдагдлыг өөр салбарын ашгаар нөхдөг биш, өөрийн орлогоороо зардлаа даадаг систем байгуулах нь хамгийн чухал алхам юм.
Үгүй бол “Эрдэнэт” өнөөдөр цахилгааны үнийн зөрүүг төлнө. Маргааш өөр нэг төрийн өмчит компани төлнө. Харин эрчим хүчний салбарын алдагдал хэвээр үлдсээр байх нь.


