Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нийт 22 зуух, найман турбингенераторт их болон дунд засвар хийж буй.
Зуухны засварын ажлын хүрээнд 16 зууханд их засвар хийхээр төлөвлөснөөс таван зуухны засвар бүрэн дууссан, 11 зуухны засвар үргэлжилж байна. Турбингенераторын засварын ажлын хүрээнд таван турбинд их засвар хийхээр төлөвлөснөөс гурван турбины засвар бүрэн дууссан, хоёр турбины засвар 72-95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Харин нийслэл хотын инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл дуусаж, өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай хангагджээ. Нийслэлд 10 гаруй томоохон дулааны шугам шинэчлэгдэж, нийтдээ 80 гаруй км шугам сүлжээ, 130 орчим км авто замын засвар шинэчлэл хийгдсэн байна. 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ, орон сууцны хороолол доторх 16.1 км шугам, мөн бохир усны "Туул-1" коллекторын 6 км болон борооны ус зайлуулах 17.1 км шугамыг өргөтгөж шинэчилжээ.
Түүнчлэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд техникийн ашиглалтын дүрмийн дагуу төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон хязгаарлалтуудыг үе шаттай зохион байгуулжээ. Энэ жил Ханбогд суманд эрчим хүчний найдвартай байдлыг хангах “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад ороод байгаа юм.
Ирэх ирэх жилийн тухайд эрчим хүчний салбарт 350 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийх шаардлагатай боловч мөнгө санхүү дутагдалтай байгаа учраас 93 тэрбум төгрөгийг төсөв дээр суулгаж оруулжээ.
Засгийн газраас 2021 онд ашиглагдах боломжгүй гэх акт дүгнэлт нь гарчихсан "ДЦС-3"-ын өндөр даралтын тавдугаар машины турбо генераторыг 37 тэрбум төгрөгөөр шинэчлэх шийдвэр гарсан. Мөн "ДЦС-4"-ийн есдүгээр зуух буюу шинэ зуух нэмж барих, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болоод байгаа юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай станцын өвөлжилтийн бэлтгэж ажил хэрхэн хангагдаж байна. Төлөвлөгөөний дагуу ажил нь хийгдэж дууссан уу?
-Графикийнхаа дагуу засвараа хийгээд дуусаж байна. Манай станц горимын дагуу 560 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх горимтой. Одоогоор 565 МВт-ыг илүү үйлдвэрлээд төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд явж байна. Манай дээр ямар нэгэн техник доголдсон зүйл байхгүй.
-Ер нь өвлийн ачаалалтай үед станцуудын тоноглол ачааллаа даахгүй гэмтэх тохиолдол их гардаг шүү дээ. Эдгээр тоног төхөөрөмжүүд ирэх өвөл хэвийн ажиллах уу?
-Энэ жил хоёр зуухны их засвар хийлээ. Нэг зуухан дээр нэмэлтээр турба солилоо. Бас нэг зуухан дээр турба солих ажил дуусаж байна. Өөрсдийнхөө хэмжээнд байгаа мөнгөндөө тааруулаад засвараа хийж байна. Угаасаа үүрэг нь л юм чинь. Өнөөдрийнхөө горимыг ямар ч байсан давуулаад ажиллаж байна.
-9-р зуухыг солих ажил яригдаж байгаа. Хөрөнгө оруулалт нь юу болсон бэ?
-9-р зуухны хөрөнгө оруулалтын эх үүсвэр байхгүй. Шийдэгдээгүй байгаа.


