Ираны дайныг эцэслэх зорилготой өндөр түвшиний яриа хэлэлцээ Швейцарь улсад болсныг даваа гарагт зуучлагч талууд мэдээллээ. Ням гарагийн хэлэлцээний дараа, “АНУ болон Иран улс 60 хоногийн хугацаанд эцсийн гэрээ байгуулах замын зураглалаа тохирлоо” хэмээн Пакистан, Катар улс мэдэгдсэн байна. Энэ талаар АНУ мэдээлэл өгөөгүй ч, Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмайл Багхаей “нааштай өөрчлөлтүүд гарсан” хэмээн Ирна агентлагтаа ярьжээ.
Энэхүү яриа хэлэлцээ Ираны дайныг бүр мөсөн эцэслэж, энхийн гэрээ байгуулах 60 хоногийн эхлэл гэх боловч, техникийн уулзалтууд долоо хоногтоо үргэлжилнэ гэсэн мэдээлэл байна.
12 цаг үргэлжилсэн уулзалтуудын үр дүнд талууд өндөр түвшиний хороо байгуулсан байна. Энэ хороо 60 хоногийн дотор хэлэлцээрт хүрэх замын зураглалаа тохирчээ. Үүнээс гадна хоёр улс аль аль нь хандаж болох харилцааны шугам нээхээр боллоо. Ингэснээр цаашид мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх боломж бүрдэх юм байна. Ормузын хоолойн тухайд, энэ нарийн усан зам 60 хоногийн хугацаанд үүгээр нэвтрэх бүх усан онгоцуудад нээлттэй байхаар заажээ. Ливанд нөхцөл байдлыг хянах, сайжруулах, цэргийн ажиллагааг зогсоох, зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэх зохицуулах хороо байгуулах тохиролцоо мөн хийсэн байна.
Энэ зуурт Израйль болон Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэг болох Хезболла-гийн тулаан Ливанд үргэлжилж байгаа бөгөөд Хезболла бүлгийг дэмждэг гэсэн шалтгаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсыг бөмбөгдөнө хэмээн анхааруулснаас дөрвөн талт уулзалт зогсох дээрээ тулжээ. Нөхцөл байдал дипломат хүчин чармайлтыг нураах аюул эрсдэл дагуулж буй гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Түүнчлэн Ираны талаас амралтын өдрүүдэд Ормузын хоолойг бүрэн хаасан гэж мэдэгсэн боловч, Америкийн талын мэдээллээр тээвэрлэлт үргэлжилж буй аж.
Үүнээс өмнө:
Амралтын өдрүүдэд гарсан энэ өөрчлөлтүүдээс өмнө АНУ болон Иран улс энхийн гэрээ байгуулах зарчмын тохиролцоонд хүрч, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хоёр улсын төлөөлөгчид Швейцарьт уулзаж албан ёсоор гарын үсэг зурах ёстой байсан ч, Нэгдсэн улсын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс айлчлалаа хойшлуулсныг пүрэв гарагт Цагаан ордон уламжилж байсан юм. Харин Ираны дээд удирдагч Аятолла Можтаба талуудын байр суурь ялгаатай байснаас үл хамааран Ойрх Дорнодын дайныг эцэслэх урьдчилсан гэрээг пүрэв гарагт батлаад байлаа.
Уг санамж бичгийн заалтууд эхэндээ нийтэд ил байгаагүй ч, “дайныг бүх фронтод зогсоох, 60 хоногийн хугацаанд эцсийн гэрээ байгуулах, санамж бичиг байгуулснаар Америкийн тал тэнгисийн хориг саадаа цуцалж эхлэх, 30 хоногийн дотор бүрэн зогсоох, эцсийн гэрээ байгуулагдсанаас 30 хоногийн дотор Америк Ираны ойр орчмоос цэргээ гаргах” гэх мэт онцлох заалтууд багтсаныг хэвлэлүүд мэдээлсэн.
Мөн “Америк бүс нутгийн түншүүдтэй хамтран Исламын Бүгд Найрамдах Иран улсыг сэргээн босгох, эдийн засгийн хувьд хөгжүүлэх 300 тэрбум долларын төлөвлөгөө боловсруулах, Ираны эсрэг бүх хоригийг цуцлуулах, Иран улс цөмийн зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй байх” гэж тусгаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл талууд өнгөрсөн 7 хоногт санамж бичиг байгуулан, баасан гарагт албан ёсоор гарын үсэг зурахаар Швейцарьт хуралдах байсан ч хойшилсон. Улмаар ням гарагт болсон өндөр түвшиний уулзалтуудын үр дүнд энхийн гэрээ байгуулах 60 хоногийн хугацаатай хэлэлцээрийн шатанд шилжлээ. Гэвч эцсийн гэрээ байгуулахад багагүй хугацаа шаардана хэмээн шинжээчид анхааруулж байна.


