Монгол Улсын хөгжлийг чирч явах ёстой эрчим хүчний салбар уналтад ороод удаж байна. Улсаараа ирэх өвөл цахилгаан, дулаантай байх уу, гэдэг асуудлын өмнө нүүр тулсан. Гэтэл хэзээ ч гоморхож, ажлаа цалгардуулж байгаагүй тус салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэх талаар ярьж эхэллээ. Тэд 2026 он гармагц цалингаа нэмүүлэх талаар ярьж, удаа дараа тайван жагсаал хийж, Засгийн газар, Эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлсэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй юм. Тиймээс зургаадугаар сарын 30-нд тэд “ажил хаяна” гэдгээ мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт 17800 хүн ажиллаж байна. Гэвч 90.8 хувийнх нь цалин бага, 49.4 хувь ажлын ачаалал их, 39.1 хувь ажиллах нөхцөл, орчин муу гэсэн судалгаа гарчээ. Эрчим хүчний салбар үйлдвэрчний холбооны төлөөлөл Д.Гүнсмаа “Эрчим хүчний салбарын ажилтны 90.9 хувь нь цалин хөлс болон ажиллах нөхцөлдөө сэтгэл дундуур байна гэсэн судалгаа гарсан. Цалин хөлс муу, ажиллах орчин хүнд байгаагаас ажиллах байтугай суралцах оюутан алга болсон” гэсэн юм.

Ажил хаялтын талаарх Эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийн байр суурь:
Хугацаа: Эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6600 гаруй ажилтны 90 гаруй хувийн саналаар 2026 оны зургаадугаар сарын 30-наас улс орон даяар ажил хаяхаар болсноо зарласан.
Хязгаарлалт: Эрчим хүч нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой тул ажил хаялт эхэллээ гээд цахилгаан, дулааныг бүрмөсөн таслахгүй гэдгээ үйлдвэрчний эвлэлийнхэн онцолсон. Шаардлагатай гол ажлуудыг хэвийн үргэлжлүүлэхээр дотоод зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Эрчим хүчний салбарыг техник тоног төхөөрөмж авч явдаггүй. Хүн авч явдаг гэдгийг Засгийн газрын түвшинд ойлгох хэрэгтэй. Цалин нэмэх шаардлагыг биелүүлээгүй тул ажил хаях тухай ярьж байна.
Шаардлага: Ажил хаялт зарлахаас өмнө Засгийн газар болон Эрчим хүчний яамнаас асуудлыг шийдвэрлэх тодорхой саналуудыг тавихыг хүлээн шаардаж буй.
МЭХГУУ-н үйлдвэрчний эвлэлийн холбооны эрчим хүч хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат: Энэ салбарынхан ажил олгогч Эрчим хүчний яамтай цалин нэмүүлэх асуудлаар урт хугацаанд хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа. Тиймээс |2026.06.30|-ны өдрийн 8 цагаас ажил хаялтыг эхлүүлнэ. Ажил хаялт бол хамгийн эцсийн сонголт, хуульд заасан бүх арга хэмжээг авсан. Мөн энэхүү ажил хаях шийдвэрийг эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6600 гаруй ажилтан ажил хаях санал асуулгад оролцож, ажил хаях саналыг 90-ээс дээш хувь нь дэмжсэн.

Эрчим хүчний сайд Б. Найдалаа: Цалин нэмэхээс өмнө салбараа босгох хэрэгтэй байна
Цалин нэмэхээс өмнө салбараа босгох хэрэгтэй байна. Эрэмбэ дараа гэж байна. Эхлээд засвар үйлчилгээ, өр ширээ дарах хэрэгтэй. Эрчим хүчний төрийн өмчит компаниуд ашгийн төлөө ажиллаад орлогоо олоод цалингаа тавих ёстой. Эрчим хүчний салбарын 17800 хүн хэзээ ч ажил хаяж байгаагүй, хариуцлагатай салбар. Одоо цалин нэмэх тухай маргаж, мэтгэж байх үе биш. Ойрын асуудлаа шийдээгүй байж цалин нэмэх нь зохисгүй. Бид үйлдвэрчний эвлэлтэй дахин уулзаж, ярина. Энэ салбарыг өөд нь татахын тулд уг салбарт ажиллаж байгаа 17,800 мэргэжилтнийг дэмжих ёстой. Хүний нөөцийн бодлогыг сэргээж байгаа.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хороотой хамтраад зөвхөн цалингийн тухай асуудал биш хөдөлмөр аюулгүй байдлын тухай мөн цалингийн бүтцийг нь оновчтой болгох талаар хийх ажлууд бий. Зарчмын хувьд цалинг нэмнэ. Нэмэхийн тулд тооцож судлах, шударга болгох, зөв тогтолцоонд оруулах шаардлага байгаа юм.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий: Эрчим хүчний салбарынхан зургадугаар сарын 30-нд улсын хэмжээнд ажил хаях талаар мэдэгдэл ирсэн. Гэхдээ Үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөж, уулзахаар ярьж байна. Бид цалинг нь нэмэх байтугай яаж одоогийн цалинг тавих вэ гэдэг асуудалтай байгаа. Арай ч ажил хаячихгүй байх гэж найдаж байна.

Эрчим хүчний салбарынхны байр суурь:
Эрчим хүчний салбарынхан түүхэндээ анх удаа ажил хаялт зарлах гэж байгааг олон нийт төдийлөн мэдэхгүй байна. Өөрсдийнхөө төлөө ядаж энэ талаарх мэдээллийг share хийж нийгмийн анхаарлын төвд аваачицгаая. Яам хамтын гэрээгээ дагаж мөрдвөл бид заавал ажил хаялт зарлах албагүй.
Цалиндаа санаа зовохооргүй ажиллаж, амьдрах нөхцөл нь бүрдвэл бусад асуудал нь аяндаа шийдэгдэнэ биз дээ. Өөрсдөө аль хэдийн санхүүгийн эрх чөлөөнд ямар нэгэн байдлаар хүрчихсэн, санаа зовох зүйлгүй болохоор салбарын ажилтнуудаа ойлгохгүй, мэдрэхгүй "Seen"-дээд, "Ghost"-лоод байх нь аргагүй ч юм уу. Зэрэг нэмэхийн өмнө гэдэг кинон дээр ноён нь аягатай архиа өөрөө барьчихаад алив нэг сайхан ая бариадах гээд Долдойд тушаадаг даа, яг л тэр гэсэн үг.
Эрчим хүчний систем шиг асар өндөр эрсдэлтэй, тасралтгүй ажиллагаатай, хатуу горим шаарддаг салбарт "хүн" гэдэг бол хамгийн гол хөдөлгөгч хүч төдийгүй хамгийн эмзэг, чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Гэтэл салбарын удирдлага нь системийнхээ энэхүү суурь элементийг үл тоож, хууль ёсны шаардлагыг "хүүхдийн зан" мэтээр тайлбарлаж байгаа нь инженерийн болон удирдлагын шинжлэх ухааны хувьд туйлын бүдүүлэг, зарчмын хувьд ноцтой алдаа байна.
Дотор нь ажиллаж байгаа ажилчид инженерүүд та нар хэлэх хэрэгтэй шүү дэ. Ямар ч үр дүнгүй худалдан авалт шахаа улсын мөнгөөр авч байгаа, агуулах саваар нь дүүрэн хэрэггүй сэлбэг хэрэгсэл нэртэй хогууд дүүрэн байгааг хэлж чаддаг болчхоод тэмц за. Нярав, нягтлангууд бол хамгийн сайн мэдэж байгаа.


