Та Бундестаг дахь Төв Азийн парламентын бүлгийг ахлан ажиллаж байгаагийн хувьд, энэ бүлгийн үйл ажиллагаа, онцлогийг ярилцлагын эхэнд танилцуулна уу?

Миний хувьд 2025 оны аравдугаар сараас Төв Азийн бүлгийг ахлан ажиллаж байна. Төв Азийн бүлгийн хариуцах улс орнуудад Узбекистан, Казахстан, Тажикстан, Туркменистан, Киргизстан гэсэн таван орон багтдаг байсан. Харин бид “5+1” форматыг бий болгож, Монгол Улсыг нэмж багтаасан. Төв Азийн парламентын гэр бүлд Монголыг хамруулж байгаа нь Герман улс Төв Азийг чиглэсэн бодлогоо идэвхжүүлж байгаа энэ үед маш чухал зүйл. 

Бас нэгэн мэдээлэл хуваалцахад, парламент дахь Төв Азийн бүлгийн гишүүд маань төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнээ томилж, зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 2-ны өдрийг дуустал Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийх гэж байна. Энэ үеэрээ бид Монголын бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, Засгийн газрын төлөөлөлтэй уулзана. Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй ч уулзахаар төлөвлөсөн. Бид энэ айлчлалыг маш сонирхолтой, үр дүнтэй өрнөнө гэж найдаж байгаа.

Манай парламентын бүлэгт хамаарч буй улс орнуудад, тэр дундаа Казахстан, Монгол зэрэг орнуудад нийтлэг онцлог бий. Нийслэл Астана, Улаанбаатар зэрэг хотууд нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Тийм ч учраас бид ажлын айлчлалаа зургаадугаар сарын сүүлчээр товлосон. Байгаль дэлхий цэцэглэж, хамгийн таатай улирал эхэлсэн үед Монголд очихыг хүссэн юм.

Манай хоёр орны харилцааны өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ? Бидний хамтарч буй хамгийн амжилттай “хамтрал”-ыг та тодорхойлохгүй юу? 

2024 онд манай улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан гэж би үздэг. Харин амжилттай “хамтрал”-ын тухайд, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг онцолъё. Монгол, Германы хамтарсан сургуулиуд цөөнгүй байна. Мөн Германд боловсрол эзэмшиж буй монгол залуус улам олон болж байна.

Герман улс онол, практик хосолсон мэргэжлийн боловсролоороо дэлхийд тэргүүлдэг. Энэ бол манай улсын хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрийн хөгжлийн чухал тулгуур. Монгол Улстай энэ чиглэлээр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил олон бий.

Гэвч бид өнөөдөр цар хүрээний хувьд харьцангуй жижиг төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж байна. Тиймээс хоёр орны харилцаанд шинэ үе нээж, бодит өөрчлөлт хийх цаг болсон. Өнөөг хүртэл явж ирсэн харилцаа бол Ардчилсан Германы үед тавигдсан үндэс суурьнаас эхлэлтэй. Энэ суурь бат бөх. Гэхдээ бид энэ сууриа тэлэх цаг болсон.

Худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн түвшнийг та хэрхэн үнэлж байна вэ?

Эдийн засгийн харилцааны тухайд, Герман улс жилд дунджаар 255 сая еврогийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлж байна. Харин Монгол Улсаас Герман руу чиглэж буй экспортын хэмжээ ердөө 7.2 сая еврогоор хэмжигддэг. Эндээс хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд асар их зөрүү байгааг ойлгож болно.

Худалдаа, эдийн засгийн харилцаа нэг урсгалтай зам шиг байж болохгүй. Одоогийн байдлаар бидний бизнес, эдийн засгийн харилцаа нэг урсгалтай зам шиг л байна.

Тиймээс энэ замын хоёр урсгалыг тэнцвэртэй бөгөөд илүү эрчимтэй болгох шаардлагатай. Үүний тулд үр дүнтэй, бодит, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал. Германы аж ахуйн нэгжүүд Монголд үүд хаалгаа нээх боломж, сонирхлыг дэмжиж, Монголын бизнес эрхлэгчид Германд харилцаа холбоогоо тэлэх нөхцөлийг бүрдүүлэхээс энэ бүхэн эхэлнэ. Өнөөдөр Хятад, Орос, Канад зэрэг олон орны хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид Монголд хөл тавьж, харилцан ашигтай ажиллаж байна. Харин Герман энэ тал дээр, ялангуяа уул уурхайн салбарт хамтрах тал дээр маш чамлалттай ажилласан. Иймээс Монголын боломжуудыг Германы бизнесийн хүрээнд илүү сайн таниулахад бид анхаарна.

Герман руу чиглэсэн урсгалыг идэвхжүүлж, нэг урсгалтай замыг хоёр урсгалтай болгоход та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?

Бидний харилцаа нэг урсгалтай зам шиг байж болохгүй. Визийн бодлогын хувьд Германы иргэд Монгол Улсад визгүй зорчдог. Бид энэ таатай боломжийг олон жилийн турш эдэлж ирсэн. Үүний төлөө бид Монголын талд талархах ёстой. Хариуд нь Герман улс ч визийн бодлого, хатуу шаардлагуудаа эргэж харах ёстой. Одоогоор дипломат болон албан томилолтын хүрээнд визийн асуудал харьцангуй боломжийн түвшинд шийдэгддэг ч өнөөгийн нөхцөлд өөрчлөх, хялбаршуулах  шаардлагатай зүйлс бас бий.

Ялангуяа Герман улс Төв Азитай холбоо, харилцаагаа гүнзгийрүүлэхийг чухалчилж байгаа энэ үед визийн асуудал хуучин хэвээрээ үргэлжилж болохгүй.

Хамгийн гол нь “ийм байж болохгүй” гэж яриад өнгөрөх биш, бодит үр дүнд хүрэх л чухал. Тамирчид, сэтгүүлчид, бизнес эрхлэгчдийн Герман руу зорчих боломжийг илүү өргөтгөх хэрэгтэй. Энэ тал дээр манай бүлгийн зүгээс парламентад дорвитой хөдөлгөөн бий болгохын төлөө ажиллана. Бундестагийн гишүүд намын бүлэг үл харгалзан Төв Азид үүдээ илүү өргөн нээх тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа. Тэгэхээр цаашид хоёр орны Засгийн газрын түвшинд энэ асуудлыг ажил хэрэг болгох нь чухал.

Парламентын бүлгийн гол үүрэг бол ерөөсөө л харилцааны гүүр болж, өргөн сүлжээ бий болгох. Тиймээс төрийн бус байгууллагууд, компаниудын хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэхийн тулд харилцан зорчих боломжийг нэмэгдүүлэх нь хамгийн эхний алхам. Бидний Монгол дахь ажил, уулзалт хэлэлцээрийн гол зорилго ч визийн нөхцөлийг хөнгөвчлөх, харилцан зорчих чөлөөт байдлыг хангах асуудал руу чиглэж байгаа. 

Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке “Mongolian Economy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаярын хамт Берлин хот, 2026.06.23

Монгол дахь ажлын айлчлалын хүрээнд чухал уулзалтууд төлөвлөгдсөн нь дамжиггүй. Харин та хувь хүнийхээ хувьд ямар хүлээлттэй байна вэ?  

Хувь хүний зүгээс хамгийн их хүлээж байгаа зүйл бол Чингис хааны музейг үзэх. Музейг үзэх гэж байгаадаа тун их баяртай байна. Би түүхийн багш мэргэжилтэй. Олон жилийн турш Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг сонирхон судалж, хичээлүүдээрээ дамжуулан хүүхэд залууст лекц уншдаг байсан. Тиймээс Чингис хааны музейд очно гэдэг миний хувьд амьдралын минь сонирхолтой үйл явдлын нэг байх болно.

Ярианы эхэнд та уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан нь анхаарал татлаа. Хоёр орныг холбосон айлчлалууд идэвхжиж байгаа энэ цаг үед байдал өөрчлөгдөх болов уу?

Бид Монгол Улсад хийх анхны томилолтоосоо өндөр хүлээлттэй байгаа. 2011 онд манай хоёр улс Түүхий эдийн хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд  олон ажил хийхээр төлөвлөсөн байдаг ч бид чамлалттай ажилласан. Өөрсдөдөө шүүмжлэлтэй ханддаг. Өөрсдөдөө гэдэг нь Германы талыг хэлж байгаа юм шүү. Би улс төрч хүний хувьд энэ тал дээр илүү идэвхтэй ажиллах болно. Монголыг сурталчлах, тэнд байгаа нөөц боломжуудыг германчуудад таниулах ажлыг бид цаашид хийнэ. Монгол Улсад Германыг, германчуудыг таниулах ч бас чухал. Бидэнд хамтын ажиллагааны маш өргөн боломж бий.

Германы аж үйлдвэржилт, машин үйлдвэрлэл, техник технологи, инновацын ололт амжилтыг Монголын уул уурхайн салбартай уялдуулах бүрэн боломжтой.

Нөөц боломж гэдэг үгийг би дахин онцолмоор байна. Түүнчлэн энэ оны аравдугаар сард төлөвлөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манай улсад хийх төрийн айлчлал ихээхэн хүлээлт дагуулж байна. Энэ айлчлалын хүрээнд манай хоёр орны нөхөрлөл, харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэж байна.

Ярилцсанд баярлалаа. 

Чухал айлчлалын өмнө Берлинийг зорин ирж, ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.