Эдийн засаг өсөж байна гэх таатай мэдээ өрхийн хэтэвч, компанийн дансанд тэр бүр ижил утгаар мэдрэгддэггүй. Компанийн борлуулалт, айл гэрийн орлого нэмэгдсэн ч зарлага түүнийг давж өсөх… Яг л тэр мэдрэмжийг бид амссаар, амталсаар байх нь ээ. Шалтгааныг нь Монголбанкнаас танилцуулсан “Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл” судалгааны энэ оны III улирлын тайлангаас ухаж харж болно. Уг судалгааг наймдугаар сарын 19-31-нд банкны эдийн засагчид, их сургуулийн багш нар, судалгааны болон үнэт цаасны компаниудын нийт 20 шинжээчийн дунд явуулж, санал дүгнэлтийг нь нэгтгэж боловсруулжээ.
Судалгаанд хамрагдсан шинжээчид энэ оны эдийн засгийн өсөлтийг арай өөдрөгөөр харж эхэлсэн нь анхаарал татахуйц байв. Оны эхний хагаст Монголын эдийн засгийн өсөлт 7.7 хувь байсан. Энэ нь өмнөх судалгаанд дурдагдсан 6.7 хувь гэх хүлээлтээс нэг нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Тиймээс энэ удаад гуравдугаар улирлын өсөлтийг 6.8 хувь, бүтэн жилийн өсөлтийг 6.6 хувь гэж таамаглажээ. Тодруулбал, шинжээчид аль аль таамгаа өмнөхөөсөө 0.4 нэгж хувиар ахиулжээ.
Харин 2027 оны хоёрдугаар улирлын өсөлтийг 6.3 хувь гэж таамагласан байна.
Шинжээчид мөн инфляцын хүлээлтээ ч нэмэгдүүлжээ. Эндээс үзэхэд мөнгөний бодлого зөөлөрч, зээлийн хүү буурах найдвар бараг л алга байна.

Инфляцын төсөөллийн “барьц” ахив
Тайлангийн хамгийн анхаарал татах өөрчлөлт инфляцын хүлээлтэд гарчээ. Өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2026 оны гуравдугаар улирлын эцсийн инфляцыг 9.5 хувь байна гэж төсөөлж байсан бол энэ удаа 12.3 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг улирлын хооронд тэдний төсөөлөл 2.8 нэгж хувиар дээшилжээ.
Шалтгаан нь мөн л оны эхний хагасын бодит дүр зурагтай холбоотой. Зургаадугаар сарын инфляцыг эдийн засагчид 9.8 хувь гэж төсөөлж байсан ч 12 хувьд хүрсэн нь таамгаас хол зөрсөн. Харин дараа сард нь улсын инфляц 13 хувь болж, үнийн өсөлтийн таагүй мэдээ иргэдийг бухимдуулсан нь шинэ таамаглалд барьц ахиулахад хүргэжээ.
Тэдний үзэж буйгаар оны эцэст инфляц 11.4 хувь, 2027 оны II улиралд 9.7 хувь болж саарах аж. Чиглэл нь нааштай боловч, энэ оныг бид хоёр оронтой инфляцаар үдэх нь.

Бодлогын хүү зөөлрөхгүй
Монголбанк наймдугаар сарын 12-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн. Энэ шийдвэрийн дараа судалгаанд оролцсон 20 шинжээчийн дийлэнх нь бодлогын хүү энэ байрандаа бат зогсоно гэж таамаглажээ. Харин оны эцсийн дундаж төсөөлөл 12.7 хувь байгаа бол ирэх оны хоёрдугаар улирлын эцэст бодлогын хүүг дунджаар 12.1 хувь байна гэж төсөөлжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засагч, шинжээчид мөнгөний бодлого богино хугацаанд мэдэгдэхүйц зөөлөрнө гэсэн хүлээлтгүй байна. Цаашид эдийн засгийн өсөлт саарч, өндөр инфляц зэрэгцэн орших нөхцөлд бодлогын хүү тийм ч амар зөөлрөхгүй. Үүнийг дагаад хүүг бууруулах амлалт ч түрдээ мартагдах бололтой.
Зээлийн хүү буурахгүй
Айл өрх болоод бизнесүүдийн хувьд бодлогын хүүгээс илүү шууд мэдрэгдэх үзүүлэлт бол зээлийн хүү. Гэвч энэ тал дээр шинжээчид мэдэгдэхүйц өөрчлөлт амласангүй. Шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү долоодугаар сард 17.4 хувь байсан. Харин энэ улирлын дундаж төсөөлөл 17.6 хувь байна. Цаашид зээлийн хүү 17.5–17.6 хувь орчимд хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Хэдийгээр 2027 оны хоёрдугаар улиралд бодлогын хүүгийн дундаж төсөөлөл 12.1 хувь болж буурахаар байгаа ч зээлийн хүүгийн дундаж төсөөлөл 17.6 хувь хэвээр байгаа нь бодлогын хүүгийн өөрчлөлт зах зээлд тэр дороо тусгалаа үзүүлдэггүйг илтгэнэ.
Макро орчин дахь эдгээр нөхцөл байдлаас чухал сануулга авч болно.
Бизнесүүдийн хувьд, борлуулалт нэмэгдэх боломжтой ч санхүүжилтийн зардал болон бусад зардалд нухацтай хандах шаардлагатай. Мөн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээгээ тооцохдоо орлогын өсөлтөөс гадна хүүгийн төлбөр, мөнгөн урсгалаа сайтар тооцоолох нь оновчтой юм.
Энэ удаагийн судалгааны тайланг Монголбанкны сайт дээрх өмнөх судалгаатай харьцуулахад, шинчээчдийн гуравдугаар улирлын таамаглал эдийн засгийн өсөлт, инфляц, бодлогын хүү, зээлийн хүү гэсэн дөрвөн талбарт аль алин дээр нь дээшилжээ. Өсөлтийн төсөөлөл нэмэгдсэн нь нааштай ч үнийн дарамт, санхүүжилтийн өртөг зэргээс шалтгаалан тэрхүү өсөлт шаггүй дарамттайгаар мэдрэгдэх нь ээ.


