Монголын хөрөнгийн зах зээлийн өсөлт арилжааны ес дэх өдрөө үргэлжилж, ТОП-20 индекс болон зах зээлийн нийт үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрлээ. Есдүгээр сарын 22 буюу өнөөдрийн арилжааны хаалтаар ТОП-20 индекс 66,115.96 нэгж болж, өмнөх өдрөөс 456.24 нэгж буюу 0.69 хувиар өссөн бол зах зээлийн нийт үнэлгээ 16.72 их наяд төгрөгт хүрч түүхэн амжилтаа шинэчиллээ.

Энэ өсөлтөд ХААН Банк болон ХасБанкны хувьцааны үнийн өсөлт голлон нөлөөлснийг өнөөдрийн арилжаанаас ажиглаж болохоор байна.

ХААН Банкны ханш нэг өдрийн дотор 8.04 хувь буюу 141 төгрөгөөр нэмэгдэж, 1,894 төгрөгт хүрсэн бол ХасБанкны хувьцаа зургаан хувь буюу 84 төгрөгөөр өсөж, 1,484 төгрөг болоод байна. Өмнөх өдөр дээд ханшаа шинэчилсэн хоёр банк ийнхүү өсөлтөө үргэлжлүүлжээ. Түүнчлэн “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа 2.23 хувь, “Премиум Нексус”-ынх 2.1 хувь, “Мандал даатгал”-ынх 3.42 хувиар өсжээ.

Гэхдээ банкны хувьцаа бүр ижил чиглэлд хөдөлсөнгүй. Өчигдөр 7.9 хувиар өссөн Худалдаа, хөгжлийн банкны хувьцааны ханш өнөөдөр 10.64 хувиар буурч, нэгж хувьцааны үнэ 14,030 төгрөг болж хаагдлаа. АПУ-гийн хувьцаа мөн 0.09 хувиар суларчээ. Эдгээр бууралттай зэрэгцэн ТОП-20 индекс өсөлттэй хаагдсан нь индексийн сагсан дахь өссөн хувьцаануудын нийлбэр нөлөө давамгайлсныг харуулж буй.

Арилжааны идэвхийн хувьд, банкуудын хувьцаан дээр мөн л давамгайлал ажиглагдаж байна.

Өнөөдөр (2026.09.22)-ийн арилжааг ХААН Банк 275.3 сая төгрөгийн арилжаагаар тэргүүлж, Худалдаа, хөгжлийн банк 204.3 сая төгрөгөөр удааллаа. Мөн “Ард санхүүгийн нэгдэл” 149.2 сая, Голомт банк 146.9 сая төгрөгөөр арилжааны үнийн дүнд голлох байр суур эзэлж байна. Үүний зэрэгцээ дээр дурсан гурван банкны хувьцааны арилжаа нийлээд 626.5 сая төгрөгт хүрсэн нь арилжааны идэвх, ТОП-20 индексэд санхүүгийн салбар томоохон нөлөө үзүүлж байгааг илэрхийлж байна. Гэвч нөгөө талаар Монголын хамгийн “шилдэг” гэж тодорхойлж болохуйц хувьцааны өдрийн арилжаа 200 орчим сая төгрөгт хэлбэлзэж буй нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар хэр түвшинд байгааг илэрхийлж буй хэрэг юм. 

Ямартай ч ТОП-20 индексийн өдрийн өсөлт өчигдрийн 1.17 хувиас 0.69 хувь болж саарсан ч есөн өдрийн өсөлтийн цуваа тасарсангүй. Наймдугаар сарын 21-ний 56,664.44 нэгжтэй харьцуулахад индекс ойролцоогоор 16.7 хувиар ахиж түүхэн дээд хэмжээгээ шинэчилсэн нь Монголын хөрөнгийн зах зээлээс хүлээх хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.