Цалин өсөж байна. Гэхдээ энэ өсөлт хөдөлмөрийн зах зээл бүхэлдээ тэлж, өрхийн орлого жигд нэмэгдэж байгааг илэрхийлэхгүй байгаа юм. Үндэсний статистикийн хорооны 2026 оны эхний улирлын мэдээллээс харахад ажиллагчдын бодит цалингийн индекс өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өсжээ. Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин хоёр сая 934.4 мянган төгрөгт хүрч, өмнөх улирлаас 82.4 мянган төгрөгөөр буюу 2.9 хувиар нэмэгдсэн байна. Харин голч цалин хоёр сая 500 мянган төгрөгөөр хэмжигдэв.
Дундаж цалин гэдэг нь нийт ажиллагчдын цалинг нийлүүлээд ажиллагчдын тоонд хуваасан үзүүлэлт. Өндөр цалинтай цөөн бүлгийн орлого энэ тоог дээш татах боломжтой. Харин голч цалин нь бүх ажилтны цалинг багаас их рүү нь эрэмбэлэхэд яг дунд нь байрлах ажилтны цалин юм. Тиймээс ажиллагчдын тал орчим хувь нь голч цалингаас доогуур, үлдсэн хэсэг нь түүнээс дээгүүр цалинтай гэж ойлгож болно.
Дундаж цалин 2.9 сая төгрөг давсан ч голч цалин 2.5 сая төгрөг байгаа нь цалингийн өсөлт бүх ажиллагчид ижил тэгш хүртээмжтэй байж чадахгүйг харуулж буй.
Хөдөлмөрийн зах зээлийн өөр нэг анхаарах үзүүлэлт нь ажиллагчдын тоо. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2026 оны эхний улирлын байдлаар 55.8 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 850.8 мянган ажиллагч хамрагджээ. Шимтгэл төлсөн байгууллагын тоо өмнөх улирлаас 1.6 мянгаар нэмэгдсэн бол ажиллагчдын тоо эсрэгээрээ 17.9 мянгаар буурсан. Байгууллагын тоо өссөн атлаа шимтгэл төлсөн ажиллагчдын тоо буурсан нь ажлын байрны хөдөлгөөн, улирлын нөлөө, салбарын агшилт, ажил олгогчдын зардлын дарамт зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь харах шаардлагатайг харуулж байна. Ялангуяа уул уурхай, барилга, төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгаалал болон боловсролын салбарт ажиллагчдын тоо цөөрсөн нь энэхүү бууралтад голлон нөлөөлжээ.

Харин цалинг салбараар нь задлаад харвал хөдөлмөрийн зах зээлд орлогын ялгаа гүнзгий хэвээр байна. Уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдын сарын дундаж цалин 5.4 сая төгрөгт хүрч, улсын дунджаас 84.4 хувиар өндөр байгаа бол зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын дундаж цалин 1.9 сая төгрөг буюу улсын дунджаас 35.8 хувиар бага байна.
Цалингийн бүлгээр нь харвал нийт даатгуулагчдын 34.1 хувь нь 1.5-3.0 сая төгрөгийн цалинтай, харин 792 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид нийт даатгуулагчдын 12.5 хувийг эзэлжээ.
Дундаж цалин 2.9 сая төгрөг давсан ч хөдөлмөр эрхлэгчдийн багагүй хэсэг улсын дунджаас доогуур орлоготой хэвээр байгааг энэ үзүүлэлт тод харуулж байна.
Байгууллагын хэлбэрээр харвал төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажиллагчдын дундаж цалин улсын дунджаас 422.1 мянгаас 1 сая 16 мянган төгрөгөөр өндөр байна. Харин хязгаарлагдмал хариуцлагатай компани, төсөвт байгууллага, төрийн бус байгууллага зэрэг бусад хэлбэрийн байгууллагад ажиллагчдын дундаж цалин улсын дунджаас доогуур гарчээ.

Байгууллагын өмчийн хэлбэр, санхүүгийн чадавх, бүтээмж, зах зээл дэх байр суурь, хөдөлмөрийн үнэлгээ зэрэг хүчин зүйлс ажиллагчдын орлогод шууд нөлөөлж байна. Төрийн өмчит болон томоохон хувьцаат компаниудын цалин улсын дунджаас өндөр байгаа бол жижиг, дунд бизнесүүд, үйлчилгээний байгууллагууд, төсөвт болон төрийн бус байгууллагуудын орлогын түвшин доогуур хэвээр.
Сүүлийн үед энэ ялгаа олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Авлигатай тэмцэх газрын хөрөнгө, орлогын мэдүүлгийн нээлттэй сан дахь мэдээлэлд үндэслэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагын үндсэн цалинг олон нийтэд танилцуулсан. Энэ мэдээллээр хамгийн өндөр үндсэн цалинтай удирдлага нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд сард 64.9 сая төгрөгийн цалин авч байна. Үүний дараа “Эрдэнэс Критикал Минералс” ХХК-ийн удирдлага 44 сая, “Төрийн үнэт цаас хэвлэл”-ийн захирал 38.3 сая, “Шивээ-Овоо” ХК-ийн захирал 31.6 сая, “Диспетчерийн үндэсний төв”-ийн захирал 25.7 сая төгрөгийн сарын үндсэн цалинтайгаар жагсжээ.
Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал 24.5 сая, “Барилгын хөгжлийн төв”-ийн дарга 21.1 сая, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал 20 сая, “Эрчис Ойл” ХХК-ийн захирал 19.5 сая, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлага 19.2 сая төгрөгийн цалин авч байгаа талаар мэдээлэгдэв.
Төрийн банкны гүйцэтгэх захирал 2021-2024 оны хооронд нийт 2.139 тэрбум төгрөгийн үндсэн цалин авсан гэх мэдээлэл мөн олон нийтийн анхаарал татлаа. Энэ бол зөвхөн үндсэн цалин юм. Орлогын бусад эх үүсвэр, урамшуулал, гүйцэтгэлийн бонус, нэмэгдэл хамаараагүй гэж тайлбарлаж буй. Дөрвөн жилийн хугацаанд 2.139 тэрбум төгрөг гэдэг нь жилд дунджаар 534.8 сая, сараар тооцвол ойролцоогоор 44.6 сая төгрөг болно.
Улсын хэмжээнд дундаж нэрлэсэн цалин 2.934 сая төгрөг, голч цалин 2.5 сая төгрөг байгаа үед төрийн өмчит компанийн нэг захирал 64.9 сая төгрөгийн үндсэн цалин авч байна. Энэ нь улсын дундаж цалингаас 22 дахин, голч цалингаас бараг 26 дахин өндөр үзүүлэлт. Харин 44 сая төгрөгийн үндсэн цалин улсын дундаж цалингаас 15 дахин, голч цалингаас 17.6 дахин өндөр байна. Цалингийн шударга тогтолцоо, хөдөлмөрийн үнэлэмж гээч Монголд үгүй болоод удаж буйг энэ үйл явдал харуулж байна.
Харин компанийн ашигт ажиллагаа, бүтээмж, өр төлбөрийн түвшин, засаглал, хөрөнгө оруулалтын өгөөжтэй уялдсан өндөр цалинг зах зээлийн зарчмаар тайлбарлаж болно. Гэтэл санхүүгийн ашигт ажиллагаа сул, алдагдалтай ажилладаг, төрөөс дэмжлэг авдаг, эсвэл хэрэглэгч, татвар төлөгчдийн нуруун дээр зардлаа шилжүүлдэг төрийн өмчит компаниудын удирдлагын цалин хэдэн арван сая төгрөгөөр хэмжигдэж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж буй нь үндэслэлтэй юм.
Энэ асуудал эрчим хүчний салбарт бүр тод харагдана.
Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай, салбарын компаниуд тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын санхүүжилтээр байнга дутагдаж ирсэн. Гэтэл энэ салбарын гол зангилаанд ажилладаг “Диспетчерийн үндэсний төв”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” зэрэг байгууллагын удирдлагын үндсэн цалин улсын дундаж болон голч цалингаас хэд дахин өндөр байгаа нь цалингийн бодлого үр дүн, санхүүгийн чадавх нь салбарын бодит нөхцөлтэй хэр уялдаж байна вэ гэсэн асуултыг эрхгүй тавихад хүргэж байна.
Энэ асуудал өнөөдөр л ил болсноос бус нэг нам засагласан сүүлийн жилүүдэд ч оршсоор ирсэн нь ойлгомжтой юм. Хөдөлмөрийн зах зээлд жирийн ажиллагчдын тал орчим хувь 2.5 сая төгрөгөөс доогуур цалин авч, 12.5 хувь нь 792 мянган төгрөг хүртэлх орлоготой байхад төрийн өмчит компанийн удирдлагууд хэдэн арван сая төгрөгийн үндсэн цалин авч байна. Энэ бол төрийн өмчийн засаглал, хяналт сул, ил тод байдал хангалтгүй байгааг харуулж буй. Монголын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн зураг нэг иймэрхүү байна.


