Түүхэн ойн баярын өмнөх өдөр буюу долдугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Д.Трамп Өмнөд Дакота мужид орших алдарт Рашмор ууланд хүрэлцэн очиж, ерөнхийлөгч Жорж Вашингтон, Томас Жефферсон, Абрахам Линкольн, Теодор Рузвельт нарын чулуугаар сийлсэн дурсгалын өмнө үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ америк хүн байхын утга учрыг онцлон дурдаж, коммунизмыг хурцаар шүүмжлэн, өнөөгийн АНУ-ын үндэс суурийг тавьсан өмнөх агуу удирдагч нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Д.Трамп энэ үеэрээ «250 жилийн настай Америк бол дэлхийн хамгийн эртний бүгд найрамдах улс. Бид дэлхийн хамгийн эрх чөлөөт ард түмэн. Бид хамгийн шударга, мөнхийн Үндсэн хуультай. Бид дэлхийн хамгийн хүчирхэг улс. Бурхны ивээлээр Америкийн Нэгдсэн Улс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай, хамгийн онцгой үндэстэн юм. Та бүхний Ерөнхийлөгч байх үнэхээр сайхан. 250 жилийн (америкчууд үүнийг semiquincentennial хэмээн нэрлэж буй) турш эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, ард түмний засаглал, зүйрлэшгүй хөгжил цэцэглэлт энэ нутагт урьд өмнө байгаагүйгээр дэлгэрч ирлээ» хэмээн онцлов. Тэрбээр мөн энэ 250 жил бол "Америкийн алтан үеийн эхлэл" гэдгийг дурдсан юм.

Харин үүний өмнөх өдөр буюу долдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яамнаас "Эрх чөлөө 250" тусгаар тогтнолын баярын арга хэмжээг зохион байгуулж, Элчин сайд Ричард Л.Буанган хэлсэн үгэндээ энэ өдрийг зөвхөн Америкийн баяр биш, хоёр орны нөхөрлөлийн баяр хэмээн тодотголоо. Тэрбээр 1776 оны Тусгаар тогтнолын тунхаглалд туссан "хүн бүр тэгш эрхтэй бүтээгдсэн" гэсэн үзэл санааг цохон дурдаад, эдгээр үгс үеийн үед урам зориг өгсөөр ирсэн нь америкчууд түүнийг төгс биелүүлсэндээ бус, харин өөрсдийгөө хэмжих жишиг болгосонд оршдог хэмээв. "Ардчилал бол хүрэх цэг биш, харин тасралтгүй үргэлжлэх аян" гэсэн нь түүний хэлсэн үгийн гол санаа байлаа.

АНУ, Монгол Улс 30 гаруй жилийн турш харилцан хүндэтгэл, ардчиллын хамтын үнэт зүйлс, хууль дээдлэх ёсонд суурилсан түншлэлийг бүтээж ирснийг Элчин сайд онцлоод "Манай хоёр орон газар зүйн хувьд хол боловч үзэл санаагаар холбогддог" гэв. Мөн "Манай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл улам бэхэжсээр байгаа нь зөвхөн дипломатч нар, төр засаг бус, харин ард иргэд түүнийг бүтээсэн учраас юм. Энэ түншлэл Америкт суралцаж төгсөөд, шинэ санаа өвөртлөн эх орондоо буцаж ирсэн монгол оюутнуудад бий. Энэ түншлэл Монголын үзэсгэлэнт орон даяар хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч буй Энх тайвны корпусын сайн дурынханд бий.

Энэ түншлэл шинэ боломжийг хамтдаа бүтээж буй манай бизнес эрхлэгчид, хамтарсан судалгаа явуулж буй манай эрдэмтэд, Ирак, Афганистанд хамт алба хаасан манай цэргүүд, соёл урлагаа таниулан сурталчилдаг манай уран бүтээлчид гэх зэргээр олон жилийн турш америкчууд, монголчуудын хооронд бий болсон тоо томшгүй нөхөрлөлийн хэлхээ холбоонд бий" хэмээн онцолсон.

Ирээдүйн хамтын ажиллагааны хувьд чухал ашигт малтмал, эрчим хүч, технологи, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, батлан хамгаалах, иргэд хоорондын солилцооны салбарыг тэрбээр онцлон нэрлэсэн нь анхаарал татахуйц байлаа.

Рашмор уулын өмнө Д.Трампын хэлсэн үг Америкийн онцгой байдлыг, Улаанбаатарт Р.Буанганы хэлсэн үгс түншлэлийн үнэ цэнийг тус тус онцолсон ч хоёулаа нэг санааг ерөнхийд нь илэрхийлж байлаа: Эрх чөлөө бол өв залгамжлал төдийгүй үүрэг хариуцлага.