Солонгосын дайны дараах хүнд он жилүүдэд төрж өссөн Бэ О До хүүхэд байхдаа гэрээ дулаацуулахын тулд ойгоос мод түүж, хөлөөр ажиллуулдаг насосоор усаа татдаг байжээ. Харин хожим трактор, интернэт, ухаалаг утас зэрэг технологийн давлагаа ээлж дараалан хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилснийг тэрбээр өөрийн нүдээр харсан. Өдгөө 70 настай хийл хөгжмийн худалдаачин Бэ хиймэл оюунаас төдийлөн айдаггүй. “Хүн төрөлхтөн өнөөг хүртэл асар их хөгжсөн. Цаашид дэлхий яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Технологийг хөгжүүлж л байх хэрэгтэй” гэж тэрбээр хэлэв.
Барууны хэвлэл мэдээллийг байнга уншвал хиймэл оюунаас айх түгшүүр дэлхий даяар тархсан мэт санагдана. Ажлын байр устах, мэдээллийн нууцлал, хуурамч контент, хяналтаас гарах супер оюун ухаан гээд болгоомжлох шалтгаан мундахгүй.
Гэвч дэлхий нийтээрээ ийн түгшиж байгаа гэж ойлгож болохгүй.
The Economist-ийн захиалгаар GlobeScan фирмийн 34 оронд хийсэн судалгаагаар Өмнөд Солонгосын иргэдийн бараг гуравны хоёр нь хиймэл оюун амьдралд нь эерэг нөлөө үзүүлнэ гэжээ. Харин Нигери, Вьетнамд 10 хүн тутмын ес нь хиймэл оюун зөвхөн өөрсдийн амьдралыг бус, хүн төрөлхтний амьдралыг бүхэлд нь сайжруулна гэж үзсэн байна.
Үүний эсрэгээр АНУ, Канад, Францад хүн төрөлхтөнд үзүүлэх хиймэл оюуны ирээдүйн нөлөөг сөргөөр, гутрангиар үнэлэгсэд нь эергээр харсан хүмүүсээсээ олон байв. Gallup, Microsoft-ын 37 оронд хийсэн өөр нэг судалгаа ч ижил дүр зураг харуулжээ.
Алдах зүйл багатай учраас уу?
Энэ ялгааг тайлбарлах нэг хүчин зүйл нь хөдөлмөрийн зах зээл. Ядуу болон дунд орлоготой олон оронд албан бус ажил эрхлэлт их, өрхийн орлого тогтворгүй, нийгмийн хамгаалал сул байдаг. Тиймээс технологиор орлуулж болзошгүй “аюулгүй, тогтвортой оффисын ажил”-аасаа зууралдах шалтгаан Барууны орнуудынхаас бага байж болох юм. Мэдээж Энэтхэгийн мэдээллийн технологи, back-office үйлчилгээний салбарын ажилтнуудын хувьд автоматжуулалт нь бодит эрсдэл хэвээр. Гэхдээ хөгжиж буй орнуудын олон хүний хувьд хиймэл оюун бол ажлыг нь булаах технологи гэхээсээ илүү урьд нь олддоггүй байсан үнэтэй байсан мэдлэг, үйлчилгээ, чадварыг хямдруулж өгч буй ашигтай хэрэгсэл юм. From Pessimism to Promise номын зохиогч Паял Арора үүнийг “Гутранги байх нь цөхрөх боломжтой хүмүүсийн хувьд тансаглал” хэмээн тодорхойлжээ.

Энэтхэгт Google-ийн Gemini, OpenAI-ийн ChatGPT зэрэг үйлчилгээг хямд, эсвэл үнэ төлбөргүй ашиглах боломж нэмэгдсэн. Microsoft-ын судалгаагаар 2026 оны хоёрдугаар улиралд хөдөлмөрийн насны Энэтхэгийн иргэдийн бараг тавны нэг нь генератив хиймэл оюун ашиглажээ. АНУ-д энэ үзүүлэлт гуравны нэг орчим байв.
Хятадын үнэгүй DeepSeek хиймэл оюун Африкт түгээмэл болсон. Microsoft-ын тооцоогоор Африкийн хэд хэдэн оронд хөдөлмөрийн насны 10 хүн тутмын нэг нь генератив AI ашиглаж байна.
Мумбайн жижиг бизнесүүдийн боломж
Хиймэл оюуны бодит үнэ цэнийг Мумбайн нэгэн худалдааны гудамжнаас төвөггүй харж болно. Тэндхийн олон жижиг бизнес ChatGPT ашиглан сурталчилгаа, сошиал контентоо хийдэг. Нүдний шилний худалдаачин Динеш Чандра өөрийн брэндэд зориулж “таталцлын хүчийг сөрсөн” зураг хийж өгөхийг хиймэл оюунаас хүсжээ. Ингээд өдөн дээр хөвж буй нүдний шилний дүрс бүтэж, одоо тэр зургаа компанийн сурталчилгааны материалд ашиглаж байна.
Зэргэлдээ байх хатаасан жимс, амтлагч, даршилсан бүтээгдэхүүний худалдаачин Омкар Сапре ChatGPT-ээр хийлгэсэн “гоё зургууд”-аа Instagram, WhatsApp-д нийтэлдэг бөгөөд үүний ачаар борлуулалт нь өссөнийг анзаарчээ. Харин хими цэвэрлэгээнд ажилладаг Ашлеша “Бид өдөржин шаргуу ажилладаг. Хиймэл оюуны хувьд бидэнд нэмэлт дэмжлэг болж байна. Одоо хүн бүр Instagram-д байгаа шүү дээ” гэжээ.
Тэд хиймэл оюуны бий болгож буй тав тух, хэмнэлтийг эн түрүүнд мэдэрч байна. Харин нууцлал, мэдээлэл алдагдах, хиймэл оюунаар үйлдвэрлэсэн чанаргүй контент зэрэг Баруунд түгээмэл хэлэлцэж буй асуудал тэдний хувьд одоохондоо айдас, түгшүүр биш.
Хиймэл оюунд өөдрөг ханддаг орнуудад байдаг өөр нэг нийтлэг шинж нь технологи нэгэн үеийн дотор нийгмийг үндсээр нь өөрчилж чаддагийг бодит туршлагаараа мэдэрсэн явдал. Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань хэдхэн арван жилийн дотор шинэ технологийг эрчимтэй нэвтрүүлж, ядуу орноос өндөр орлоготой орон болж чадсан.
Хятад, Энэтхэгт цахим төлбөр, хүргэлтийн апп, ухаалаг утас хүмүүсийн өдөр тутмын амьдралыг ердөө хэдхэн жилийн дотор өөрчилжээ. Бээжинд зар сурталчилгааны салбарт ажилладаг 40 настай хатагтай Мэн “Миний насныхан тоо томшгүй өөрчлөлтийг үзсэн. Хятадад нэг өөрчлөлт бүрэн хэвшиж амжаагүй байхад хоёр, гурван жилийн дараа дахиад асар том өөрчлөлт ирдэг” гэж ярьжээ.
Харин Паял Арорагийн хэлснээр Энэтхэгт ухаалаг утас хэдхэн жилийн дотор олон сая хүнд бараг л “атган дахь бурхан” шиг боломж авчирсан байна.
Барууны болгоомжлолын цаана юу байна вэ?
Барууны орнууд хиймэл оюунд яагаад гутранги хандаж байгааг зөвхөн технологийн эрсдэлээр тайлбарлах боломжгүй. Олон хүний хувьд амьдралын чанар төдийлөн сайжрахгүй, орон сууц үнэтэй, бодит орлого буурсан, төр засаг нь технологийн том компаниудыг хянаж чадахгүй гэсэн ойлголт бий болсон. Ийм орчинд хиймэл оюун нь шинэ боломж гэхээсээ илүү “тогтвортой байдлыг улам дордуулах дараагийн хүчин зүйл” шиг харагдаж болно.
Technology Governance номын зохиогч Даниел Добрыговскийн үзэж буйгаар сошиал медиа болон Big Tech компаниудын талаарх туршлага нь энэ болгоомжлолд ихээхэн нөлөөлжээ. Барууны засгийн газрууд технологийн компаниудыг үр дүнтэй зохицуулж чадаагүй гэсэн ойлголт олон нийтийн итгэлийг унагасаар байна. Хиймэл оюуны талаар компаниуд, улс төрчид хэрхэн ярьж байгаа нь ч ялгааг улам тодруулж буй. Америкийн тэргүүлэх хиймэл оюуны компаниудын удирдлагууд ажлын байрны хомсдол, хиймэл оюун хяналтаас гарах, хүн төрөлхтнийг мөхөөх боломжийн талаар нээлттэй ярьдаг.
Харин Азийн улс төрчид, технологийн компаниудын удирдлагууд “Хиймэл оюун өөрсдөд нь хэрхэн нөлөөлөх вэ?” гэхээс илүүтэй “бид хиймэл оюунаар юу хийж болох вэ?” гэдэгт анхаарах нь түгээмэл. Хятадад кибер аюулгүй байдал, ажлын байр, эдийн засгийн нөхцөл байдал, хиймэл оюун хяналтаас гарах эрсдэлийн талаар төр засаг нь санаа зовж байгаа ч хэвлэл мэдээллийн ерөнхий өнгө нь хиймэл оюуныг хөгжлийн боломж гэж харсан хэвээр байна.
Хоцрох вий гэх айдас
Гэхдээ хиймэл оюунд эерэг хандаж буй орнуудын хүмүүс эрсдэлийг үгүйсгэхгүй байна. Pew Research Center-ийн судалгаанд хамрагдсан өмнөд солонгосчууд хиймэл оюун их хэмжээний ажлын байрыг үгүй хийж, тэгш бус байдлыг нэмэгдүүлнэ гэж үзсэн. Австраличууд ч мөн тийн үзэж байгаа аж. Гэсэн атлаа солонгосчууд технологийг ерөнхийдөө дэмжсэн хэвээр. Сөүлийн үндэсний их сургуулийн Чо Кю Жин үүнийг “Хоцорч үлдэх айдас нь тогтвортой байдлаа алдах айдсаас хүчтэй” хэмээн тодорхойлж байна. Харин хөдөлмөрийн хуульч Ким А Ран асуудлыг илүү практик байдлаар дүгнэж “Аж үйлдвэрийн хувьсгал нь эерэг, сөрөг үр дагаврыг хоёуланг нь авчирсан. Тэгсэн ч бид амьдрах арга замаа олсон шүү дээ” гэжээ.
Хиймэл оюунаас шалтгаалж ажлын байр бодитоор устаж, элсэлтийн шалгалтын шударга байдал алдагдаж, эсвэл тодорхой хэсэг хүмүүс “ялагдагсад”, эсвэл “ялагсад” болж эхэлбэл энэ тэвчээр хурдан алга болж магадгүй.
Дата төвүүдийн эсрэг жижиг хэмжээний эсэргүүцэл зарим оронд хэдийн гарч эхэлсэн. Энэтхэгийн Мумбайн ойролцоох Тане хотод Amazon том дата төв барихаар төлөвлөснийг эсэргүүцэн хэдэн зуун хүн жагссан байна. Гэхдээ эсэргүүцэл одоохондоо хиймэл оюуныг бүхэлд нь үгүйсгэх хэмжээнд хүрээгүй хэвээр.
Өнөөдрийн байдлаар дэлхийн олон орны хувьд хиймэл оюун нь айдсаас илүү боломж хэвээр байна. Харин хиймэл оюунаас бий болох өгөөж хэнд очиж, түүний зардлыг хэн үүрэхээс энэ өөдрөг үзэл хэр удаан үргэлжлэх нь шалтгаална.
Эх сурвалж: The Economist


