“Сэнтрал Фүүдс” ХХК “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 

Манай CU-гийн хоолны үйлдвэр 2020 онд ашиглалтад орсон бөгөөд анх 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд найман тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, олон улсын инновацын тоног төхөөрөмж нэвтрүүлж, савлагаа, боловсруулалтын шугамаа бүрэн шинэчилсний үр дүнд үйлдвэрийн хүчин чадал гурав дахин өсөж, бүтээгдэхүүний нэр төрөл хоёр дахин нэмэгдсэн. Манай хоолны үйлдвэр өдөрт дунджаар 60 мянга орчим шинэ бэлэн хоол үйлдвэрлэж, температурын горимын өөрчлөлтөд хоолыг оруулахгүй тусгай зориулалтын хөргөлтийн машинаар тээвэрлэн CU дэлгүүрүүдээс хэрэглэгчдийн гарт хүргэж байна. 

Тус хөдөлгөөний хүрээнд хийж буй хамгийн чухал ажил бол малчид, тариаланчдаас түүхий эдээ шууд авч, стандартын дагуу боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн болтол бүх шат дамжлагыг нэгдсэн системд оруулсан явдал. Эхний цэгээс хэрэглэгчийн гар хүртэлх бүх процессыг нэг хяналтад байлгаснаар бүтээгдэхүүний чанар, стандартыг нүүр бардам баталгаажуулж чадна.

Хүнсний үйлдвэрлэлд итгэлцэл хамгийн чухал бөгөөд тэр итгэлцлийг стандарт бүтээдэг.

Манай компани 2023-2024 онд HACCP, ISO 9001, ISO 22000 олон улсын стандартыг үе шаттай нэвтрүүлж, баталгаажуулсан. Өнөөдөр CU дэлгүүрт очиж буй бүтээгдэхүүн бүр нэг дүрэм, нэг хяналт, нэг стандартын дор үйлдвэрлэгддэг.

Үйлдвэрлэлийн шинэчлэл, автоматжуулалтад хийсэн хамгийн том өөрчлөлт юу байв?

Тухайлбал, 2024 онд цагт нэг тонн будаа агшаах хүчин чадалтай Япон улсын тоног төхөөрөмж суурилуулсан. Дээр нь Герман улсын савлагааны технологи нэвтрүүлсэн нь үйлдвэрлэлийн түвшнийг шинэ шатанд гаргасан. Германы тоног төхөөрөмж нь азотын хийгээр савлагааг битүүмжилдэг. Үүний ачаар өмнө нь 36 цаг хадгалдаг байсан бүтээгдэхүүнийг 48-56 цаг хадгалах боломжтой болсон. Хэрэглэгчийн нүдээр бол лангуунд илүү удаан байна, үйлдвэрийн нүдээр аюулгүй байдлыг технологиор баталгаажуулж байна гэсэн үг. 

Энэ нь бизнесийн ашиг харж байгаа асуудал биш юм. Бүтээгдэхүүний насжилт хэт богино байвал хурдан актлагдаж, улмаар хог хаягдал бий болно. Тэгэхээр хадгалалтын хугацааг зөв технологиор уртасгасан нь хүнсний хаягдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, савлагааны шинэчлэл нь цаанаа маш олон эерэг үр дагавартай. 

Автоматжуулалт нь хоолны амт, тогтвортой байдалд хэрхэн нөлөөлсөн бэ?

Мэдээж нөлөөлсөн. Тухайлбал, кимбабын үйлдвэрлэлд бид Япон, Солонгосын бүрэн автомат ороох төхөөрөмжийг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний өнгө үзэмж, савлагаа, орц нэгэн жигд болж, тэр хэрээр амт сайжирсан.

Өмнө нь гар ажиллагаатай үед шанзны хэмжээ, будааны нягтрал, ороолтын жигд байдал харилцан адилгүй байх тохиолдол гардаг байсан бол бүрэн автомат болсноор тэр эрсдэлүүд арилсан.

Хэрэглэгч өнөөдөр авсан кимбабаа маргааш дахин авахад амт, бүтэц, хэмжээ нь яг ижил байна. Энэ бол хэрэглэгчийн итгэл, сэтгэл ханамжийг бий болгодог үндсэн үзүүлэлт бөгөөд бидний нэвтрүүлсэн тоног, төхөөрөмжүүд амт, чанар, тогтвортой байдлыг нэгэн зэрэг сайжруулж чадсан. 

Монголын хүнсний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжил, тэр дундаа түргэн хоолны үйлдвэрлэлийн шинэчлэл, өөрчлөлтийг та хэрхэн дүгнэх вэ?

Хүнсний үйлдвэрлэл маш их өөрчлөгдөж байна. Сүүлийн жилүүдэд салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, тариаланчдын ургацын сонголт, хадгалалтын нөхцөл, мал төхөөрөх эрүүл ахуйн шаардлага гээд олон зүйл ахисан. Энэ нь үйлдвэрлэгчдэд дотоодын түүхий эдийг жилийн дөрвөн улиралд тогтвортой ашиглах боломж олгож байна. Гэхдээ хүнсний салбарын хөгжил гэдэг зөвхөн тоног төхөөрөмжийн шинэчлэл биш. Хүний нөөц, ойлголтын соёл, үйлдвэрлэлийн стандарт, сахилга бат бүхэлдээ хамт өсөх ёстой.

"Сэнтрал Фүүдс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жүгдэрнамжил

CU конвиниенс дэлгүүр орж ирснээр хэрэглэгчийн зан төлөв, хооллох соёлд өөрчлөлт авчирсан гэж та боддог уу?

Тэгэлгүй яах вэ. CU орж ирэхээс өмнө Монголд дэлгүүрийн лангуунаас савласан бэлэн хоол худалдан авч идэх соёл үндсэндээ байгаагүй. Харин CU конвиниенс дэлгүүрийн жишгийг  Монголд нэвтрүүлснээр энэ ойлголт бүхэлдээ өөрчлөгдсөн. Өнөөдөр улаанбаатарчуудын амьдралын хэмнэл өөр болсон. Гэртээ хоол хийх, нэг газар суугаад хүлээх цаг байхгүй учир зам зуур, хэрэгтэй үедээ, итгэлтэйгээр, хурдан хүнс авах хэрэгтэй болж байна. Энэ хэрэгцээг CU маш сайн хангаж байгаа.

Конвиниенс дэлгүүр бол худалдааны формат төдий биш, хотын амьдралын хэмнэлд нийцсэн шийдэл.

Гэхдээ сонголт нэмэгдлээ гээд чанараа сулруулна гэсэн үг огт биш. Олон улсын стандартаас доогуур чанартай бүтээгдэхүүн зах зээлд гаргахгүй гэдэг бидний үндсэн зарчим. Монголд олон улсын түвшний, чанартай, аюулгүй байдлын тогтолцоотой бэлтгэсэн хоол үйлдвэрлэлийг нутагшуулах нь бидний зорилго. 

Хэрэглэгчид бэлэн, савласан хоолонд эргэлзэх үе байдаг. Олон нийтийн дунд “Хоносон хоол муу” гэх мэт буруу ойлголт ч бий. Та энэ тухайд юу хэлэх вэ?

Бидний хамгийн их таниулж, тайлбарлах ёстой сэдвүүдийн нэг энэ. "Хоносон хоол муу" гэсэн ойлголт нь хоолыг ямар нөхцөлд хадгалсан бэ гэдэгтэй холбоотой. Орчин үеийн хүнсний үйлдвэрлэл нь судалгаа шинжилгээ, хадгалалтын горим, температурын хяналт, лабораторийн шинжилгээ, савлагааны технологи дээр тогтдог учир тасалгааны хэмд орхигдсон хоолтой огтхон ч адилгүй. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг таамгаар биш, лабораторийн шинжилгээ, технологийн үндэслэлээр тогтоодог. 2025 онд манай дотоод хүнсний лаборатори итгэмжлэлээ авсан.

Ингэснээр бүтээгдэхүүн бүрийг өөрийн итгэмжлэгдсэн лабораториор тогтмол, шуурхай шинжилдэг болсон. Хэрэглэгчидтэй итгэлцэл бий болгохын тулд үйлдвэр хаалттай ертөнц байж болохгүй. Тиймээс их, дээд сургуулиудтай хамтран оюутнуудыг дадлагажуулж, сурагчдыг үйлдвэртэйгээ танилцуулдаг. 

Үйлдвэрлэлийн шатанд хадгалалтын горим, аюулгүй байдлыг хэрхэн хянадаг вэ?

Боловсруулсан бүтээгдэхүүнд эгзэгтэй цэгүүд, бактер үржих эрсдэл хамгийн өндөр үе байдаг. Тиймээс 80-90 хэмтэй бүтээгдэхүүний гүний температурыг 15 минутын дотор 10 хэм хүртэл буулгадаг "вакуум күүлер" буюу огцом хөргөлтийн төхөөрөмж ашигладаг. Үүний дараа стандартын дагуу савлаж, зориулалтын хөргөлтийн машинаар CU дэлгүүрүүдэд хүргэдэг.

Тээвэрлэлтийн температурын хяналт дэлгүүрт хүлээлгэн өгөх мөч хүртэл үргэлжилдэг. Нэмж хэлэхэд, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн CU-гийн кассаар уншигдахгүй, хугацааны мэдээллийг бар кодод шингээсэн учраас систем өөрөө хориглодог.

Түүхий эд нийлүүлэгчдийг сонгох, хоолны орц найрлага, чанарыг хянахямар шийдэл нэвтрүүлсэн бэ?

Бид 140 орчим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Нийлүүлж буй бүтээгдэхүүн бүрд түүхий эдийн тодорхойлолт гаргаж, өдөр бүр ирсэн барааг тулгаж шалгана. Эрүүл ахуй, хадгалалт, тоног төхөөрөмж, ажилчдын аюулгүй байдал гээд олон шалгуур давсны дараа л манай нийлүүлэгч болдог. Анх хамт эхэлсэн олон нийлүүлэгч өнөөдөр хүртэл бидэнтэй хамт өсөж байна. 

Манай үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэд ч тоног төхөөрөмжөө сайжруулж, хүчин чадлаа өсгөж байдаг. Монголдоо үйлдвэрлэж, дотоодын түүхий эдийг ашиглаж, кластераар хөгжиж, хангамжийн дотоодын сүлжээг бэхжүүлэх нь бидний зорилго.

Хэрэглэгчийн санал хүсэлтийг үйлдвэрлэлдээ хэрхэн ашигладаг вэ?

Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхдээ "blind test" хийдэг. Дэлгүүрт хүрсний дараа CU аппликейшнээр хэрэглэгчийн үнэлгээ авч, долоо хоног бүр дүн шинжилгээ хийдэг. Муу үнэлгээ авсан бүтээгдэхүүнд дараагийн сайжруулалтыг хийнэ. Кимбабын жишээ үүнийг тод харуулдаг. Шанзны хэмжээ, будааны нягтрал, ороолт дээр санал их байсан. Шинэ автомат технологи нэвтрүүлснээр амт, өнгө үзэмж, орцны хэмжээ зэрэг олон зүйл сайжирсан.

Хэрэглэгчийн санал технологийн шинэчлэлтэй нийлэхэд бүтээгдэхүүний чанар үнэхээр ахидаг. Мөн улирлын онцлог, зах зээлийн трендийг тасралтгүй судалж, шинэ нэр төрлийг цаг алдалгүй гаргахыг зорьдог. Хэрэглэгчийг уйдаахгүй байх нь өнөөдрийн хүнсний бизнесийн чухал шалгуур. 

Бэлтгэсэн хоол үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг та хэрхэн тодорхойлох вэ?

Гурван тодорхой чиглэл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, залуучууд эрүүл, органик бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон. Хоёрдугаарт, хүнсний харшилтай хэрэглэгчийн тоо өсөж буйтай холбоотойгоор орц найрлагын мэдээллийг нарийвчлан бичих шаардлага нэмэгдэж байна.

Гуравдугаарт, цагаан хоолтон болон тусгай хооллолтын хэв маягтай хэрэглэгч тогтвортой өсөж байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг бий болгож байна. Манай үйлдвэр ч эдгээр чиглэлд нийцүүлэн бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэхэд анхаардаг.

Танай компанийн хувьд салбартаа хаана нь байгаа гэж өөрсдийгөө тодорхойлох вэ?

Бид салбартаа мөс хагалж яваа үйлдвэр. Олон улсын стандарт хангасан бэлтгэсэн хоолны үйлдвэрлэлийг Монголд бодитоор нутагшуулж байгаа анхдагчдын нэг. Шинэ үйлдвэрүүд бидний алдааг давталгүй, илүү хурдан өсөж жигдрээсэй гэж хүсдэг. Өнөөдрийн байдлаар 200 гаруй ажилтантай, түгээлтийн төвтэйгээ нийлээд 3,500 орчим м.кв талбайд хоёр ээлжээр ажиллаж, зөвхөн CU сүлжээнд нийлүүлж байна. Туршлага солилцохдоо ч үргэлж нээлттэй байдаг. МҮХАҮТ, UB Chamber, Хүнсчдийн холбоо зэрэг байгууллагаар дамжуулан олон үйлдвэрлэгч манай үйлдвэртэй танилцдаг.

Ногоон хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа вэ?

Манай үйлдвэр Хонхорт байрладаг тул төвийн дулаанд холбогдоогүй. Жилд 1,250 орчим тонн шахмал түлш ашигладаг байсан бол "Юнигаз" компанитай хамтран 760 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бойлероо бүрэн автомат хийн системд шилжүүлсэн нь хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулах алхам болсон. 

Нөгөө талаас, нийт ажилчдын 70 орчим хувь нь Налайх дүүргийн иргэд. Бид зөвхөн хоол үйлдвэрлээд зогсохгүй орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаас гадна хог хаягдлыг ангилан ялгах, цаасыг дахин боловсруулах зэрэг ажлыг ч хэрэгжүүлж байгаа.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 8-10-р нүүр