Өвөлжилт, хаваржилт, мал төллөлт зэрэг эгзэгтэй үед үйлдвэрийн төхөөрөмжөө улайстал ажиллуулаад, яргуй нүдлэхтэй зэрэгцэн бүх төхөөрөмжөө таг зогсоохоос өөр аргагүй байдалд ордог байгууллагууд бол малын тэжээлийн үйлдвэрүүд. 2019 оны тоон мэдээллээс үзвэл манай улсад малын тэжээл үйлдвэрлэдэг 30 гаруй аж ахуйн нэгж байдаг ч ердөө 2-3 үйлдвэр л дөрвөн улирлын турш гал алдалгүй ажиллаж чаддаг юм. Тэдний нэг, малын тэжээлийн үйлдвэрлэлээр түүчээлж яваа “Баялаг фийд” ХХК-иар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. 

Биднийг очих үед тариа буудайны үнэр ханхалж, хүнд тоног төхөөрөмж тачигнан, үйлдвэрийн талбайд нь ажил ид буцалж байлаа. Улирлын чанартай эрэлт хэрэгцээг үл ажран өвөл ч, зун ч хэвийн ажиллаж чаддаг “нууц”-ыг нь “Баялаг фийд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Наранбаатараас лавлахад “Өвлийн улиралд эрэлт ихсэж, бусад улиралд буурдаг тул манай салбарынхан улирлын чанартай ажиллаад, зун нь ихэнх газрууд үйл ажиллагаагаа зогсоочихдог. Монгол орны мал маллагааны онцлог орчин нөхцөлд тохируулж тэжээлийн үйлдвэр ажиллуулна гэдэг амаргүй.

Тиймээс манайх бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмсэн. Жилийн дөрвөн улиралд тахиа, гахай, сүүний чиглэлийн үхрийн, түүнчлэн өвөл нь зудын, хавар нь хурганы, наадам хүртэл адууны тэжээл үйлдвэрлэж байна. Түүхий эдээ нөөцлөх, үйлдвэрийн засвар үйлчилгээ хийх, өвөлжилтөд бэлтгэх зэргээр дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэж л хүндрэлийг давж байна даа” гэлээ. Үйлдвэр нийт 40 ажилтантай, тэдний ажил өглөө 09.00 цагт эхэлж зуны улиралд 16.00 цагт, заримдаа 22.00 цаг хүртэл үргэлжилдэг. 

Харин өвлийн улиралд эрэлтээ дагаад үйлдвэрлэл нэмэгдэж өдөр, оройн хоёр ээлжээр ажилладаг юм байна. Тус компани нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн сайжруулж, малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн эрүүл аюулгүй байдал, чанарыг эрхэмлэн улсынхаа өнцөг булан бүрд байгаа эрчимжсэн аж ахуйн ялгаатай хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц уураг, амин дэм, витаминаар баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг юм.

Тус үйлдвэр 2018 онд байгуулагдахдаа түрээсийн газарт байрладаг, өдөрт 20-30 тонн, сард 500 тонн тэжээл үйлдвэрлэдэг жижиг гар үйлдвэр байсан бөгөөд тэр нөхцөл байдлаас үндэсний томоохон үйлдвэрлэгч болон өргөжих хүртлээ чамгүй урт замыг туулжээ. Харин “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд хамрагдан гурван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар үйлдвэрийн хүчин чадлаа бараг 10 дахин нэмэгдүүлж, тэр хэрээр өргөжин тэлжээ.

Энэ талаар гүйцэтгэх захирал Э.Наранбаатар хэлэхдээ “Компаниа анх байгуулаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх үед хүмүүс тэр бүр сайн ойлгодоггүй, малын тэжээлийг зөвхөн хивгээр төсөөлдөг байсан. Ийм нөхцөлд бүх төрлийн уураг, эрдэс бодис, амин хүчлийг багтаасан бүрэн найрлагатай тэжээлийг үйлдвэрлээд, түүнийгээ зах зээлд таниулж, борлуулна гэдэг амар байгаагүй. Одоо манайх бүх төрлийн мал, амьтны 22 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, үр дүнгээрээ танигдаад өөрсдийн үнэнч үйлчлүүлэгчидтэй болсон.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн үнэхээр нүдээ олсон арга хэмжээ байлаа. Манай үйлдвэр хоногт 240 тонн, сард 5000 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Одоогоор үйлдвэрийн хүчин чадлынхаа 40 хувийг л ашиглаж байгаа. Энэ хувийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана” гэсэн юм.

Тус үйлдвэр нь бүтээгдэхүүнээ таниулах үзүүлэнгийн хэсэгтэй. Энд бүх бүтээгдэхүүний дээж бий тул, үйлчлүүлэгч тэр болгоныг үзэж харж, танилцаад сонголтоо хийж болно. Мөн өөрийн лабораторитой тул тэндээ бүтээгдэхүүнээ тогтмол дээжилж, шинжилж, шинэ бүтээгдэхүүнээ туршдаг ажээ. Харин удирдлагын өрөөнөөс бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний орц найрлагыг хянаж, хаанаас ямар хэмжээний бүтээгдэхүүн татах шаардлага байгааг хянадаг юм байна.

“Баялаг фийд” ХХК-ийн үйлдвэрлэж буй 22 нэр төрлийн бүтээгдэхүүнээс товчоор тоймлон дурдъя.

• Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбогдуулан байгалийн давагдашгүй хүчин зүйл, болзошгүй эрсдэлийн нөлөөг багасгах зорилгоор уламжлалт мал аж ахуй буюу бэлчээрийн бүх төрлийн малд зориулсан “Тамир” тэжээлийг үйлдвэрлэдэг.

• Импортын өндөр үнэтэй тэжээлийг орлохуйц, чанар стандартын хувьд ижил түвшинд хүрсэн “Шандас” брэндийн тэжээлийг үйлдвэрлэдэг. Энэ бол эрдэмтэн судлаач, уяач нартай хамтран ажилласны үндсэн дээр адуунд зориулан гаргасан тэжээл юм. Түүнчлэн овьёосыг үйлдвэрийн аргаар цэвэрлэж бутлан эрдэс, давс хужир нэмэлтээр хийснээр 25 килограммаар савласан “Баялаг овьёос”-ыг зах зээлд гаргаад байна.

• Нийслэлийн хүн амыг хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээний хүрээнд сүүний чиглэлийн үнээнд зориулсан “Баялаг шим” тэжээл нь уураг, витаминаар баялаг, бүрэн найрлагатай. Тус тэжээлийг нийт 3000 гаруй саалийн үнээнд сард 600 тонныг нийлүүлж байна.

• Өндөглөгч шувууны 20 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй иргэнд сар бүр 600 орчим тонн өндөглөгч шувууны тэжээл борлуулдаг.

• Түүнчлэн өндөглөгч шувууны дэгдээхэйг зах зээлд нийлүүлж эхэлжээ. Нэг удаад 50 мянган дэгдээхэй үржүүлэх үржлийн аж ахуйтай бөгөөд АНУ-ын “Hy-line” үйлдвэрийн үржлийн өндгийг оруулж ирээд, инкубаторт 21 хоног дарсны дараа дэгдээхэй болгоод тахианы фермерүүдэд нийлүүлдэг юм.

Монголын өндөглөгч шувууны аж ахуй нь дулааны улиралд сүргээ сэлбэдэг бөгөөд “Баялаг фийд” тэдэнд зориулаад жилд 2-3 удаа 100-150 мянган дэгдээхэй нийлүүлдэг байна. Малын тэжээл үйлдвэрлэхдээ тус компани улаан буудай, эрдэнэ шиш зэрэг 10-аад нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн ашигладаг.

Тэдгээрийн ихэнхийг дотоодоос мөн ОХУ, БНХАУ-аас худалдаж авдаг гэнэ. Мөн “АПУ” ХХК-иас пиво, спиртийн шаар авч уураар хатаагаад тэжээлийн түүхий эдийн нэг хэсэг болгодог юм байна. “Баялаг фийд” компанийн цаашдын зорилго нь зах зээлд маш сайн чанарын тэжээлийг тасралтгүй нийлүүлэхийн тулд түүхий эдээ өөрсдөө тарьж ургуулах, үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ашиглахад чиглэж байгаа юм. Энэ чиглэлээр төлөвлөгөөгөө аль хэдийн гаргачихсан ажиллаж байгаа гэдгээ ч тэд дуулгасан. Түүнчлэн “Баялаг фийд” компанийн алсын хараа нь бүтээгдэхүүнээ экспортлох юм.

Одоогоор малын тэжээл экспортолсон тохиолдол Монголд байхгүй тул энэ төрлийн экспорттой холбоотой асуудал нь тэдний хувьд цоо шинэ зүйл, сорилт болоод байгаа юм. Эхний ээлжид БНХАУ руу бүтээгдэхүүнээ гаргах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд одоогоор энэ ажил эрсдэлийн үнэлгээ хийх шатандаа явж байна.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 11-13-р нүүр