Монголчуудын өглөөний хоолонд овьёос, үр тариагаар “хувьсгал” хийхээр 2014 онд үйлдвэрлэлээ эхлүүлсэн тус компани өдгөө 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрлэлийн шугамаа өргөтгөснөөр “Элдэвтэй гурил”-ынхаа үйлдвэрлэлийг 30 хувиар нэмэгдүүлжээ. Олон төрлөөр гардаг энэхүү “элдэвтэй” бүтээгдэхүүн нь химийн орц найрлагагүй, хадгалагч бодисгүйгээрээ онцлог. Хэрэглэгчдийг байлдан дагуулж буй энэ гурилаар пицца, цуйван, тортилла гээд төрөл бүрийн хоол бэлтгэхэд тохиромжтой учраас “элдэвтэй” гэхээс ч аргагүй. 

Харин “Мовьёос” брэндийн хувьд хамгийн хайртай, ууган бүтээгдэхүүн нь. Зах зээлд үнэнч хэрэглэгчдийнхээ хүрээг тэлсээр байгаа “Мовьёос”-ыг “өглөөний цайны хувьсгалч” гэж тодорхойлбол үнэнээс хэтийдэхгүй. Овьёос нь бодисын солилцоо, зүрх судас, хоол боловсруулах тогтолцоонд олон талын эерэг нөлөө үзүүлдэг. Уусдаг эслэг болох бета-глюкан нь цусан дахь муу холестерины түвшнийг бууруулж, судасны хананд өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг. Харин нүүрс ус нь цусан дахь сахарын огцом өсөлтийг хязгаарлаж, инсулин ялгаралтыг тогтвортой түвшинд барих, чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах ач тустай.

Мөн гэдэсний бичил орчныг сайжруулахын зэрэгцээ удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг нь илүүдэл жингийн эрсдэлийг бууруулж, хооллолтоо хянахад тусална. Энэ мэтчилэн овьёосны “хүч”-ийг дурдаад байвал барагдашгүй. Ийм л идтэй, шидтэй хүнсээр монголчуудын өглөөг өөрчлөхийг “Монфүүдланд” компани зорьсон. Энэ зорилгоо ч чамгүй сайн биелүүлж буй билээ.

Овьёосоор эхэлсэн тэдний үйлдвэрлэл жилээс жилд өргөжиж, нялхсаас настан буурал хүртэл амтархан идэх олон төрлийн бүтээгдэхүүнээр баяжжээ.

Дасгал хөдөлгөөнд дурлагчид ч дэглэмээ өөрчлөлгүйгээр “Монфүүдланд”-ын амттаныг идэж болно. Түүхий эдийн чанар, стандартад өндөр ач холбогдол өгдөг “Монфүүдланд”-ынхан цаашид үндсэн түүхий эдээ 100 хувь дотоодод тариалах, энэ чиглэлээр ажилладаг компаниудтай хамтрах, хамтдаа өсөх бизнес загварыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Эхлэл нь эхийн сэтгэл

“Монфүүдланд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Хулан эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр АНУ-д нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж, гэр бүлийн хамтаар тус улсад долоон жил амьдарсан. Улмаар 2013 онд нөхөр, хүүхдийн хамт эх орондоо суурьшихаар ирэхэд 10-хан сартай хүүхдэдээ юу идүүлэх вэ гэдэг нь багагүй сорилт дагуулжээ. “Дэлгүүрийн лангуугаар дүүрэн гурил, сахар өрөөтэй байгаа юм шиг л санагдсан” гэж Б.Хулан ярьж байв.

Б.Хулан “Монфүүдланд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Монголчуудын, тэр дундаа төв суурингийнхны өглөөний хоол хэт гурилд төвлөрсөн нь түүнд маш тод анзаарагджээ. Тэр бүү хэл хоносон хоол өглөөний унд болдог нь үтэр түргэн засах ёстой зүйл шиг л санагдсан байна. Цөөнгүй жил харь нутагт амьдарсан түүнд бас нэг зүйл гойд анзаарагдсан. Энэ нь хаа сайгүй байрлах эмийн сан. “Ходоод өвддөг, хоол шингэдэггүй” гэх яриа ч түүний эргэн тойронд цөөнгүй сонсогджээ. Ингээд тэрбээр эрүүл хооллолтын чиглэлээр ямар нэг зүйл хийх ёстойгоо ойлгож, дараа жил нь нөхөр У.Насандэлгэрийнхээ хамтаар компаниа үүсгэн байгуулсан байна. “Анхны бүтээгдэхүүн “Мовьёос”-оо сүлжээ дэлгүүрүүдэд байршуулчихаад орой нь гэртээ тогтож сууж чадаагүй.

Good Price ороод хартал хоёр, гурван Мовьёос зарагдчихсан байсан. Үнэхээр их баярласан” хэмээн хамгийн нандин дурсамжаасаа Б.Хулан хуваалцсан юм.

Гэхдээ түүний бизнес эхний жилүүддээ төлөвлөсөн шиг нь амжилттай байгаагүй. Энэ нь монголчууд овьёос хэрэглэж дадаагүйтэй холбоотой. “Малын тэжээл биш юм уу”, “нэг курстээ хэдийг хэрэглэх вэ” гэх асуултад ч тэрбээр хариулж явжээ. Баярламаар нь хүмүүс овьёосны ач тусыг маш хурдан ойлгосон. Б.Хулан гурав дахь жилээсээ төсөөлөөгүй тэлэлтийг мэдэрч эхэлжээ.

Эрүүл хооллолтын сэдэвт эргэлт буцалтгүй гүн шумбасан тэрбээр веган хоолтон. Ажилчдынх нь үдийн хоол нь ч веган. Б.Хулан хүмүүсийг махнаас гарахыг шахаж ятгадаггүй ч ядаж л өдөрт иддэг нэг хоол нь эрүүл, хөнгөн, шим тэжээлтэй байгаасай гэж хүссэндээ ийм өөрчлөлт хийжээ. Ажилчдынхаа өглөө, өдрийн хоолонд ногоон хоолоор үйлчлээд гурав дахь жилтэйгээ золгож буй нь сэтгүүлч миний анхаарлыг ихэд татсан юм.

Үйлдвэрлэл үнэхээр өөр

Б.Хулангийн 12 жилийн бизнесийн замналд дөрвөн хүнтэй баг нь 80-уулаа болж өргөжсөн. Энэ хооронд үйлдвэрлэгчдийн сөрж давдаг сорилтууд түүнийг ч мөн дайрсан. Ялангуяа манай улс үйлдвэрлэлд зориулж буй зориг, зүтгэлийг үнэлэхгүй бол мөнгөний урсгал гадагш чиглэх эрсдэлтэй.

“Үйлдвэрлэгчдийг худалдааны бизнесээс ялгасан, илүү уян хатан, урамшуулалд суурилсан татварын бодлогоор дэмжих шаардлагатай” гэж Б.Хулан ярьж байсан.

Мөн НӨАТ-ыг борлуулалтын орлого бодитоор орж ирэхээс өмнө нэхдэг нь компанийн мөнгөн урсгалыг “булингартуулж”, өр зээл рүү түлхдэг. Тиймээс татвараа хугацаанд нь төлсөн тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх, орлого бодитоор орж ирэх хүртэл татварын дарамтыг зөөллөх зэргээр зохицуулалт хийж болохыг тэрбээр онцолсон.

“Монфүүдланд” компани “эрүүл, органик”-ийг жанжин шугамаа болгосны хувьд, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) -ын шалгуурыг хангаж, бүтээгдэхүүн, менежмэнтээрээ ногоон бизнесийн ESG гэрчилгээнүүдийг авсан.

Үүгээрээ “том хувьцаат компаниуд л иймэрхүү зүйлд анхаардаг” гэсэн өрөөсгөл хандлагыг өөрчлөхийг хүсжээ. Гэвч энэ хичээл зүтгэлийг үнэлэх, борлуулалтын сүлжээнд илүү онцгойлох бодлого мөн л дутмаг байна. Иймд бодлого зохицуулалтаар үйлдвэрлэгчдийн урмыг сэргээж, дарамт тушааг багасгавал хүнсний хувьсгалын үр дүнг хүн бүр мэдрэх нь лавтай.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 18-19-р нүүр