Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн “Сүүн зайрмаг”-ийн цэгүүдэд хүүхдүүдээс гадна бүх насныхан дараалал үүсгэдэг. Учир нь хамгийн амттай, шинэхэн, үнэ боломжийн, тэгээд гоё учраас. “Сүүн зайрмаг”-ийн цэг харагдвал хүүхдүүд өөрийн мэдэлгүй хөл нь тэр зүг рүү гүйдэг. Тийм ч учраас улаанбаатарчуудын хамгийн дуртай зайрмаг бол сүүн зайрмаг гэж нэрлэхэд төдий л буруудахгүй. Ийм л гоё зайрмагийг бүтээж, олон мянган хүнд баяр баясал нэмдэг “Сүүн зайрмаг” компанийн үүсгэн байгуулагч нь Т.Өлзийсайхан.

Т.Өлзийсайхан “Сүүн зайрмаг” компанийн үүсгэн байгуулагч

Тэрбээр “Сүүн зайрмаг” компаниа 2018 онд үүсгэн байгуулжээ. Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр найм дахь жилдээ үндэсний үйлдвэрлэгчийн хувиар үйл ажиллагаа явуулж байна. Тус компани өөрийн нэрийн салбар цэгүүдээр дамжуулан зөөлөн “Сүүн зайрмаг”-ийг хэрэглэгчийн гарт шууд хүргэдэг системийг бий болгосноороо Монголын зайрмагны зах зээлд хувьсгал хийсэн гэж хэлж болно.

Түүхий эд нь 100 хувь шингэн сүү

Одоогоор тус компани “Сүүн зайрмаг”, “Сүүн шэйк”, “Цөцгийтэй тараг”, “Сүүн өрөм”, “Соролдоо” (сүүн тараг) зэрэг нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хамгийн онцлог, давуу тал нь үйлдвэрлэлийн гол түүхий эд нь үнээний 100 хувийн шингэн сүү байдаг. “Сүүн зайрмаг” компани түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын 100-200 км радиус дотор байрлах үхрийн фермүүдтэй хамтарч кластерын системээр ажилладаг. 

Ингэснээр харилцан ашигтайгаар буюу фермерүүдийг тогтвортой орлогоор дэмжин ажиллаж байгаа юм.

Татаж авсан сүүг үйлдвэрлэлд оруулахаас өмнө тогтоосон стандартын дагуу чанарын шалгалт хийж, эрүүл ахуйн болон аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн хүлээж авдаг байна. “Сүүн зайрмаг” компани нь үйлдвэрлэлдээ сүү орлуулагч, хугацаа уртасгагч гэх мэт химийн нэмэлт ашигладаггүй нь өөр нэг том давуу тал нь. 

Дээрээс нь зөвхөн чанарын шаардлага хангасан үнээний шингэн сүүг хэрэглэж байгалийн цэвэр эрүүл органик амтыг хадгалан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас олон хүн “Сүүн зайрмаг”-т дурладаг байх нь. “Сүүн зайрмаг” амт чанараас гадна тэжээллэг чанараараа сайн, хүүхэд гэр бүлд аюулгүй, эрүүл, итгэлтэй сонголт болдгоороо онцлогтой.

“Сүүн зайрмаг” компани өнөөдрийн байдлаар нийт 80 гаруй үндсэн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Үүний 90 хувь нь залуучууд бөгөөд хүний нөөцийн бодлогодоо залуу мэргэжилтнүүдийг дэмжин ажиллаж байгаа гэдгийг тус компанийнхан онцолж байлаа. Энэ хүрээнд ажилтнуудаа тогтмол эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажилладаг аж. Мөн залуу боловсон хүчнийг дэмжих, байнга хөгжүүлэхэд чиглэсэн бодлого баримталж ажилтнуудын сурч боловсрох, эрүүл байх, ажлаа аюулгүй хийх үндсэн эрхийг баталгаажуулдаг.

Шинэ оны босгон дээрх шинэ үйлдвэр

“Сүүн зайрмаг” компани Улаанбаатар хотод зундаа 80 гаруй, орон нутгийн хэмжээнд 48 нэрийн салбар цэгээр дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхээс гадна Zaisan hill, Hunnu mall, Food city, Soyolj mall, Go.to market зэрэг томоохон худалдааны төвүүдэд жилийн дөрвөн улиралд ажиллах нэрийн цэгүүдээ нээгээд байгаа юм.

Мөн 1700 гаруй жижиглэнгийн дэлгүүр болон CU, Emart, Efes, Wellmart зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэн хамтран ажиллаж байна.

Тус компанийн үүсгэн байгуулагч Т.Өлзийсайхан “Манай хамт олон өнөөдрийг хүртэл тууштай хөдөлмөрлөсний үр дүнд 2026 оны босгон дээр шинэ үйлдвэрийн байртай болсон. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн автоматжуулахаар зорьж байна. Ирээдүйд “Сүүн зайрмаг” ХХК экспортын зах зээлд хөл тавих, ногоон үйлдвэрлэлийн бодлого, стратеги хөгжлийн төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна” хэмээн онцолсон юм.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 16-17-р нүүр