Технологид суурилсан санхүүгийн шинэ гүүр “Бид аж ахуйн нэгжүүд хоорондын богино хугацаат санхүүгийн асуудлыг технологи ашиглан харилцан ашигтай шийдэх итгэлцлийн гүүр болохыг зорьж байна” хэмээн “Фанд ми бирж" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Оюуномин компанийнхаа үйл ажиллагааг тодорхойллоо. Түүний хэлснээр санхүүгийн зах зээл дээр зээлийн эрэлт нийлүүлэлтээсээ тогтмол өндөр байдаг. 

Харин Fundme.mn энэ хоосон зайг илүү хурдан, уян хатан шийдлээр нөхөхийг зорьж байна. Платформ дээр компаниуд тодорхой шалгуур, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зээлийн эрхээ тогтоолгоно. Томоохон аж ахуйн нэгжүүдэд таван тэрбум төгрөг хүртэл, харин жижиг дунд бизнес болон стартапуудад хоёр тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн боломж нээлттэй аж.

Платформын гол онцлог нь уламжлалт банкны шат дамжлагаас илүү шуурхай, уян хатан шийдэл санал болгодогт оршдог.

Зээлдэгчид 7-42 хоногийн хугацаатай зээл авах боломжтой бол хөрөнгө оруулагчид сул мөнгөн хөрөнгөө долоо хоногоос хоёр сарын хугацаанд байршуулж өгөөж хүртэх нөхцөл бүрджээ. Нэг үгээр, бизнес хоорондын санхүүгийн мөнгөн урсгалыг холбосон B2B зарчмаар ажилладаг. Мөн зээлдэгчийн эрсдэлийг тооцоолсон эрсдэлийн сантай. Ингэснээр хөрөнгө оруулагчийн эрсдэлийг тодорхой түвшинд бууруулах боломж бүрдсэн байна. 

Шинэ тоглогчийн сорилт 

Шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд тулгардаг сорилт бол ойлголт, итгэлцлийн асуудал. Уламжлалт банкны тогтолцоонд дассан бизнесүүдийн хувьд энэ хэлбэрийн үйлчилгээ харьцангуй шинэ хэвээр байна. Мөн технологи ашиглан үйлчилгээ үзүүлдэг онцлогоос шалтгаалан зээлийг хэт хялбар олгодог гэх ташаа ойлголт түгээмэл.

Гэвч бодит байдал дээр Fundme.mn тодорхой шалгуур, үнэлгээний системд тулгуурлан аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрхийг тогтоодог. Нөгөө талаас, бизнес эрхлэгчдийн дунд санхүү төлөвлөлтийн соёл харьцангуй сул байгаа нь сорилт болж байна. Зарим аж ахуйн нэгжүүд орлого, мөнгөн урсгалаа бодит тооцоонд бус төсөөлөл, сэтгэл хөдлөлд тулгуурлан үнэлэх хандлагатай байдаг нь зээлийн эрхийн бодит хэмжээ болон хүлээлтийн хооронд зөрүү үүсгэдэг. Fundme.mn бизнесийн орчин дахь богино хугацаат санхүүгийн хэрэгцээг шийдэх зорилгоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

Одоогоор хөрөнгө оруулагч буюу мөнгө байршуулж буй тал шаардлага хангасан зээл хүсэгчийн тооноос илүү байгаа нь зах зээлийн бүтэц, тэнцвэрийг бүрдүүлэх сорилт болж байна.

“Хэдий эргэн төлөгдөөгүй зээл бүртгэгдээгүй боловч “санхүүгийн сахилга баттай, найдвартай зээлдэгчийн багцыг бүрдүүлэх нь компанийн гол зорилт, мөн сорилт хэвээр байгаа”-г Э.Оюуномин онцолсон юм. Үүнээс гадна Монгол Улсад финтек салбарын хөгжилтэй уялдсан нарийвчилсан хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байгаа учир тус компани Санхүүгийн зохицуулах хорооны "Сэндбокс" зохицуулалтын орчинд үйл ажиллагаагаа явуулж байна.

Бизнесүүдэд нээгдэж буй боломж

Аж ахуйн нэгжүүдэд богино хугацаат санхүүгийн асуудлаа шийдэх, нөгөө талаас богино хугацаат мөнгөн хөрөнгөөсөө өндөр өгөөж хүртэх боломжийг бүрдүүлж байгаа нь “Fundme.mn”-ий онцлог. Мөн санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн хөрөнгө оруулалтын болон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ модель нь бизнес эрхлэгчдэд сонголт хийх боломж олгож байна.

Fundme.mn хоёр жилийн хугацаанд нийт 200 тэрбум төгрөгийн богино хугацаат санхүүжилтийн зуучлал B2B зээлийн үйлчилгээг үзүүлжээ. Ингэхдээ хөрөнгө оруулагчдаас 911 удаа санхүүжилт татаж, 1569 удаагийн зээлийн хүсэлтийг амжилттай биелүүлсэн байна. Энэ нь бизнесүүд богино хугацаанд санхүүжилт татах, мөн сул хөрөнгөө эргэлтэд оруулах хэрэгцээ бодитоор байгааг илтгэж буй юм.

Ирээдүйн үнэ цэн

Хөгжингүй орнуудад энэ төрлийн платформууд бизнесийн түр хэрэгцээ бус, санхүүжилтийн тогтсон дадал болтлоо төлөвшсөн. Үүний тод жишээ бол Funding Circle компани. “Oxford Economics”-ийн судалгаагаар тус платформоор дамжсан санхүүжилт 2025 онд Их Британийн ДНБ-д 7.9 тэрбум фунт стерлингийн хувь нэмэр оруулжээ. Мөн тус улсын 320 ажлын байр тутмын нэг нь Funding Circle-ийн санхүүжилттэй шууд болон шууд бусаар холбогддог.

Бизнесийн загвар, зорилтод зах зээлийн хувьд Fundme.mn-тэй төстэй энэ платформ 16 жилийн хугацаанд зах зээлийн өрсөлдөөн дунд хэрхэн тэсэж үлдэж, ямар үнэ цэн бүтээж чадсаныг эндээс харж болно. 

Энэхүү жишээ нь технологид суурилсанB2B санхүүжилтийн моделийн урт хугацааны боломжийг илэрхийлж байна. “Цаашид бид үйл ажиллагаагаа Улаанбаатар хотоор хязгаарлахгүй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хүрч ажиллах зорилготой. Мөн зээлийн хүүгийн зардлыг бууруулахад анхаарч байна” хэмээн Э.Оюуномин байгууллагынхаа зорилгоос хуваалцлаа. Ийнхүү технологид суурилсан санхүүгийн шийдлүүд Монголын зах зээлд нэвтэрч эхэлж буй энэ үед Fundme.mn салбартаа онцлог байж, сорилт, боломжийг зэрэгцүүлэн тодорхойлж, дараагийн шатны хөгжлийг эрэлхийлж байна.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 18-19-р нүүр