Сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт даатгалын салбарт шууд нөлөөлж, нэгж нөхөн төлбөрийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Ялангуяа тээврийн хэрэгсэл, жолоочийн даатгалын хувьд нэг даатгуулагчид олгох дундаж нөхөн төлбөрийн хэмжээ хоёр сая төгрөгт хүрсэн нь эрсдэлийн өртөг бодитоор өссөнийг илтгэнэ. "Ард даатгал" компани олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр зах зээлийн 10 гаруй хувийг эзэлдэг. Харилцагчийн үйлчилгээний хурд, чанарт анхааран ажилласнаар нэг ажлын өдөрт дунджаар 50 орчим даатгуулагчийн нөхөн төлбөрийг шийдвэрлэдэг байна. Энэ нь иргэдэд даатгалын бодит үнэ цэнийг ойлгуулж, даатгалын салбарт хандах хандлагыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг илтгэнэ.
Даатгалын зах зээлийн дотоод өрсөлдөөн нэмэгдэж буй энэ үед олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн, эрсдэлийн удирдлагын хүрээнд хүлээн авсан өндөр дүнтэй эрсдэлийг Англи, Америк, Герман, Япон, Сингапур, Швейцар зэрэг улсын нэр хүндтэй давхар даатгагчдад шилжүүлэн хамгаалдаг. Үүний зэрэгцээ “Ард даатгал” ХК харилцагч төвтэй, ил тод, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэж, олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж IFRS 17, SASB, ISO 9001:2015, ISO 27001:2022 зэрэг стандартуудыг хэрэгжүүлэн ажилладаг. Ингэснээр компанийн засаглал, тайлагналын ил тод байдал бодитоор сайжирч, оролцогч талуудын итгэлцлийг бэхжүүлж байна.
Мөн байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) зарчмыг үйл ажиллагаандаа тусган, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулахыг зорьж байна. 2024 онд тогтвортой хөгжлийн анхны тайлангаа танилцуулсан нь энэ чиглэлийн бодлогын эхлэл байж, салбартаа анхдагч болжээ.
“Ард даатгал” ХК 2018 онд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани болсноос хойш хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг бий болгохоор хичээнгүйлэн ажиллаж ирсэн. Компанийн тогтвортой ногдол ашгийн бодлогын хүрээнд 2018 оноос хойш жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн болон бусад хэлбэрийн ногдол ашиг олгожээ.
Зах зээлийн нийгэмд монголчуудыг даатгалтай анхлан танилцуулсан “Ард”-ын тухай сонсоогүй хүн ховор. Даатгалын салбар хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед ч тэд технологи, инновацад суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр бүл нэмсээр байна. Цаг үеэ мэдэрсэн, хурдтай шийдэл, шинэчлэл хийж чаддаг байх нь амжилтын түлхүүр мөн. Харин хэрэглэгч, харилцагч, тэдэнд чиглэсэн найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлэх нь компанийн урт хугацаанд амжилттай оршин тогтнохын үндэс болдог билээ.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 46-р нүүр


