Монголын финтек салбарт маш олон компани үйл ажиллагаа явуулж байна. “Дэвжих Нэхий ББСБ”-ын бусдаас ялгарах гол онцлог юу вэ?

Бидний философи малчны хотноос эхэлдэг. Үндэсний үйлдвэрлэлийн системд ердөө зээл олгогч биш, харин түүхий эд бэлтгэлээс эхлээд эцсийн борлуулалт хүртэлх бүх шатанд хүрч ажиллахыг эрмэлзэж байна. Үйлдвэрлэлийн гинжин хэлхээг эрүүл байлгахын тулд малчдад зориулсан түүхий эдийн хөнгөлөлттэй зээлийг санал болгодог. 

Энэ нь малчдад тулгардаг бэлэн мөнгөний хомсдолыг шийдээд зогсохгүй, үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд тасралтгүй, чанартай нийлүүлэгдэх стратегийн баталгаа болох юм. Бид Money-T аппликэйшн болон орон нутгийн өргөн сүлжээндээ түшиглэн, дотоодын үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй нь санхүүгийн хамгийн дөхөм замаар холбох “нэгдсэн платформ” болохыг зорьж байна. 

Алслагдсан бүс нутгийн иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байна. Танай үйлчилгээ хөдөө орон нутгийн иргэд, малчдын амьдралд бодитоор ямар өөрчлөлт авчирч байгаа вэ?

Орон нутгийн иргэд, малчдын хувьд бэлэн мөнгөний урсгал нь улирлын чанартай тул гэнэтийн хэрэгцээ гарахад санхүүгийн уян хатан шийдэл дутагддаг.

Бидний бүрдүүлсэн мерчант сүлжээ иргэдэд заавал хот руу явахгүйгээр, сумандаа байгаа дэлгүүрээс хэрэгцээт бараагаа зээлээр авах боломж олгосон. 

Жишээ нь, малчин хүн өвөлжөөндөө дулаан хувцас, чанартай гутал, хэрэглээгээ манай финтек шийдлээр авахад тэр нь эргээд эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтэд нь дэмжлэг болдог. Бид үүнийг зөвхөн бизнес гэж хардаггүй. Орон нутгийн ААН, мерчантуудыг дэмжсэнээр тэнд ажлын байр хадгалагдах, борлуулалт нэмэгдэх хөшүүрэг болдог.

Хувь хүнд чиглэсэн үйлчилгээнээс гадна ААН- үүдэд ямар давуу тал олгож байна вэ? Хамтрагч байгууллагуудын бизнесийн үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлж байгаа бол?

“Дэвжих Нэхий ББСБ” ХХК байгууллагуудад Money-T аппликэйшнаар дамжуулан санхүүжилтын тусгай шугам нээж, ажилтнуудыг нь ажлын гутал, хувцас зэрэг хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлж эхэлсэн. Орчин үед байгууллагууд ажилтныхаа аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалд онцгой анхаардаг болсон ч нэг дор их хэмжээний худалдан авалт хийх нь бэлэн мөнгөний урсгалд ачаалал өгдөг. 

Уян хатан санхүүгийн шугам нээснээр тэд эргэлтийн хөрөнгөө түгжихгүйгээр ажилтнуудаа стандартад нийцсэн хамгаалалтын хувцас, хэрэгслээр иж бүрэн хангах боломжтой болж байгаа юм.

Энэ бол зөвхөн худалдан авалт биш, байгууллагын нийгмийн хариуцлага болон ажилтнаа дээдлэх соёлд оруулж буй бодит хөрөнгө оруулалт. Үйлдвэрлэгч, санхүүгийн байгууллага хоорондын нэгдмэл сонирхолд үндэслэн үзүүлж буй энэ үйлчилгээ зах зээлд чанар болон хурдыг зэрэг амлаж байна. Технологи, санхүү, үйлдвэрлэлийг зөв уялдуулж чадвал Монголын бизнесүүд илүү хурдтай өсөж, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэн улам нэмэгдэнэ гэдэгт итгэдэг. 

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 48-р нүүр