2025 оны жилийн эцсийн дүнгээс харахад Монголд банк бус санхүүгийн салбарын өрсөлдөөн улам ширүүсэж байна. Тодруулбал, нийт 575 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний нийт актив өмнөх оноос 27 хувиар өсөж, есөн их наяд төгрөгт хүрсэн нь энэ салбарын санхүүгийн урсгал нэмэгдэж, зах зээл улам тэлж буйг харуулж буй.
Энэ ширүүн өрсөлдөөнд өөрийн байр сууриа бататгаж, үйл ажиллагаагаа амжилттай тэлж яваа “Тандэм Инвэст ББСБ” ХК-ийг энэ удаад онцолъё. Сүүлийн таван жилд тус компанийн нийт хөрөнгө дунджаар 53 хувь, нийт орлого 62.5 хувь, цэвэр ашиг 47.5 хувийн өсөлт үзүүлж, 2025 онд 4.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдэдээ 2021 оноос хойш дараалан зургаан жилийн хугацаанд нийт 11.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь компанийн үнэ цэнийг тогтвортой өсгөж, хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг тогтмол нэмэгдүүлж байгаа хэрэг юм.
Харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ТАНД ДЭМ болох бүтээгдэхүүн санал болгодог “Тандэм Инвэст ББСБ” ХК-ийн түүх 2011 онд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар эхэлжээ.
Улмаар 2018 онд “Баян-Алдар” ХК-тай урвуу нэгдэл (RTO) хийснээр хувьцаат компани болсон. Одоогоор Монголын Хөрөнгийн биржийн хоёрдугаар цонхонд бүртгэлтэй бөгөөд итгэлцэл, зээлийн үйл ажиллагаа, валют арилжаа гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нээлттэй хувьцаат компани учраас нээлттэй болон хаалттай хөрөнгийн зах зээлээс илүү өргөн хүрээнд, харьцангуй бага өртөгтэй хөрөнгө оруулалт татах боломжтой.
Тэд үйл ажиллагаагаа гаднын хөрөнгө оруулагч талд илүү найдвартай, ил тод тайлагнаж, нийгмийн болон бизнесийн итгэлцэл өндөртэй үйл ажиллагаа явуулдаг нь нэг гол онцлог нь юм. Одоогоор тэдний нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь Япон Улсын хөрөнгө оруулагчид бөгөөд цаашид гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд гарах зорилго тавьжээ. Компанийн зүгээс “Манай компанийн хувьцаа эзэмшигч болох Япон улсын хөрөнгө оруулагчид өндөр ёс зүй, ур чадвартай үйл ажиллагаа явуулахыг шаардаж, шаардлагатай үед оновчтой зөвлөгөө өгдөг.
Мөн Япон улсын туршлагаас хуваалцах зэргээр компанийн үйл ажиллагааг сайжруулах, тэлэхэд маш том туслалцаа үзүүлдэг” гэдгийг онцолж байлаа.
Тус компанийн ойрын зорилго нь, нэн тэргүүнд олон нийтэд нэмэлт хувьцаа гаргаж хувьцааны хөрвөх чадварыг сайжруулан Хөрөнгийн биржийн нэгдүгээр цонхонд дэвших, хоёрдугаарт, зээлийн үйл ажиллагааг цахимжуулж харилцагч нартаа илүү хялбар түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, гуравдугаарт, гадаад болон дотоод зах зээлд өрийн бичиг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах гэсэн гол гурван ажлыг төлөвлөөд шаардлагатай судалгаа, бэлтгэл ажлуудыг эхлүүлжээ. Харин тэдний холын зорилго бол Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ гадаадын зах зээлд хувьцаагаа арилжиж, олон улсын зах зээлд гарахад чиглэж байна.
Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 32-р нүүр


