Дэлхийг аврагчид

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдсэн улс үндэстнүүд газрын доройтлыг тэглэх асар том зорилго дор ам тангараг өргөөд буй билээ. Энэ хүрээнд 2030 он гэхэд дэлхий нийтээрээ 1.5 тэрбум га газрыг нөхөн сэргээнэ. Энэ амлалт биелэх эсэх нь дэвшүүлсэн шийдэл болоод шийдлийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгөөс ихээхэн шалтгаална. НҮБ-ын мэдэгдсэнээр цөлжилт, газрын доройтлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Гэвч одоогийн хөрөнгө оруулалт 77 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Зөрүү нь 278 тэрбум ам.доллар. Энэ бол асар том зөрүү. Басхүү амлалтаа биелүүлэхэд тулгарч буй хамгийн том сорилтуудыг нэг юм. Тиймээс газарт чиглэсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд дэлхий нийтээрээ сэтгэлгээгээ өөрчлөхөөс бүх зүйл эхэлнэ.

Эх газраа нөхөн сэргээх нь зардал бус хүн төрөлхтний аз жаргал, амар тайван амьдралын төлөөх хөрөнгө оруулалт юм. Эдийн засгийн хувьд ч үр ашигтай хөрөнгө оруулалт. Үүнийг бид нийтээрээ ойлгож ухамсарлах ёстой. Тогтвортой газрын менежментэд зарцуулсан нэг ам.доллар тутамд 7-30 ам.долларын өгөөж бий болдог гэсэн тооцоолол ч бий. Газрыг нөхөн сэргээх, түүнд хөрөнгө оруулах нь хэн бүхэнд хамаатай сэдэв. Засгийн газар, хөгжлийн банкууд, санхүүгийн байгууллагууд, институцийн хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, буяны байгууллагууд, энгийн иргэн Дорж, Дулмаад ч энэ сэдэв хамаатай. Дэлхийг аврах санхүүжилтийн тогтолцоонд дээр дурдаагүй бас нэгэн хүчтэй оролцогч бий. Энэ бол бизнесийн талбарынхан юм. Тэд газраас үнэ цэн бүтээж, үр ашиг хүртдэг.

B4L -ийн үндсэн үүрэг нь хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар газар, хөрс, усны тогтвортой менежментэд бодлогын таатай орчин бүрдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх юм

Газраас хамааралгүй бизнес гэж нэгээхэн ч үгүй. Гэвч газрын нөхөн сэргээлтийн төлөөх дэлхийн санхүүжилтийн ердөө зургаан хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Чамлахаар чанга атга гэдэг ч газар болоод бизнесийн хувь заяа үүрд мөнх харилцан хамааралтайг санаж, эх дэлхийгээ аврах үйлсэд бизнесийнхний оролцоог нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой арга зам юм. Газрыг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх тогтолцоонд дэлхий нийтээрээ амжилттай шилжихэд хувийн хэвшил зайлшгүй чухал үүрэгтэй. Тиймээс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 197 тал шилжилтийг хурдасгах зорилгоор Business for Land (B4L) санаачилгыг бий болгоод байна.

B4L гэж юу вэ?

B4L нь газар, усны тогтвортой менежментэд хувийн хэвшлийг татан оролцуулах санаачилга юм. Өөрөөр хэлбэл, Конвенцыг хэрэгжүүлэх гол хөдөлгүүрүүдийн нэг нь B4L гэж ойлговол зүйд нийцнэ. B4L нь компаниуд болон санхүүгийн байгууллагуудтай хамтран газрын доройтол, гантай холбоотой эрсдэлийг удирдах, эдийн засгийн шинэ боломжийг ашиглахад анхаарч ажилладаг. Мөн хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар газар, хөрс, усны тогтвортой менежментэд бодлогын таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх нь B4L -ийн үндсэн үүрэг юм. B4L-ийн үйл ажиллагаа дараах гурван тулгуурт суурилдаг.

1.      Үнэ цэнийн сүлжээ

Компаниуд үйл ажиллагаа болон үнэ цэнийн сүлжээнийхээ хэмжээнд зорилт тогтоож, байгальд ээлтэй туршлагыг нэвтрүүлэн, үзүүлж буй нөлөөллөө ил тод тайлагнахыг дэмжинэ. B4L нь газрын асуудлыг олон улсын стандартуудад тусгуулах, төрийн болон хувийн хэвшлийн зохицуулалтын хүрээг уялдуулах зорилгоор дэлхийн олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Түүнчлэн компаниудыг байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагааны арга барил нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэдний чадавхыг бэхжүүлэхэд голлон анхаардаг.

2.      Санхүүжилт

Газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэртэй байдлыг дэмжих тогтвортой санхүүгийн шийдлүүдийг бий болгох нь B4L-ийн үйл ажиллагааны бас нэгэн үндсэн чиглэл. Энэ хүрээнд тогтвортой хөдөө аж ахуй, усны хүртээмж, байгальд суурилсан шийдлүүдийг санхүүжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Ганд тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын санг хөгжүүлж байна.

3.      Бодлогын нөлөөлөл

B4L нь бодлогын зохистой орчны төлөө дуу хоолойгоо нэгтгэх индэр болдог. Тодруулбал, B4L Цөлжилттэй тэмцэх конвенцын Талууд болон олон улсын талбарт бодлогын нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан газар, ус, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. 2026 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр B4L дээд түвшний бодлогын нөлөөллийн шинэ бүтэц болох Champions’ Council буюу Манлайлагчдын зөвлөлөө танилцуулсан. Тус зөвлөлд бүс нутаг, салбарыг төлөөлсөн бизнесийн удирдагчид багтдаг бөгөөд Монгол Улсаас Монголын Бизнесийн Зөвлөлийн дэд дарга Б.Бямбасайхан гишүүнээр ажиллаж байна.

B4L-д хэрхэн нэгдэх вэ?

Хувийн компаниуд B4L-ийн гишүүнээр элсэж, тогтвортой үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрээ танилцуулах, шаардлагатай арга хэрэгсэлд нэвтрэх, санаачилгын бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход оролцох боломжтой. Харин B4L-ийн зүгээс бизнесийн байгууллагуудыг газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой үүрэг амлалт өгөхийг уриалдаг. Конвенцын ажиглагч байгууллага болох сонирхолтой байгууллагууд дараах хоёр үе шаттайгаар хүсэлт гаргана.

1.      Тусгай маягт бөглөж B4L-ийн гишүүн болох

2.      НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Бизнес ба үйлдвэрлэлийн ажиглагчдын бүлэгт магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах боломжтой. Мөн B4L@unccd.int хаягаар холбогдох нь сонирхсон хүн бүрд нээлттэй.